top of page

Ромын Консул гэж ямар албан тушаалтан бэ?

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • May 24, 2024
  • 3 min read

Updated: Jan 20



Ромын Консул

Ромын консул (Roman) нь Ромын Бүгд Найрамдах Улс, хожим Ромын Эзэнт гүрний түүхэн тодорхой үеүдэд сонгогддог байсан хоёр дээд албан тушаалтны нэг юм.


Ромын консул

Ромын Бүгд Найрамдах Улсад консулууд дээд зэрэглэлийн магистратын үүргийг гүйцэтгэж, жил бүр томилогдоно. Эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэхээс сэргийлэх зорилгоор хоёр консулд эрх мэдлийг тэгш хуваан өгч, эрх мэдэл – хяналтын тэнцвэртэй тогтолцоог хангана.



Консулууд нь төрийн удирдлагыг хянах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сенат (Senatus), чуулганыг (Comitia) удирдах, дайны үед Ромын армийг удирдах үүрэгтэй аж. Тэд сенатыг хуралдуулах, хууль санаачлах, тогтоол гаргах зэрэг өргөн хүрээний гүйцэтгэх эрх мэдэлтэй.


Консулууд нэг жилийн хугацаатай ажилладаг байсан ч хямралын үед тэдний бүрэн эрхийн хугацааг сунгах, эсвэл дараалсан хэд хэдэн хугацаагаар томилогдоно. Гэсэн хэдий ч, эрх мэдлийг хувь хүмүүст хэт төвлөрүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд онцгой нөхцөл байдалд хязгаарладаг практик тогтсон.


Консулын албанд томилогдохын тулд нэр дэвшигчид нь Ромын иргэн байх, тооллогын шаардлагыг хангасан хөрөнгө чинээтэй байх, өмнө нь квэстор (quaestor)[1], претор (praetor)[2] зэрэг доод магистратурт ажилласан туршлагатай байх зэрэг тодорхой шаардлагыг хангана. Консулуудыг Ромын хууль тогтоох байгууллагуудын нэг болох Зуутын чуулганаас (Comitia Centuriata) сонгодоно.


Консулын алба нь Ромын улс төрийн карьерын оргилд тооцогдон, түүнийг хаших нь нэр хүндийн асуудал юм. Консулууд нь ихэвчлэн язгууртан гаралтай сенаторын гишүүд бөгөөд тэднийг төрдөө үнэнч шударга манлайлагч байх ёстой гэж үздэг байжээ.


Консулуудын хооронд санал зөрөлдөх тохиолдолд нэг нь нөгөөгийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэн үгүйсгэж болно. Онцгой тохиолдолд түр зуурын үнэмлэхүй эрх мэдэлтэй диктаторыг (dictator)[3] томилж, консулын эрх мэдлийг халж болно.


Ромын Бүгд Найрамдах Улсаас Ромын Эзэнт гүрэнд шилжсэнээр консулын эрх мэдэл, ач холбогдол өөрчлөгдсөн байна. Эзэн хаан эрх мэдлийг өөрийн гарт улам бүр төвлөрүүлж, консулууд гүйцэтгэх эрх мэдлээ алдаж, хязгаарлагдмал ёслол, бэлгэдлийн албан тушаал болж хувирчээ.


Ерөнхийдөө, Консул нь Ромын улс төрийн тогтолцооны гол хүн байсан бөгөөд Ромын Бүгд Найрамдах Улсын үнэт зүйлс, зарчмуудын хамгийн дээд илэрхийлэл байв.

Ж.Танан

Ромын Консул Зүүлт тэмдэглэл

Зүүлт тэмдэглэл

[1] Квестор (quaestores): Төрийн сан хөмрөгийг удирдах, татвар хураах, төсвийн зарлагад хяналт тавих зэрэг санхүүгийн удирдлага, хяналтыг хариуцдаг төрийн албан тушаалтан. Квесторуудыг Ромын ард түмэн сонгох бөгөөд тэдний тоо, үүрэг хариуцлага нь түүхэн цаг хугацаанд харилцан адилгүй байв. Ромын Бүгд Найрамдах Улсын эхэн үед, квесторууд санхүүгийн асуудалд голчлон анхаардаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний үүрэг өргөжиж, шүүх болон цэргийн үүрэг гүйцэтгэх болсон.


[2] Претор (praetor): Эртний Ромд шүүхийг удирдах, хуулийг тайлбарлах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хяналт тавих зэрэг янз бүрийн шүүх, захиргааны эрх мэдлийг эзэмшдэг магистрат. Эхэндээ преторуудыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүгчээр томилдог байсан ч дараа нь консулын эзгүйд мужийн захиргааг хянах, армийг удирдах зэрэг нэмэлт үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг. Ромын Бүгд Найрамдах Улс өргөжиж, өсөн нэмэгдэж буй засаг захиргааны хэрэгцээг хангахын тулд преторуудын тоо цаг хугацааны явцад нэмэгджээ.


[3] Диктатор (dictator): Эртний Ромд хямрал, онцгой байдлын үед Сенатаас томилогдох онцгой шүүгч. Бүгд Найрамдах Улсад тохиолдсон аюул заналхийллийг арилгах дээд эрх мэдлийг нэг хүнд олгох зорилгоор диктаторыг түр зуурын, ховорхон томилно (Dictatores in temporibus magni periculi creati sunt). Диктатор нь Ромд үнэмлэхүй эрх мэдлийг эзэмших бөгөөд Ромын төрийн тогтолцооны ердийн хяналтгүйгээр зарлиг гарган, цэргийн командлан, шийдвэр гаргана.


Диктаторыг Сенат болон Ромын ард түмний зөвшөөрлийн дагуу зургаан сарын бүрэн эрхийн хязгаарлагдмал хугацаатай томилно. Диктаторыг ихэвчлэн Ромын хамгийн нэр хүндтэй, чадварлаг удирдагчдын дундаас сонгох бөгөөд хямралыг даван туулсны дараа диктатор өөрөө эрх мэдлээсээ татгалзана.


Ромын түүхэн дэх алдартай диктаторын тоонд Луций Корнелиус Сулла, Юлий Цезарь нар тооцогддог ба тэд улс төрийн үймээн самуун, иргэний эмх замбараагүй байдлын үед төрийг барьжээ. Сулла МЭӨ 82 онд, дараа нь МЭӨ 81 онд хоёр удаа диктатороор томилогдсон бол Цезарь алагдахаасаа өмнөхөн, МЭӨ 44 онд өөрийгөө "Мөнхийн диктатор" хэмээн тунхагласан байдаг.




Ромын Консул





2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 10
Rated 5 out of 5 stars.

😍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page