Хоригдлын эрүүл мэнд
- Б.Дайриймаа
- Jan 5, 2024
- 6 min read
Updated: Mar 9
Дэлхий нийтээрээ шоронгийн хоригдлын эрүүл мэндийн асуудалд төдийлөн анхаарахгүй байна. Хорих ангид хоригдлын эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг. Жишээлбэл, шоронгийн агааржуулалт муу, орон зай давчуу, ус болон ариун цэврийн байгууламж хангалтгүй, хоригдлын хоол тэжээлийн дутагдал зэргийг дурдаж болно.
Сүүлийн үеийн судалгаа тайлангуудад, халуун орны Мальдив улсад хоригдлыг гэрэл, агааржуулалт муу, сэнсгүй шоронд хорьж, сард нэг удаа нэг цаг гаргадаг тухай дурджээ. Түүнчлэн, Сальвадор улсын зарим шорон усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй шаардлага хангаагүй; Тайланд улсад шоронд гэнэтийн шалгалт хийхэд гал тогоонд хугацаа дууссан хүнс, хоёр шоронд нянгаар бохирдсон, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ундны ус хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Шоронд хоригдож буй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Дэлхий даяар шоронд хоригдож буй хүмүүсийн хувьд зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь хамгийн том бэрхшээлүүдийн нэг хэвээр байна. Тухайлбал, Турк улсын Хүний эрхийн нийгэмлэгийн (İnsan Hakları Derneği) мэдээлснээр хоригдлын тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл учруулж байна гэжээ. Хоригдол эмчид үзүүлэхийн тулд хүлээх шаардлагатай болдог. Жишээлбэл, өндөр хөгжилтэй Австрали улсад хоригдол эмчид үзүүлэхэд 8 долоо хоног хүлээх нь хэвийн үзэгдэл байна.
Шоронгийн эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ
Улс орон, бүс нутгаас хамаарч шоронгийн эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ өөр өөр байдаг хэдий ч ихэнх шоронгийн хувьд эмнэлгийн ажилтнууд дутмаг байдаг. Ялангуяа, Төв Африкийн бүгд найрамдах улсад эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчин хүрэлцээгүй аж. Уганда улсад шоронд эмч, сувилагч байдаггүй, харин эмнэлгийн тусламжийг хэсгийн эмч үзүүлдэг байна. Иран улсад 3000 хоригдолтой шоронд 24 цагт ганц л ерөнхий эмч үзлэг хийдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны тайланд Европын 36 орны шоронд хоригдож буй 1000 хүнд 36.4 эрүүл мэндийн ажилтан ногдож байна гэжээ. Энгийн иргэдтэй харьцуулахад олон сувилагч байсан ч шүдний эмч хамаагүй цөөн буюу 1000 хүнд энгийн иргэдийн хувьд 6.2, хоригдлын хувьд 1.4 шүдний эмч ногддог байна.
Хоригдлын халдварт өвчин
НҮБ-ын 2022 оны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад шоронд байгаа хүмүүс ХДХВ-ийн халдвартай байх магадлал нийт хүн амын дундах насанд хүрэгчдээс 5 дахин их байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт шоронгийн хүн амын дунджаар 3 гаруй хувь нь ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. ХДХВ-ийн халдварын тархалтыг бүс нутгаар нь авч үзвэл, Зүүн болон Өмнөд Африкт 12 хувь байгаа бол, 2022 онд Замби улсад 21 хувь, Зимбабве улсад 35 хувьд хүрсэн байна. Гэсэн хэдий ч эмчилгээний хамрах хүрээ муу хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хорих ангиудад ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан тухай мэдээлжээ. Эмчилгээнд хамрагдсан 41 орны дотор 7 улс 35 хувиас бага, 14 улс 95 хувиас дээш хамрагдсан байна.
