top of page

Юваль Ной Харари “Sapiens Хүн төрөлхтний товч түүх”

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Nov 6, 2023
  • 5 min read

Updated: Jan 23



Sapiens Хүн төрөлхтний товч түүх номын тэмдэглэл

Юваль Ной Харари

Израил зохиолч Юваль Ной Хараригийн 2010 онд бичсэн “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” ном нь хүн төрөлхтөн хэрхэн үүссэн тухай антропологийн шилдэг бүтээл бөгөөд хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон хүний хүсэмжлэн унших бүтээл болж, борлуулалтаараа ч олон улсад тэргүүлсэн байдаг. Тэр бүү хэл, зохиолч нэр алдартай нэгэн болж, олон нэвтрүүлэгт оролцож, сурвалжилга өгсөн. Уг номын араас цуврал болгон “Homo Deus Маргаашийн товч түүх”, “XXI зууны 21н сургамж” номууд гарсан нь ч мөн хэдэн сая хүний шимтгэн унших бүтээлийн жагсаалтын тэргүүнд мөн бичигдэх болжээ.

Юваль Ной Харари Сапиенс, Хомодеус, XXI зууны 21н сургамж

Зохиолч эхний “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” номд бидний тухай бичсэн. Уншиж эхлэх даруйд л, биднийг шүүмжлээд байна уу даа, бид чинь байгаль дэлхий, хүрээлэн буй орчин, амьтан ургамалтай зүй бусаар харьцдаг, эвдэн сүйтгэдэг, байлдан дарангуйлдаг, уг үндсээр нь устган үгүй хийдэг яасан ч муу муухай төрөл вэ гэсэн бодол төрнө. Тэгээд удаагүй байтал, хэрэв бид тэгээгүй бол яах байсан бол оо гэсэн бодолд хөтлөгдөн, номд яригдаад буй устан үгүй болж, олон сая жилийн дараа хэн нэгэн, эсвэл аль нэгэн ухамсарт төрөл ухаж гаргаж ирээд судлах зүйл болгох байсан биз. Үүний дараагаар амьд үлдэхийн (survive) тулд үйлдлээ хийж, араатан хоорондоо идэш тэжээлийн төлөөх өрсөлдөөн дундах хатуу ширүүн байгалийн шалгарлын хүчийг давсан нь гайхалтай. Тийм ч болоод хүн төрөлхтөн өнөөдрийн оргилд хүрч, бөмбөрцгийг эзэгнэх болж, дээд төрөлд өөрсдийгөө тооцон амьдарч байгаагаа зөвтгөх сэтгэл төрнөм. Ингээд л дээш доош савлах сэтгэгдэл, төрсөн бодол маань хөвөрч энэ мэт амьдралд хандах хандлагын эцсийн зогсоол маань бидний бүтээсэн өнөөгийн ертөнцөд хэдийн зохицохоо больсон мэт санагдсан билээ.


Иймийн учир номын талаар товчхон тэмдэглэл хөтлөв. Товчхондоо бол номд бидний түүхийг өгүүлэх ба хүн эзгүй талаар гүйхээс эхлээд машин жолоодох болтлоо хэрхэн хөгжсөн, шашин шүтлэг, зан заншлыг хэрхэн бий болгосон, бусад зургаан төрлийн хүнийг ялан дийлж устгасан, хов жив гэдэг зүйл хүний хувьд чухал зүйл болохыг хошигносон өнгө аястайгаар бичжээ. “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” ном нь танин мэдэхүйн хувьсгал, хөдөө аж ахуйн хувьсгал, хүн төрөлхтний нэгдэл, шинжлэх ухааны хувьсгал гэсэн дөрвөн том бүлэгт хуваагддаг. Үнэхээр ч эдгээр хувьсгалаар хүн төрөлхтний түүх тодорхойлогддог. Бүлэг бүрийн цаад санааг нарийвчлан, дэлгэрүүлэн тайлбарласан дөрвөөс зургаан хэсэгтэй.



