Нийгэм дэх засаглал, шударга ёсны мөн чанарыг ойлгоход “Rule of Law” ба “Rule by Law” ялгаа маш чухал юм.
“Rule of Law” буюу эрх зүйд захирагдах ёс
“Эрх зүйд захирагдах ёс” үзэл баримтлалын дагуу эрх баригч, төрийн түшээд, хүн бүр хуульд захирагдана. Нийгэмд эзлэх байр суурь харгалзахгүйгээр хуулийг тууштай, шударгаар мөрддөг байх ёстой гэж үздэг. Эрх зүйд захирагдах үед хууль эрх зүйн тогтолцоо нь тэгш байдал, шударга ёсны зарчимд тулгуурлаж, төр нь хувь хүний эрх чөлөөг дээдэлж, иргэний эрх, нэр төрийг хамгаалж ажилладаг. Түүнчлэн, хууль нь ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой, иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой гэсэн утга санааг агуулдаг. Ингэснээр, хуулиар төрийн эрхийг тогтоох буюу эрх зүйд хязгаарлагдсан засаг бий болгож, хараат бус шүүхийн хяналтад засгийн бүхий л үйл ажиллагааг оруулна. Хууль бүхнээс дээгүүр хэдий ч, зөрчигдөж болохгүй зарчмуудад үндэслэсэн байна.
“Rule by Law” буюу хуульд захирагдах ёс
“Хуульд захирагдах ёс” гэдэг нь хууль тогтоомжийг эрх баригчдын зүгээс шударга ёсны зарчмыг баримтлахгүйгээр хяналтын хэрэгсэл болгон ашиглахыг хэлдэг. Ийм тогтолцоонд засгийн газар, эрх баригч элит нь шударга ёсыг сахих, хувь хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэйгээр, эрх мэдлээ хадгалах, эсэргүү үзэл бодлыг дарах зорилгоор хууль баталж, хэрэгжүүлдэг. Хууль байгаа хэдий ч, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо, хуулийг сонгон хэрэглэх буюу төрд хуулиас давсан эрх мэдэл төвлөрнө. Хуульд захирагдах ёс нь дарангуйлал, авлига, үндсэн эрх, эрх чөлөөг алдагдуулж болзошгүй.
Товчхондоо, “эрх зүйд захирагдах ёс” гэдэг нь хууль бүгдэд тэгш үйлчлэх, шударга ёсыг төлөвшүүлэх тогтолцоог илэрхийлдэг бол, “хуульд захирагдах ёс” нь эрх мэдэл бүхий хүмүүсийн ашиг тусын тулд хуулийг хэрэгсэл болгон ашиглахыг хэлнэ.
“Rule of Law” | “Rule by Law” | ||
Хуулийг дээдэлнэ | Төр засаг, түүний албан тушаалтнууд бүгд хуульд захирагдана. Энэ зарчим нь засгийн газрын үйл ажиллагаа, бүх үйлдлийг хуулийн хяналтад байлгах замаар эрх мэдлээ дур зоргоороо хэрэгжүүлэхээс сэргийлдэг. | Хуулийг хяналтын хэрэгсэл болгон ашиглана | Эрх мэдэл бүхий хүмүүс эрх мэдлээ хадгалах, эсэргүүцлийг дарах зорилгоор хуулиудыг хяналтын хэрэгсэл болгон ашигладаг. Гол зорилго нь шударга ёсыг сахиулах, хувь хүний эрхийг хамгаалах бус, харин одоогийн эрх мэдлээ хадгалах явдал. |
Хуулийн өмнө эрх тэгш байна | Нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээ, улс төрийн нөлөөллөөс үл хамааран хуулийн хэм хэмжээнд захирагдана. | Хуулийг сонгож хэрэглэнэ | Хууль нь цаасан дээр байж болох ч эрх баригч дэглэмд заналхийлж буй улс төрийн өрсөлдөгчид, цөөнхийн бүлэг, эсвэл хувь хүмүүст үйлчлэх зорилгоор сонгон хэрэгжүүлдэг. Хуулийг сонгож хэрэглэх нь хууль ёсны байдлыг алдагдуулж, шударга бус явдлыг хавтгайруулна. |
Процесс шударга ёсны зарчимд үндэслэнэ | Хуулийн үйл явц шударга, ил тод, тууштай байх баталгаа болно. Шударга шүүхээр шүүлгэх, хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлүүлэх эрх эдэлнэ, гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдоно.
| Хариуцлагагүй байдал газар авна | Эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль зөрчсөн төрийн албан тушаалтан, удирдлагуудтай хариуцлага тооцохгүй байх нь элбэг. Эрх мэдэлтэй хүмүүсийг үйлдлийнхээ үр дагавраас хамгаалахын тулд хууль эрх зүйн механизмыг өөрчилж эсвэл тойрч болно. |
Хууль ойлгомжтой, хүртээмжтэй, урьдчилан таамаглахуйц байна | Иргэдэд хуулийн талаар тодорхой ойлголтыг өгөх ёстой. Хувь хүмүүст өөрсдийн эрх, үүргээ ойлгох, үндэслэлтэй шийдвэр гаргах, түүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөх боломжийг олгоно. | Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөнө | Зарчмын зөрүүтэй үзэл бодлыг хуулиар дарах, улс төрийн оролцоо, иргэний эрх чөлөөг хязгаарлах зорилгоор хууль тогтоомжийг ашигладаг тул үндсэн эрх, эрх чөлөөг алдагдуулж болзошгүй. Хүний эрхийг зөрчиж, айдас, дарангуйллын уур амьсгал бий болно. |
Ж.Танан
#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрийнОнол #RuleOfLaw #RuleByLaw #ЭрхЗүйдЗахирагдахЁс #ХуульдЗахирагдахЁс #ШударгаЁс #ЭрхЧөлөө #ХуульДээдлэхЁс #ЭрхМэдлийнХуваарилалт #ХүнийЭрх #ИргэнийЭрхЧөлөө #ХараатБусШүүх #ШударгаШүүх #ХуулийнӨмнөЭрхТэгш #ХуулийнШударгаБайдал #ЗасаглалынХяналт #ЭрхЗүйнТогтолцоо #ХуульСонгонХэрэглэх #Авлига #ЭрхМэдлийнХэтТөвлөрөл #Дарангуйлал #ТөрийнХяналт #Ардчилал #ХуулийнХүртээмж #ХүнийҮндсэнЭрх #ЭрхМэдлийнУрвуулалт #ПроцессынШударгаЁс #НийгмийнТэгшБайдал #ЭрхЗүйнБаталгаа #ХуульТогтоомж #ТөрийнШударгаБайдал #НийгмийнДархлаа #ХуулийнХяналт #ХүнийНэрТөр #ХариуцлагатайЗасаглал #НийгмийнҮйлчилгээ #УлсТөрийнХариуцлага #ЭрхМэдлийнЗүйБусАшиглалт #ИргэнийОролцоо #ТогтвортойХөгжил #ЭрхЗүйБолонШударгаЁс
.