top of page

“Braveheart” кинонд Хүний эрхийн талаар юу өгүүлдэг вэ?

  • Writer: Ж.Анарбат
    Ж.Анарбат
  • Mar 20
  • 7 min read


“Braveheart” (1995)[1] уран сайхны кинонд Уильям Уоллес “Эрх чөлөө!” хэмээн цуурайтуулан хашхирдаг нь хүний эрхийн мөн чанар, үнэ цэнийг эргэцүүлэхэд хүргэнэ. Тэрхүү агшин зөвхөн нэг хүний бус, бүхэл бүтэн үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцлийг илэрхийлж, өнөө цагт хүний эрхийн үзэл баримтлалтай хэрхэн холбогдох талаар бодоход хүргэдэг.


Хэрэв энэ үйл явдал орчин үед өрнөсөн бол олон улсын эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авах байсан бэ? Энэхүү нийтлэлд “Braveheart” киноны талаар товч мэдээлэл өгөөд, өрнөж буй түүхэн үйл явдал, эрх чөлөөний төлөөх тэмцэл нь орчин үеийн хүний эрхийн талаарх ойлголт болон олон улсын эрх зүйтэй хэрхэн уялдаж байгаа талаар бичив.


Эхэлж киноны тухай товчхон мэдээлэл өгье. “Braveheart” бол 13 дугаар зуунд Шотландын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг өрнүүлж буй үндэсний баатар Уильям Уоллесын (William Wallace) тухай өгүүлсэн түүхэн кино юм. Мел Гибсон тус киноны найруулагчаар ажилласан ба гол дүрийг бүтээсэн бөгөөд Хатан хаан Изабеллагийн (Princess Isabella) дүрд Софи Марсо, Роберт Брюсийн (Robert the Bruce) дүрд Ангус Макфадьен, I Эдуардын (Longshanks) дүрд Патрик МакГуэхан, Хунтайж Эдуардын (Prince Edward) дүрд Питер Ханли тоглодог.


Кино нь Английн хаан I Эдуардын хатуу дарангуйлал, Шотландын ард түмний эрх чөлөөний хязгаарлалт, боолчлолд автсан байдлыг дүрслэн эхэлдэг. Уильям бага насандаа Англичуудын халдлагын улмаас гэр бүлээ алдаж, хилийн чанадад өсөж, боловсрол эзэмшин, насанд хүрснийхээ дараа эх нутагтаа эргэн ирнэ. Тэрээр хайрт бүсгүйтэйгээ учирч, түүнтэйгээ нууцаар гэрлэнэ. Учир нь Английн хаан I Эдуард Шотландын ард түмнийг дарамтлах зорилгоор харц гаралтай бүсгүйчүүдийг Английн цэргүүдтэй хүчээр нөхцүүлэх “Эхний шөнийн эрх” (Jus Primae Noctis)[2] гэх хууль гаргасан байв. Энэ хуулийг зөрчсөн нь түүний эхнэрийг хэрцгийгээр хөнөөх шалтгаан болж, үүнээс үүдэн Уильям эргэлт буцахгүй сэтгэл шулуудан Шотландын эрх чөлөөний төлөөх тэмцлийн бослогыг тэргүүлнэ.


Уильям Уоллес Шотландын ард түмнийг нэгтгэж, Английн эсрэг бослого гаргаж, хэд хэдэн тулалдаанд ялалт байгуулна. Шотландын язгууртнуудад хандаж, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалдаг ч тэдний зарим нь Английн хаанаас газар, алт, хөрөнгө, хэргэм зэрэг авсан байдаг тул түүнийг хуурч мэхлэн урвана. Үүний улмаас Уильям баригдаж, Лондонд Английн шүүхээр яллагдаж, хэрцгийгээр цаазлуулна. Цаазлуулах мөчид тэрээр “Эрх чөлөө!” хэмээн хашхирч, Шотландын ард түмэнд эрх чөлөөний төлөө тэмцэх сүүлчийн уриалгаа илгээдэг билээ.


