Популизм
- Ж.Танан
- Jun 4, 2024
- 11 min read
Updated: Jan 28
Популизмын тухай ойлголт
Нийгмийн дархлаатай элит хэсгийг[1], жирийн хүмүүсийн санаа зовнидог асуудлыг үл тоомсорлодог, хөсөр хаядаг хэмээн олонд итгүүлж, хүмүүсийг татахыг эрмэлздэг улс төрийн хандлага юм. Популистууд өөрсдийгөө ард түмний хүсэл зоригийн жинхэнэ төлөөлөгч, харин элит хэсгийг авлигад идэгдсэн, хувийн ашиг сонирхолд автсан хэмээн, “ард түмэн” ба “элит” хоорондын зөрчилдөөн дээр үндэслэн олонд таалагдах уриа, байр сууриар дамжуулан улс төрийн санаа зоригоо гүйцэлдүүлдэг байна.
Популизмын зарим гол шинж, элементүүд
Эрх мэдлийг олж авах итгүүлэх аргад тооцогддог популизм нь хэд хэдэн элементээс бүрдэнэ.
Ард түмэн ба элитүүд
Популизм нь нийгмийг “ард түмэн” ба “элит” гэж хоёр бүлэг болгон талцуулдаг.
Ард түмнийг цэвэр ариун, хөдөлмөрч, ёс суртахуунтай, харин элитүүдийг авлигад автсан, нийгмээс тасарсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг гэж дүрсэлдэг.
Уриа лоозон ба хялбарчилсан мессеж
Популист удирдагчид олон нийтийн анхаарлыг татсан “Эрх мэдлийг ард түмэнд”, “Засгийг ард түмний гарт өг” гэх зэрэг ард түмний хүсэл зориг, хүчийг онцолсон уриа лоозон, энгийн мессежийг байнга ашигладаг.
Тогтолцооны эсрэг үзэл бодол
Популистууд эрх баригч байсан ч, үүнийгээ үл харгалзан, өөрсдийгөө улс төрийн байгууллагын гаднах хүмүүс гэж үздэг.
Популистууд одоо байгаа нөхцөл байдлыг эсэргүүцэж, уламжлалт улс төрд ноёрхож буй дархлаажсан ашиг сонирхлын эсрэг тэмцэнэ гэж мэдэгддэг.
Олон нийтэд хандсан шууд уриалга
Популист удирдагчид дэмжигчидтэйгээ холбогдохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, жагсаал цуглаан, шууд харилцаа холбоог ашигладаг.
Уламжлалт хэвлэл мэдээлэл, улс төрийн институтийг алгасдаг энэ хандлага нь тэдний ард түмний хүсэл зоригийн төлөөлөгч гэсэн дүр төрхийг бэхжүүлдэг.
Лидер
Популист хөдөлгөөнүүд нь ард түмний ашиг сонирхлын төлөө тэмцэгч удирдагч, лидертэй байдаг.
Популист удирдагчид дагалдагчидтайгаа шууд харилцаатай, тэдний төлөөлөгч гэж мэдэгддэг.
Үндэсний үзэл ба өвөрмөц байдал
Популист олон хөдөлгөөн үндэсний тусгаар тогтнол, соёлын өвөрмөц байдал, гаднын нөлөөг эсэргүүцэх үзэл баримтлалыг онцолсон үндсэрхэг үзлийн элементүүдийг агуулсан байдаг.
Цагаачлал, даяаршил, үндэстэн дамнасан байгууллагуудын эсрэг байр суурьтай байж болно.
Эдийн засаг, нийгмийн амлалт
Популистууд эдийн засгийн тэгш бус, нийгмийн шударга бус байдлыг арилгахын тулд өргөн хүрээтэй амлалт өгдөг.
Амлалтад ажлын байр бий болгох, нийгмийн халамж өгөх, ивээх зэрэг жирийн иргэдэд ашиг тустай мэт бусад бодлого багтаж болно.
Ардчиллын шүүмжлэл
Популистууд ард түмний жинхэнэ хүсэл зоригийг илэрхийлдэг гэж ярьдаг ч, тэдний арга барил заримдаа ардчилал, хэм хэмжээг алдагдуулж болзошгүй.