Дэлхийд анх удаа 2022 онд хоригдлын эрүүл мэндийн асуудлаар бага хурал зохион байгуулжээ. Уг хурлаар хорих ангид хэвтэн эмчлүүлэх, үзлэгт хамрагдаагүй, идэвхтэй тохиолдлуудыг илрүүлээгүй, хориг арга хэмжээг дагаж мөрддөггүй, эмчилгээ болон эмнэлгийн боловсон хүчин хангалтгүй, урам зориг өгөх болон бусад төрлийн сургалт зохион байгуулдаггүй, эмнэлгийн ажилтнуудад тавих хяналт сул, түргэн тусламжийн үйлчилгээ хүртээмжгүй зэрэг асуудлыг хөнджээ.
Шоронгийн хоригдлуудын дунд элэгний С вирусын тархалт
Сүүлийн үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх талаар эерэг алхмууд гарч байна. Энгийн иргэдийн элэгний С вирусын тархалт 0.7 хувьтай, харин шоронд 6 хувь байна. Англи улсад эрүүл мэндийн үйлчилгээ, хувийн хэвшил, буяны байгууллагууд хамтран элэгний С вирусийн илрүүлгийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Мөн АНУ-ын Жоржиа мужид 2011-2014 онд хорих байгууллагад гепатит С вирусийн эмчилгээг үнэ төлбөргүй хийснээр, 2014-2021 оны хооронд 98.7 хувь нь эдгэрсэн байна. Молдав улсад сүүлийн 20 гаруй жил зүү тариурын хөтөлбөр хэрэгжүүлснээр, 2012-2021 онд хорих ангиудад В болон С вирусийн халдварын тархалт 13.1 хувиас 1.6 хувь, 8.6 хувиас 3.6 хувь болж тус тус буурчээ.
Хоригдлын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу зарим улс орнуудад хорих анги хариуцсан яам болон эрүүл мэндийн яам нь хоригдлын эрүүл мэндийн асуудлыг хариуцаж байна. Кувейт улсад 1954 оноос хойш хоригдлын эрүүл мэндийн асуудал нь эрүүл мэндийн яамны харьяанд байсан бол Норвеги улс 1960 онд хоригдлын эрүүл мэндийг хууль зүйн яамнаас салгасан байна. Үүнийг бусад улс орнууд, тэр дундаа Англи, Уэльс, Финланд, Португал зэрэг улс хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд буюу 2023 онд Казахстан улсад цагдан хорих асуудлыг бүхэлд нь Эрүүл мэндийн яам хариуцдаг болсон.
ДЭМБ-ын судалгаагаар хорих ангиудад эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, мэргэжлийн стандартыг мөрддөг хэдий ч шоронгийн ажилтнууд эмнэлгийн үйлчилгээг үл тоомсорлосон хэвээр байна. Харин Европын 8 оронд эрүүл мэндийн яам нь хариуцдаг тул эдгээр зөрчил харьцангуй бага байна.
Сэтгэцийн эрүүл мэнд
Шоронд хоригдож байгаа хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд харьцангуй муу байдаг. АНУ-ын шоронд хоригдож буй хүмүүсийн 43 хувь нь нэг болон хэд хэдэн сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон бөгөөд дөнгөж 26 хувь нь шоронд орсноосоо хойш эмнэлгийн тусламж авсан байна. Европын зөвлөл болон сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөлийн бүс нутгийн судалгаагаар хорих ангиудад сэтгэцийн эмгэгийн тархалт асар их буюу 0-80 хувь гэжээ. Судалгаанд хамрагдсан улс орнуудын 90 орчим хувь нь хорих ангиудад сэтгэцийн эрүүл мэндийн талаар үндэсний хэмжээний бодлого баримталдаг бол, зөвхөн 74 хувь буюу 31 улсад хорих ангийн ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулдаг гэсэн байна. Шорон дахь эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар судалгааг хийсээр байна. Англи улсад эмнэлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд шоронд хоригдож буй өндөр настай эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 20 гаруй хувь, эрэгтэйчүүдийн 8 хүрэхгүй хувь нь сэтгэл гутралын оноштой байжээ.
