Юваль Ной Харари “Homo Deus Маргаашийн товч түүх”
- Ж.Танан
- Nov 14, 2023
- 4 min read
Updated: Jan 23
Энэ тэмдэглэлийг эхлэхийн өмнө бичиж үлдээмээр санагдсан нэг зүйл нь анх номыг уншиж байхад хүн төрөлхтний том дайсан халдварт өвчнийг бид даван туулсан, эм эмчилгээ, анагаах ухаан хөгжсөн талаар өгүүлдэг. Гэтэл яг энэ асуудал хоёрхон жилийн өмнө хаалга тогшилгүй гэрт дахин орж ирсэн байдаг. Мөн дайн байлдааны талаар, хоморголон бие биеэ устгахаа больсон, хүйтэн зэвсэг хэрэглэх асуудал хол хойно хоцорсон сэтгэгдэл төрж байтал хөрш гүрэн маань сонгодог утгаар нь танктай, буутай дайн дэгдээсэн байдаг. Энэ мөчид зохиолчийн зарим санаатай мэтгэлцмээр санагдаж билээ.
“Sapiens Хүн төрөлхтний товч түүх” эхний номыг уншиж дуусаад зохиолч Юваль Ной Хараригийн талаар сонирхон өгсөн ярилцлагыг сонсож байтал тэрээр олон нийтийн сүлжээ ер ашигладаггүй хэмээн дурдаж билээ. Би хэрэв түүний адил фейсбук, инстаграм хэрэглэхгүй бол яах вэ гэж бодов. Мэдээж минималист амьдралын хэв маягтай, тодорхой зорьсон зүйлдээ хазайлгүйгээр хүрэх байх. Гэхдээ ном маань маргаашийн түүх, технологийн дэвшил, ололт амжилт, ирээдүй биш гэж үү? Үүнээс гадна зохиолч веган хүн, тиймээс ч тэрээр өмнөх номдоо хөдөө аж ахуйн салбар, амьтдын харгислалыг буруушаасан аж. Өмнөх номоос гүн сэтгэгдэл үлдээсэн Буддын шашны үзэл санаа нь түүний сүсэг бишрэл, бясалгал хийдэгтэй холбоотой байжээ.
Энэ тэмдэглэлд номоос гол сургамж санааг иш татаж, өөрийн бодлыг ч зэрэгцүүлэн бичив. Зохиолч Хараригийн 2016 онд хэвлүүлсэн энэхүү ном нь өмнөх ном болох хүн төрөлхтний түүхийн товч тоймын үргэлжлэл бөгөөд одоо цагаас эхэлж, хүн төрөлхтний ирээдүйн талаар таамаг дэвшүүлжээ. Тэрээр түүхэн хөгжлийн явцад хүн төрөлхтөн зонхилох, тэргүүлэх төрөл болсныг харуулсан бөгөөд өнөөдрийн бидний амьдралыг ямар түүх тодорхойлдог вэ, цаашдаа хөгжихийн тулд ямар саад бэрхшээлийг даван туулах ёстой вэ гэх асуултад хариулт өгөхийг оролдсон байна. Homo Deus нь латинаар ба homo нь хүмүүн, харин deus нь бурхан гэсэн утгатай ба ирээдүйд хүн-бурхан биднийг орлох аж.
Эхэлж бичсэнчлэн, тахал өвчин, дайн, үүн дээр нэмээд өлсгөлөнг хүн төрөлхтөн давж гарсан, хяналтдаа байлгаж чадсантай мэдээж санал нийлэхгүй байгаа болно. Түүхэнд, хор хөнөөл учруулсаар ирсэн өмнөх асуудлаа шийдээгүй цагт шинэ зүйлийг түр ч болов хүлээлгэж болдог сон болоосой. Гэхдээ тоо баримт ашиглан тайлбарласан нь зохиолч өөрийн зоригтой мэдэгдлийг батлаад буй. Тухайлбал, дайн байлдаанаас илүү амиа хорлож, өлсгөлөнгөөс илүү таргалалт, ядуурлаас илүү хөгшрөлтөөс болж үхэх магадлал өндөр гэжээ. Тиймээс л, тэрээр "Үүнээс хойш юу болох вэ?" гэсэн дараагийн асуултаа тавьсан байгаа юм.