Популистууд тогтсон улс төрийн тогтолцооны хууль ёсны байдалд халдаж, ардчилсан үйл явц, институтэд итгэх итгэлийг бууруулдаг.
Популизмын хөгжил
Популизм нь цаг хугацааны явцад түүх, газар зүйн өөр өөр нөхцөл байдалд янз бүрийн хэлбэрээр үүсэж, хөгжиж иржээ.
Популизмын хөгжилд нөлөөлсөн зарим гол хөдөлгөөнүүд
XIX зуун
АНУ: “Популизм” гэдэг нэр томьёо нь XIX зууны сүүлчээр (1890-ээд он) хүчээ авч байсан АНУ-ын Популист намаас (Populist Party, People's Party) гаралтай. Энэхүү хөдөлгөөн нь тариачид, ажилчдын эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор үүссэн бөгөөд мөнгөн зоосыг чөлөөтэй үйлдэрлэн гаргах, төмөр замд засгийн газрын хяналт тавих, сенаторуудыг шууд сонгох зэрэг бодлогыг дэмжиж байв. Популист нам олон нийтээс дэмжлэг авсан ч, эцэст нь 1896 онд Ардчилсан намтай нэгдсэн байдаг.
Орос: 1860-1870-аад оны үеийн Народник хөдөлгөөнийг (“народ” ард түмэн гэсэн утгатай орос үг) популизмын анхны хэлбэр гэж үзэж болно. Народникууд нь тариачидтай нэгдэн, хөдөө аж ахуйн социализм, шинэчлэлийг сурталчлахыг эрмэлздэг сэхээтнүүд байв.
XX зуун
Латин Америк: Аргентины Перонизм нь Латин Америкийн популизмын сонгодог жишээ юм. Хуан Перон (Juan Perón) 1940-1950 онд засгийн эрхэнд гарч, ажилчин ангид хандаж, нийгмийн шударга ёс, эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн бүрэн эрхт байдлыг амлаж, “элитүүдийн эсрэг ард түмэн” гэх олонд таалагдах уриаг ашигласан байдаг.
Европ: XX зууны эхэн ба дунд үеийн Муссолинигийн Италийн фашизм, Гитлерийн үндэсний социализм зэрэг хөдөлгөөнүүд нь хэдийгээр илүү эрс тэс, үзэл суртлын хувьд ялгаатай ч, авлигад идэгдсэн элитүүдийн эсрэг ард түмний хүсэл зоригийг тавьж, хүчирхэг, төвлөрсөн удирдлагыг дэмжсэн популист элементүүдтэй байсан.
XXI зуун
Орчин үеийн популизм
Сүүлийн хэдэн арван жилд Европт янз бүрийн популист хөдөлгөөн, намууд нэр хүндтэй болж байна. Тухайлбал, Франц дахь Жан-Мари Ле Пен (Jean-Marie Le Pen), дараа нь Марин Ле Пен (Marine Le Pen) тэргүүтэй Үндэсний фронт, Итали дахь Таван од хөдөлгөөнийг (Five Star Movement) дурдаж болно.
АНУ-д 2010-аад оны Цайны намын (Tea Party) хөдөлгөөн, 2016 оны Доналд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил нь популист уриалга агуулж байсан.
Дэлхийн популизм:
Бразилд Жаир Болсонаро (Jair Bolsonaro), Энэтхэгт Нарендра Моди (Narendra Modi), Филиппинд Родриго Дутерте (Rodrigo Duterte) зэрэг удирдагчид эрх мэдлийг олж авах, хадгалахын тулд популист стратеги ашиглан, дэлхий даяар популизмыг сэргээж байна.
Популизмын хувьсал
Популизм нь өөр өөр цаг үе, бүс нутгийн нийгэм - улс төрийн нөхцөл байдалд дасан зохицож, тасралтгүй хөгжиж иржээ. Элитизмийг эсэргүүцэх (anti-elitism), олон нийтийг шууд уриалах, эрс өөрчлөлт хийх амлалтууд, тодорхой бодлого, уриа, байр суурь нь харилцан адилгүй байсан ч үргэлжилсэн хэвээр байна.