Киноны төгсгөлд түүний үхэл дэмий хоосон зүйл байгаагүйг батлан харуулдаг ба энэ үйл явдлаас хэдэн жилийн дараа Шотландын армийг Роберт Брюс удирдан, Английн эсрэг Баннокбёрны тулалдаанд (1314) ялалт байгуулснаар англичуудыг Шотландаас хөөн гаргажээ.


“Braveheart” кино нь эрх чөлөө, эх оронч үзэл, шударга ёсны төлөө тэмцэх хүний хүсэл зоригийг тод томруун харуулдаг. Уильям Уоллесын тэмцэл бол ердөө нэг хүний хувь заяа бус, харин бүхэл бүтэн үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцэл байсныг онцолсон юм.


Мөн кинонд эрх чөлөөний төлөө тэмцлээс гадна, шударга ёс, төрийн дарангуйлал, урвалт, эх оронч үзэл гэсэн сэдвүүдийг хүчтэй тусгасан. Тийм ч учраас, түүний “Эрх чөлөө!” гэсэн эцсийн үг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг болж, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ.


Кино нь Шотландын түүхэн үйл явдлууд дээр суурилсан боловч зарим хэсэг нь уран сайхны хэтрүүлэгтэй, түүхийг гуйвуулсан байдаг. Тухайлбал, Английн хаан I Эдуард “Эхний шөнийн эрх” хуулийг хэрэгжүүлсэн мэтээр дүрсэлсэн нь түүхэн үндэслэлээс илүүтэйгээр драматик үйл явдал өрнүүлэх зорилготой байв.


Изабелла Уильям нарын харилцаа цэвэр зохиомол юм. Бодит түүхэнд Францын гүнж Изабелла тухайн үед ердөө 10 настай байсан бөгөөд Английн хаан II Эдуардтай гэрлэхээсээ өмнө Уильямтай огт уулзаж байгаагүй. Тиймээс тэдний хооронд романтик холбоо байсан гэх нь зохиомол нь ойлгомжтой.


Роберт Брюсийн уяман өвчтэй эцгийн дүрээр Шотландын язгууртнууд Английн талд орсныг харуулдаг ч бодит байдал дээр тэрээр Английн хааны үнэнч дэмжигч байсан гэдэг нь бүрэн батлагдаагүй. Тэр бүү хэл уяман өвчтэй байсан гэх баталгаа байхгүй. Харин Роберт Брюс Уильямын бослогод анхнаасаа идэвхтэй оролцоогүй нь үнэн юм.


Киноны тулаануудын ихэнх нь бодит түүхэн тулалдаанууд дээр суурилсан ч, тэдгээрийн дүрслэлүүд нь илүү уран сайхны шийдэлтэй. Тухайлбал, киноны төгсгөлд Баннокбёрны тулалдаан гарах боловч бодит байдал дээр Уильям Уоллесын үхлээс хойш 9 жилийн дараа болсон байдаг. Харин Шотландын дайчид нүүрээ цэнхэр будгаар будаж, дайсандаа өгзгөө харуулан үл хүндэтгэлийн дохио үзүүлдэг байсныг зарим эх сурвалж баталдаг. Үүнийг эртний Кельт, Пикт овог аймгийн[3] дайтах ёс заншилтай холбоотой гэж үздэг байна.


1996 онд “Braveheart” кино нь Оскарын шагналын 10-н төрөлд нэр дэвшиж, шилдэг кино (Best Picture), шилдэг найруулагч (Best Director), шилдэг киноны зураглал (Best Cinematography), шилдэг хөгжим (Best Sound Effects Editing), шилдэг нүүр хувиргалт (Best Makeup) гэх 5-н шагнал хүртсэн юм.


“Braveheart” киноны үйл явдлыг орчин үеийн олон улсын эрх зүй болон хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйтэй хэд хэдэн үндсэн зарчмаар холбож болно.


  1. Өөрийгөө тодорхойлох эрх (Right to Self-Determination)

Уильям Уоллесын удирдсан Шотландын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь өнөөгийн өөрийгөө тодорхойлох эрх гэсэн олон улсын эрх зүйн зарчимтай тохирно. Энэ эрх нь НҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын[4] 1 дүгээр зүйлд "Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтөй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтөй хөгжүүлнэ." гэж заасан.