Номоос үндсэн гурван санааг олж харлаа. Нэгд, хүмүүс мэдээлэл солилцож, мэдлэг дамжуулах тал дээр хамтран ажиллаж, нэг бүхэл болж чаддаг учраас төрөл зүйлүүд дотроо давамгайлах болсон. Хоёрт, бүхний дээр хүмүүнлэг байх шаардлагатай. Гуравт, бидний сонголтоос хамааран ирээдүйд алгоритмууд хүнийг орлож чадах бололтой. Ингээд эдгээр санааг илүү дэлгэрүүлье.
Эхний санаа нь хамтран ажиллах чадвартай тул хүн төрөлхтөн хувьслын уралдаанд ялалт байгуулсан талаар. Үүний хамгийн тод жишээ нь дэлхийн олон улсад олон сая хүмүүс ардчилсан сонгуулиар тэргүүнээ сонгодог явдал юм. Үг хэллэг, харилцаа бий болсон цагаас хойш хүмүүс түүх ярих замаар мэдээллээ өөр хоорондоо солилцож, мэдлэгээ дамжуулах үүд нээгджээ. Зохиолч дундад зууны үед католик шашны загалмайтны аян дайн Европын олон үндэстнийг нэгтгэсэн талаар тайлбарлажээ. Энэ түүх нь хэр олон хүнд хамааралтай болохыг, үүнээс хамааран хийсэн үйлдэл нь ямар үр дагавар авчирсан талаар бид эргэцүүлэн дүгнэдэг. 1000 жилийн тэртээх Загалмайтны аян дайн нь шашны нөлөөтэй, сүсэг бишрэлтэй цөөн хүмүүст хамааралтай байсан. Харин өнөөдөр шинэ эрин үед хүмүүсийг хөдөлгөгч хүч нь юу болж, бид үүнийг юугаар орлуулсан юм бол?

Үүнээс дараагийн буюу хүмүүнлэг үзэл нь бүхний дээр байх санаа урган гарна. Интернэтийн ачаар хүмүүс богино хугацаанд орон зайг үл харгалзан мэдээлэл солилцож тухайн бүс нутагт л хамааралтай байсан явцуу үзэл халагджээ. Дэлхий даяар олон янзын шашин, улс төрийн хөдөлгөөн, итгэл үнэмшил оршдог ч эдгээрийн дээр хүмүүнлэг үзэл ноёрхож байна. Хүмүүнлэгийн олон хувилбарууд байдаг бөгөөд хүндэтгэлтэй хандах нь чухал боловч либерализм хамгийн түгээмэл сонголт болжээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, дэвшил, технологи, танин мэдэхүйд итгэж, гол цөм нь хүн болж, хүний эрх чөлөөг дээдлэх болсон.

Ингээд ирээдүйн түүхийн талаар асуулт ургаж, сонголтоо өнөөдөр л зөв хийхгүй аваас алгоритмууд биднийг орлоно гэсэн удаах санааг гаргажээ. Компьютер гэх зүйлийг зохион бүтээснээс хойш бидний амьдралын томоохон хэсэг болж, аливаа даалгаврыг гүйцэтгэхэд илүү хялбар, цаг хугацаанд хэмнэлтэй, тэр хэмжээгээр үр дүнтэй болов. Үүнээс үүдэн, алгоритмууд бидний ирээдүйн нэг хэсэг хэдийн болсон тул асуудлын гол нь цаашид бид хэрхэх тухай юм. Зохиолч ойрын ирээдүйд бидний амьдралд сонголт хийх техно-хүмүүнлэг байдал буюу өөрөөр трансхуманизм гэх эхний хандлага болон датаизм гэх хоёр дахь хандлагыг онцолжээ. Бид трансхуманизмыг сонговол өөрсдийн чадавхыг дээшлүүлэхийн тулд технологитой нэгдэж, алгоритмын хүчийг дагаж мөрдөх болно. Энэ нь цэргийн технологи, спорт, эрүүл мэндийн салбарт аль хэдийн илэрч, биднийг хүн болгодог бусдыг өрөвдөх, энэрэнгүй хандах, нинжин сэтгэлээс татгалзахыг уриалж буй мэт. Харин датаизмыг сонговол бидний оролцоогүйгээр алгоритмууд бие даан хүчирхэгжиж, уран зөгнөлт Матрикс кино болох бололтой. Хүн төрөлхтөн эдгээр замаас алийг нь ч сонгосон бай бидний амьдрал нэг хэвийн уйтгартай байхгүй нь лавтай аж. Миний бодлоор хүмүүнлэг байдал болон хиймэл оюун ухаан, технологийн хослол ирээдүйг арай гэгээлэг харах сонголт байж магад.