Эрэгтэй болон эмэгтэй хоригдлыг сэтгэцийн эрүүл мэнд
Испанийн Каталони хотод 2020 онд шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийн 51 хувь, эрэгтэйчүүдийн 37 хувь, хорих ангийн нийт хоригдлын 16.5 хувь нь түгшүүртэй байжээ. Эрэгтэйчүүд шизофрени өвчнөөр өвчлөх нь өндөр бол, шоронд хоригдож буй эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн хувьд хувийн зан чанарын эмгэг, сэтгэл гутралын тархалт их байна. Шотланд улсын засгийн газрын судалгаагаар эмэгтэйчүүдийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн байдал, өөрийгөө гэмтээх нь шоронд байгаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгааг тогтоожээ.
COVID-19 тахлын хоригдлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөө
Шинээр хийгдсэн судалгаагаар хорих ангиудад COVID-19 тахлын нөлөөгөөр сэтгэцийн эрүүл мэндийн хямрал улам дордож байгааг илрүүлжээ. Англи, Уэльс улсын судалгаанд хамрагдагсдын 85 хувь нь хорио цээрийн үеэр нэг өдөр шоронд хоригдож буй 3 хүн тутмын 1-ээс илүү нь гэмтлийн дараах стресс өндөр байгааг илтгэх "хүнд түгшүүрийн эмгэг"-ийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд 2/3 нь хөл хорио цээрийн үед сайжирсан гэхээсээ илүүтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муудсан гэж мэдэгджээ.
Хорих ангиуд дахь сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан боловсон хүчин
Хорих ангиудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсон хүчин хангалтгүй байсаар байна. Шинэ Зеланд улсад 2023 оны 1 дүгээр сарын байдлаар хорих ангиудад байгаа сэтгэлзүйн болон дунд зэргийн эрчимтэй нөхөн сэргээх 76 хөтөлбөрөөс 21 нь боловсон хүчний хомсдолын улмаас хойшлогдсон буюу зогссон байна. Европ дахь шоронгуудад сэтгэлзүй ба дунд зэргийн эрчимтэй нөхөн сэргээх хөтөлбөр 1000 хүн тутамд 1.3 ба 1.4 тус тус байгаа нь сэтгэцийн эмч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Сүүлийн үед хорих ангийн ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндийн хямралд орсон хүмүүсийг тусламж авах хүртэл, эсвэл удаан хугацаагаар тусгаарлах арга хэрэглэж байгаа талаар мэдээлжээ. Сэтгэцийн өвчтэй хоригдлуудын хувьд тухайн хүний сэтгэцийн эмгэгийн улмаас тушаал биелүүлэх боломжгүй, тэр байтугай юу болоод байгааг ойлгох чадваргүй тул шоронгийн ажилтнууд цочроох буу, чинжүүний шүршигч зэрэг зэвсгийг хэрэглэж байсан байна.
Хоригдлуулын хөнгөвчлөх болон амьдралын төгсгөлийн эмчилгээ
Шоронд хоригдож буй өндөр настнуудын хувьд нас барсан, нас барах дөхөж буй хүмүүсийн тоо дэлхийн зарим оронд ихсэж байна. Энэ нь шоронд ахмад настнуудтай холбоотой бэрхшээлүүд, тэр дундаа хөнгөвчлөх болон нас барсан үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ үүсэж байна гэсэн үг юм.
Европын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний нийгэмлэгээс 2021 онд Европын 8 улс, Австрали улсын хорих ангиудад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Шоронд байгаа өндөр настнуудын тоо нэмэгдэж байгаа хэдий ч харьцангуй цөөн хорих ангид хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ. 9 орноос зөвхөн Англи улсад л зарим сонгогдсон хорих ангиудад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг шорон байдаг. Үүний нэгэн адил, нас барах үеийн тусгай тусламж үйлчилгээ түгээмэл биш боловч сүүлийн үед зарим санаачилгууд гарч наад зах нь өндөр хөгжилтэй орнуудад ийм үйлчилгээг хөгжүүлэх чиг хандлагатай болсныг харуулж байна.