Танин мэдэхүйн хувьсгал

Танин мэдэхүйн хувьсгал гэх эхний бүлэгт 70’000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн хэрхэн хөгжиж, хүний долоон төрөл, тэр дундаас неандертальчууд болон бусад сапиенсийн төрөл зүйлээс юугаараа ялгагдаж байсан, дэлхийг захирч эхэлсэн тухай тайлбарладаг. Хомо Сапиенс гэдэг нь "мэргэн хүн" гэсэн утгатай аж. Үнэхээр ч хүний тархи биеийн хэмжээтэй харьцуулахад 2-3 хувийг эзэлдэг ч гэлээ, энергийн 25 хувийг ашигладаг хачирхалтай бүтэц. Эхний бүлэг Байдаг л нэг амьтан, Танин мэдэхүйн мод, Адам Ева хоёрын амьдралын нэг өдөр, Үер гэж нэрлэсэн хэсэгтэй.

Хөдөө аж ахуйн хувьсгал

Хөдөө аж ахуйн хувьсгал гэх хоёрдугаар бүлэгт 10’000 жилийн тэртээ анчин байсан хүн хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх болсон талаар тайлбарлана. Ингэсний үр дүнд хүн илүү их ажиллаж, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон ч үүний хажуугаар өвдөхөөс эхлээд олон янзын шинэ асуудалтай нүүр тулсан байдаг. Гэсэн хэдий ч, хүний хувьд өөрчлөлтүүд нэг дор биш бага багаар гарсан тул анзаарах сөхөөгүй байсан бололтой. Хоёрдугаар бүлэг нь Түүхэн дэх хамгийн том луйвар, Пирамид байгуулсан нь, Ой санамжийг хэт ачаалсан нь, Түүх шударга биш хэмээсэн хэсгүүдийг агуулна. Пирамид байгуулсан нь хэсэгт эртний Египетчүүдийн нэгэн адил ихэнх хүмүүс пирамид барихад амьдралаа зориулдаг байна. Зүгээр л нэг соёлоос нөгөөд шилжихэд пирамидын нэр, хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдсөн бололтой. Хүний тархи биологи, амьтан судлал, нийгмийн мэдээллийг санахдаа илүү сайн байдаг атал тоог бүртгэх, бичих нь цоо шинэ түвшинд хүргэсэн, хүний сэтгэхүйг үнэхээр өөрчилсөн зүйл байсан талаар Ой санамжийг хэт ачаалсан нь хэсэгт бичжээ.


Хүн төрөлхтний нэгдэл

Хүн төрөлхтний нэгдэл гуравдугаар бүлэгт 500 жилийн өмнө дэлхийн өнцөг бүрд соёл бүрэлдэн бий болж, улс орон үндэстэн бүр өөр өөрийн үүрэгтэйгээр хувь нэмэр оруулсан талаар сонирхолтойгоор буулгажээ. Энэ бүлэгт Түүхийн сум, Мөнгөний үнэр, Эзэнт гүрний хараа, Шашны хууль, Амжилтын нууцын талаар хүүрнэн өгүүлнэ.


Шинжлэх ухааны хувьсгал

Харин сүүлийн Шинжлэх ухааны хувьсгал бүлэг нь хамгийн олон хэсэгтэйн зэрэгцээ уншигч миний хувьд сонирхол ихэд татсан. Орчин цагийн сүүлээр Европын орнууд дэлхийд ноёрхож эхэлж, үүнд капитализм, католик шашин, шинжлэх ухааны гүйцэтгэсэн үүргийн талаар бичжээ. Мунхгийн нээлт, Шинжлэх ухаан, эзэнт гүрэн хоёр, Капиталист номлол, Аж үйлдвэрийн хүрд, Том хувьсгал, Тэгээд амар сайхандаа жаргасан, Хомо сапиенсийн төгсгөл гэсэн гарчигтай хэсгүүдтэй. Ойролцоогоор 4 тэрбум жилийн турш организм бүр хувьслын дагуу хөгжсөн байтал, сүүлийн хэдхэн арван жилд хүн төрөлхтөн интелектээ ашиглан хөгжиж эхлэв. Улмаар генийн инженерчлэл ахисан түвшинд хүрч бид байгалийн шалгарлын хуулийг зөрчих боломжтой болжээ. Тиймээс дараагийн шатанд хүн төрөлхтний түүхэнд биологи, технологийн хөгжил гарахаас гадна хүний ухамсар, мөн чанар өөрчлөгдөх бололтой.