Зохиолч, профессор, фичюрист Юваль Ной Харари нь шинжлэх ухаанд үндэслэслэлтэй аргументуудыг дэвшүүлж, жишээ сэлт авч хоорондоо уялдаа холбоотой дүр зургийг бий болгожээ. Энэхүү ном нь хил хязгаарыг давахгүй байхыг анхааруулсан, сэрэмжлүүлсэн өнгө аястай тул гуниг төрүүлэхийн зэрэгцээ харанхуй бараан, түгшүүртэй. Зохиолчийн бичиж үлдээсэн бүхэнтэй санал нийлэхгүй байгаа ч бүтээлээс суралцах зүйл их байгаа нь дамжиггүй. Дэлхийн түүхийн хичээлийн тойм, ирээдүйн талаар эргэцүүлэх сэдэв, хөгжил, ололт амжилтын сөрөг талыг ухаарахад тусална. Тиймээс хүний өнөөгийн байдлын талаар илүү сонирхолтой санаа авахыг хүсэн “XXI зууны 21н сургамж” номыг уншихаар шийдсэн билээ.
Эцэст нь, судлаачийн өнцгөөс харахад тоон буюу өгөгдөл, тоо баримтад суурилсан судалгаатай харьцуулахад энэ бүтээл нь чанарын судалгааг дараагийн түвшинд гаргасан байна. Мэдээж чанарын судалгааны тоо мэдээлэлд дүгнэлт өгөх, дүрслэх, тайлбарлах арга аргачлалуудыг ашигласан, харин миний хэлэх гэсэн зүйл маань зохиолч эдгээрээс давж, номдоо бичсэн шиг дэвшүүлсэн таамгаа хиймэл оюун ухаанаар магадлалыг тооцоолуулж баталгаажуулсан мэт санаагаа буулгажээ. Түүний ретроспектив бодлогын судалгаа шинжилгээ нь нийгэмд бодитойгоор оршиж байгаа асуудлыг шийдэх хувилбарт арга замууд, хандлагуудыг харуулж, бидэнд оновчтой сонголтыг алдаа мадаг багатай, стандарт хазайлтгүй хийх зорилгыг агуулсан болно.
Ж.Танан

#LawyerBirdie #ХуульчШувуухай #НомынТэмдэглэл #ЭрхЗүйнБлог #ЮвальНойХарари #HomoDeus #ХүнТөрөлхтнийТовчТүүх #ИрээдүйнТүүх #ХиймэлОюунУхаан #Трансхуманизм #Датаизм #ХөгжлийнОлолтАмжилт #ТехнологийнДэвшил #Авлига #ДэлхийнТүүх #ХүнийЭрх #ШинжлэхУхааныҮзэлБаримтлал #НийгмийнӨөрчлөлт #АмьдралынУтгаУчир #Философи #ИрээдүйнТехнологи #Алгоритм #МэдлэгДамжуулах #ХүмүүнлэгҮзэл #ХүнийХөгжлийнГарц #ШинэТөрлийнШинжлэхУхаан #ХХIЗууныСургамж #ХүнТөрөлхтнийТүүхийнАсуудлууд #ХүнийАмьдралынУтга #ШударгаЁс #НийгмийнХэмХэмжээ #Философи #АмьдралынЗорилго
.
Сүпэр