Зарим улс оронд өршөөл үзүүлэх байдлаар шоронгоос суллах механизм хэрэгжүүлж байна. Гэвч энэ механизмыг хэрэгжүүлэхэд “нас барахад ойрхон” гэдэгт шалгуур шаардлага тавихад бэрхшээлтэй байна. Тухайлбал, Мексик улсад ахмад настан, эдгэршгүй өвчтэй хүмүүсийг суллах зорилготойгоор Ерөнхийлөгч зарлиг гаргадаг байна. АНУ-ын хууль тогтоомжид дөрвөн жилийн өмнө эдгэршгүй өвчтэй буюу хөгширсөн хүмүүсийг холбооны шоронгоос суллахад туслах заалтууд тусгагдсан ч, төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Тус улсад 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын хооронд ирүүлсэн өршөөлөөр суллах хүсэлтийн 80 хувьд татгалзсан хариу өгсөн ба гол төлөв улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор шоронгоос суллахыг хойшлуулсан байна.
Дүгнэлт
Дэлхий даяар хоригдлын эрүүл мэндэд хангалттай хэмжээгээр анхаарч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гэтэл миний бодлоор хүний сэтгэл гэдэг зүйл агуу хүчтэй байдаг. Монголчууд "Биеийн хүчээр нэгийг дийлнэ, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ" гэж хэлдэг. Тиймээс зөвхөн хоригдол төдийгүй, хорих ангиудад ажиллаж буй албан хаагчдын сэтгэл зүйд онцгой анхаарах нь чухал гэж бодож байна.
Өнөөгийн нийгэмд энгийн иргэд хүртэл стресс ихтэй, түүнийгээ тайлах арга хайх, олон зүйлийг туршиж үзэх аргыг эрэлхийлж байна. Тэгтэл эрхээ хязгаарлуулсан, хасуулсан иргэдийн сэтгэл санаа тогтворгүй, итгэж найдах ар гэрийн дэмжлэг хэр их байдаг нь бас л эргэлзээтэй. Тиймээс, хорих ангид сэтгэл зүйч ажиллуулж, тэдэнд ярилцах, сэтгэлээ нээх, улмаар тухайн хүнд ойлгож ухаарах, зөв болох сэжүүр дэм хэрэгтэй болов уу.
Б.Дайриймаа
Хоригдлын эрүүл мэнд

#ХоригдлынЭрүүлМэнд #ШүүхийнШийдвэрГүйцэтгэх #GlobalPrisonTrends #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Хоригдол #АмьдралынТөгсгөлийнЭмчилгээ #ХөнгөвчлөхЭмчилгээ #СэтгэцийнЭрүүлМэнд #ХалдвартӨвчин #Ковид19 #ШоронгийнАгааржуулалт #ШоронгийнОронЗай #ШоронгийнУндныУс #ШоронгийнАриунЦэврийнбайгууламж #Шорон #ХоригдлынХоолТэжээлийнДутагдал #ХоригдлынХоолХүнс #ШоронгийнЭмч #ШоронгийнЭмнэлгийнАжилтан #ШоронгийнСэтгэлЗүйч #ШоронгийнШүднийЭмч #ДОХ #ХДХВ #РетроВирус #ЭлэгнийСВирус #ЭлэгнийВВирус #ХоригдлынЭрүүлМэндХариуцсанТөрийнЗахиргааныБайгууллага #ХоригдлынСэтгэцийнЭрүүлМэнд #СэтгэлГутрал #Шизофрени #ХувийнЗанЧанарынЭмгэг #ӨөрийгөөГэмтээх
1 Comment