  1. Дайны хууль ба дайны гэмт хэрэг (Laws of War & War Crimes)

Кинонд Английн арми энгийн иргэдийг олноор нь хөнөөж, хэрцгийгээр хандаж буйг дүрсэлдэг. Орчин үед ийм үйлдлүүд нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, тэр дундаа Женевийн конвенцүүдийн [5] [6 ] [7] дагуу дайны гэмт хэрэгт тооцогдоно. Хэдийгээр эдгээр хууль Уильямын үед байгаагүй ч, иргэдийг хамгаалах, олзлогдсон хүмүүстэй хүнлэг харьцах нь өнөөгийн олон улсын эрх зүйн үндсэн зарчим болжээ.


  1. Дарангуйлал, дарлалаас ангид байх эрх (Prohibition of Tyranny & Oppression)

Английн хаан I Эдуард Шотландын ард түмнийг дарлан мөлжиж байгаа нь колоничлол, албадмал засаглал, үндэсний дарлалын жишээ болж байна. Энэ нь НҮБ-ын 1960 оны "Колони улс, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглал"-д тусгагдсан олон улсын эрх зүйн зарчимтай нийцнэ.


  1. Шударга шүүхээр шүүлгэх эрх ба хууль ёсны ажиллагаа (Unfair Trials & Judicial Rights)

Кинонд Уильямыг баривчилж, хууль ёсны өмгөөлөлгүй, шударга бус шүүхийн шийдвэрээр цаазалж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Өнөөдөр ийм үйлдэл нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын[8] 10 дугаар зүйл "Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй." гэж заасан ба Олон улсын хүний эрхийн гэрээнүүдээр хамгаалагдсан хууль ёсны шүүхийн ажиллагааны эрхийг зөрчсөнд тооцогдоно.


  1. Тамлан зовоох, харгис ял шийтгэлээс ангид байх эрх (Prohibition of Torture & Inhuman Punishment)

Уильямыг шүүхийн шийдвэрээр, гэдсийг нь хүүлж, дотор эрхтнийг нь гаргаж авч, биеийг нь тэлж, толгойг нь тасдаж дээд зэргийн харгис аргаар цаазалж буй нь өнөөдрийн олон улсын эрх зүйд харгис, хүнлэг бус ял шийтгэл гэж тооцогдох байв. Энэ нь 1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-оор[9] бүрэн хориотой үйлдэл юм.


“Braveheart” бол зөвхөн нэг хүний тэмцлийн тухай өгүүлсэн биш, харин ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийг дүрслэн харуулсан хүчирхэг бүтээл юм. Уильям Уоллесын түүх бодит түүхэн үйл явдалд тулгуурласан бөгөөд түүний үлдээсэн өв, урам зориг нь одоо ч олон хүний сэтгэлд хоногшсоор байна. Хэдийгээр “Braveheart” нь түүхэн баримтад суурилсан ч мэдээж уран сайхны хэтрүүлэгтэй. Киноны үндсэн сэдэв болох эрх чөлөө, дарангуйллын эсрэг тэмцэл, ард түмэн өөрөө засан тохинох эрх зэрэг санаа нь орчин үеийн олон улсын эрх зүйн өөрийгөө тодорхойлох эрх, хүний эрхийн хамгаалалт, шударга шүүх, дайн дахь гэмт хэргүүдийн хориг зэрэг үндсэн зарчимтай нийцнэ. Хэрэв үйл явдал өнөө үед өрнөсөн бол Олон улсын эрүүгийн шүүх ийм төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хариуцлага тооцох боломжтой байх байв.


Хуульч Шувуухайн “Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжил” нийтлэлийг уншихыг зөвлөж байна.

Ж.Анарбат 

Зүүлт тэмдэглэл

[1] “Braveheart”-ыг Монголоор Хатанзоригтон хэмээн орчуулсан байдаг.