Шилдэг бүтээл тул уншиж дуусаад надад юу үлдэв хэмээн эргэцүүлэв. Мэдээж түүх, гарал үүсэл, хүний зан байдлын талаар олон талын мэдлэг, мэдээлэл олж авсан. Хамгийн чухал нь номоос авсан сургамж байлаа. Тодруулбал, жижиг гэж чамлалгүй алхам алхмаар урагшлах. Зохиолчийн хэлсэнчлэн эргэн тойронд хүмүүстээ өөрийн санаа бодлоо ойлгуулж, тэднийг нэгэн зорилгоор нэгтгэхийн тулд сапиенс түүх ярихын чухлыг онцолсон. Тиймээс миний хийж чадах эхний алхам бол найз нөхөд, гэр бүлээсээ эхэлж тэдэнд өөрийгөө илүү сайн ойлгуулах явдал юм. Үүнээс гадна миний хувьд аливаа зүйлийг байгаагаар нь харах байлаа. Хүн хийсвэрлэн сэтгэх чадвартай тул компани, төр, тэр бүү хэл эрх чөлөө гэх ойлголтыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн хувьсгалаас хойш хүн төрөлхтөн бие махбодын байдал ба төсөөлөл гэсэн хоёрдмол бодит байдалд амьдарч иржээ. Төсөөлөл, хийсвэрлэл нь бидний салшгүй хэсэг болсон мэт боловч зарим зүйлийг уг гарлыг судлах, учир холбогдлыг ойлгох нь энд хэлээд буй байгаагаар нь харах билээ. Энгийн мэт боловч юуны төлөө, ямар учраас, яах гэж оршин байгаагаа, нэгэнт л байгаа бол учир утгатай байх талаар хэлэх гэсэн юм. Түүнчлэн, аз жаргалтай байх талаар бодол. Буддизм аз жаргалыг 2000 гаруй жилийн турш судалж, энэ талаарх олон үзэл бодлыг шинжлэх ухаантай хуваалцдаг. Гол санаа нь аз жаргал гадаад ертөнцөөс бус бие махбод дахь үйл явцын үр дүнд бий болдог гэжээ. Би бол миний мэдрэмж бус, мэдрэмж бол зүгээр л тусдаа зүйл хэмээн хүлээн авбаас учрыг нь олох, өөрийгөө ойлгоход дөхөм санагдав.


Номыг зөвхөн би сонирхоод байна уу гэж ухан бодтол үгүй бололтой. Философи, антропологи, хувьслын сэтгэл судлалыг сонирхдог хэн бүхэн, хүн хоорондын харьцаанд амжилтад хүрэх гэсэн нэгэн, эсвэл энгийн сайхан яриа өрнүүлэх сэдэв болно. Харин юуны учир би сонирхоод байна вэ гэж өөрөөсөө асуун, уншигч юунд зорьж байгаатайгаа нийцүүлэн номоос хэрэгтэйгээ олж авах боломжтой юм байна гэж өөртөө хариулав. Тиймээс ч олон олон хүнийг байлдан дагуулж, тэд ч унших болсон байх.


Эцэст нь хэлэхэд хөгжилтэй, хачирхалтай, сонирхолтой ном. Түүх, шинжлэх ухаан, антропологи, гүн ухаан, шашин шүтлэгийн талаар ойлголтуудыг өгөх хичээл мэт, нөгөөтээгүүр судлаачийн өнцгөөс таамаглал дэвшүүлж нотлох гэсэн оролдлого гэлтэй. Тухайлбал хомо сапиенс хэрхэн хөгжсөн талаар Үржлийн онол ба Орлуулах онол байдаг талаар таамаглал байдаг ч бодит байдал нь энэ хоёр онолын хослол байж магадгүй юм.


Товчхондоо тодорхой бичсэн нь гээсэн дутуугүй санагдана. Уншигч би шүүмжилж болох бол номын зарим хэсэгт бодит факт, судалгаа шинжилгээний дүгнэлтээс илүүтэйгээр, сонирхолтой байлгах үүднээс реторик ашигласан явдал байсныг хэлмээр байна.


Хэдийгээр номын тэмдэглэл гэж гарчигласан ч би өөрт төрсөн сэтгэгдлээ үлдээсэн бололтой. Зохиолчийн дараагийн ном удалгүй гарч би ч ихэд олзуурхан уншиж билээ.

Ж.Танан

Сапиенс Хүн Төрөлхтний Товч Түүх номын тэмдэглэл



1 bình luận

Đã xếp hạng 0/5 sao.
Chưa có xếp hạng

Thêm điểm xếp hạng
Khách
25 thg 12, 2024
Đã xếp hạng 5/5 sao.

.

Thích

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page