[2] “Эхний шөнийн эрх” нь латинаар Jus Primae Noctis ба тухайн нутгийн язгууртан буюу ноён нь өөрийн харьяанд байгаа шинэхэн гэрлэсэн эмэгтэйг хуримын анхны шөнө нь эзэмдэх эрхтэй гэсэн утгатай юм. Энэ нь ихэвчлэн феодалын тогтолцоотой холбогддог ба зарим уран зохиол, кинонд дарангуйллын бэлгэдэл болгон дүрсэлдэг. Гэсэн хэдий ч, бодит түүхэнд “Эхний шөнийн эрх” оршин байсан талаар хангалттай нотолгоо байдаггүй. Дундад зууны Европт албан ёсоор хэрэгжиж байсан гэх тодорхой баримт байдаггүй тул түүхчид энэ ойлголтыг ихэвчлэн домог, уран зохиолын хэтрүүлэг гэж үздэг байна.


[3] Кельт (Celts) болон Пикт (Picts) нь эртний Британи, Ирланд болон Шотландын нутаг дэвсгэрт оршин байсан уугуул овог аймгууд юм.

Кельтүүд нь төмөр зэвсгийн үеэс эхлэн (МЭӨ 1200 – МЭ 400) Баруун болон Төв Европ, Их Британи, Ирландын нутаг дэвсгэрт өргөн тархсан Европын эртний соёл иргэншилтэй ард түмэн байжээ. Тэд өөрсдийн хэл, шашин, соёлын өвөрмөц онцлогтой, олон жижиг овог аймгаас бүрдэж байв.

Кельт хэл нь өнөөдрийг хүртэл Ирланд, Шотланд, Уэльс, Бретань зэрэг бүс нутагт хадгалагдсаар байна.

Ромын эзэнт гүрний үед кельт олон овог аймгууд Ромын ноёрхолд орсон ч Шотланд, Ирланд зэрэг газар үлдсэн кельтүүд хараат бус байсаар байв.

Кельтүүд байгаль шүтлэгт шашинтай, друидүүд гэх бөө, номлогчид нь нийгэмд чухал байр суурь эзэлдэг байжээ.


Пиктүүд нь МЭӨ I-МЭ IX зуун хүртэл Шотландын хойд хэсэгт амьдарч байсан нууцлаг овог аймаг юм. Тэднийг Picti буюу будагдсан гэсэн утгатай “зураасан хүмүүс” гэж латинаар нэрлэсэн нь биеэ шивээсээр бүрхдэг заншилтай нь холбоотой байна.

Пиктүүд Ромын эзэнт гүргийн эсрэг удаа дараа тулалдаж, Хадрианы болон Антонины хэрмийг барихад хүргэсэн.

Тэд голчлон чулуу, сийлбэр бүхий дурсгалт зүйлс үлдээсэн ч бичгийн хэлгүй байсан тул түүхийн эх сурвалж хомс байдаг.

IX зуунд пиктүүд кельтүүдтэй нэгдэж, улмаар Шотландын хаант улсын үндэс суурийг тавьсан юм.


Кельтүүд болон пиктүүдийн ялгаа нь кельтүүд өргөн тархсан, бичгийн хэлтэй, харьцангуй нэгдмэл соёлтой байсан бол пиктүүд илүү хязгаарлагдмал нутаг дэвсгэрт амьдарч, нууцлаг овог аймаг байсанд оршино. Шотландын түүхэнд эдгээр хоёр аймаг чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний өв соёл өнөөг хүртэл хадгалагдсаар байна.


[4] 1966.12.16 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


[5]1949.8.12 Дайнд олзлогдогчидтой харьцах тухай Женевийн (III) конвенц. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


[6] 1949.8.12 Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай Женевийн (IV) конвенц. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


[7] 1977.6.08 Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын нэмэлт I протокол. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


[8] 1948.12.10 Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


[9] 1984.12.10 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.


“Braveheart” кинонд Хүний эрхийн талаар юу өгүүлдэг вэ?






2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 20
Rated 5 out of 5 stars.

🤩

Like

Guest
Mar 19
Rated 5 out of 5 stars.

👍

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page