Популизм нь зүүнээс барууны үзэл суртал хүртэл улс төрийн өргөн хүрээний идеологийг хамардаг. Улс төрд үзүүлэх нөлөө нь гүн гүнзгий байж болох бөгөөд заримдаа бодлогын томоохон өөрчлөлт, улс төрийн дүр төрхийг өөрчлөхөд хүргэдэг. Тэр бүү хэл, популизм нь туйлшралыг лавшруулж, ардчилсан засаглалд саад бэрхшээл учруулж болзошгүй гэж тооцогддог.
Популизм нь олон зууны туршид дэлхий даяар төрөл бүрийн хөдөлгөөн, тэдгээрийг санаачилж, тэргүүлсэн удирдагчдын нөлөөгөөр улс төрийн хандлага болжээ. Жирийн хүмүүсийг элитүүдийн эсрэг дайчлах зорилготой, давтагдах нэг сэдэв, стратегиараа ялгарах онцлогтой байдаг.
Популизмын гол төлөөлөгчид
Популизмыг түүх, газар зүйн өөр өөр нөхцөл байдалд янз бүрийн удирдагчид, хөдөлгөөнүүд төлөөлдөг. Эдгээр удирдагчид нийгмийн элитийг эсэргүүцэх, олон нийтэд шууд хандах, ард түмний хүсэл зоригийг голчлон анхаарах гэх зэрэг популизмын шинжийг агуулсан байдаг.
Түүхэн төлөөлөгчид
Америкийн Уильям Женнингс Брайан William Jennings Bryan
XIX зууны сүүл, XX зууны эхэн үед Популист намын удирдагч, хожим нь Ардчилсан намын нэр хүндтэй улс төрч Брайан, тариачид, ажилчдын эрх ашгийг хамгаалж, free silver[2] хөдөлгөөнийг дэмжиж, империализмын эсрэг, дэвшилтэт шинэчлэлийг сурталчилж байв.
Аргентины Хуан Перон Juan Perón
1940-1970 онуудад Аргентины ерөнхийлөгч Перон нийгмийн шударга ёс, эдийн засгийн үндсэрхэг үзэл, хөдөлмөрлөх эрхийг сурталчилж, ажилчин ангийг уриалан дуудаж, Перонизмыг Аргентинд тогтвортой улс төрийн үзэл суртал болгон тогтоосон.
Орчин үеийн төлөөлөгчид
Америкийн Доналд Трамп Donald Trump
2016 оноос өнөөг хүртэл оршин буй үзэл баримтлал. Д.Трамп ерөнхийлөгч болж, төрийн тогтолцооны эсрэг “Нэгдүгээрт Америк” (America First) бодлогыг хэрэгжүүлсэн. Тэрээр олон нийтийн сүлжээгээр дэмжигчидтэйгээ шууд харилцдаг байв. Мөн цагаачлал, худалдаа, үндэсний бүрэн эрхт байдал зэрэг асуудалд анхаарлаа хандуулж, улс төрийн сонирхолгүй, хаягдсан, үл тоомсорлогдсон сонгогчдыг уриалсан.
Францын Марин Ле Пен Marine Le Pen
2010 оноос өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа үзэл баримтлал. Үндэсний жагсаалын (хуучнаар Үндэсний фронт) удирдагч Ле Пен улс төрийн намуудад сэтгэл дундуур, үндэсний онцлог, аюулгүй байдлын талаар санаа зовниж буй сонгогчдод хандан уриалга гаргаж, цагаачлалын эсрэг бодлого, үндсэрхэг үзэл, Европын Холбоог эсэргүүцэх үзэл санааг агуулсан популист мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн.
Мексикийн Андрес Мануэль Лопез Обрадор Andrés Manuel López Obrador
2000-аад онд АМЛО гэгддэг Лопез Обрадор өөрийгөө ядуусын төлөө тэмцэгч, улс төр, эдийн засгийн элитийг шүүмжлэгч гэж тодорхойлсон. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа тэгш бус байдлыг бууруулах, авлигатай тэмцэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг дэмжихэд гол анхаарлаа хандуулсан.
Бразилын Жаир Болсонаро Jair Bolsonaro
2018 оноос өнөөг хүртэл оршин буй улс төрийн хандлага. Ерөнхийлөгч Болсонаро нь үндсэрхэг үзэл дэвшүүлж, улс төрийн байгууллагыг эсэргүүцэж, популист уриа гаргасан. Тэрээр консерватив болон евангелист сонгогчдын дэмжлэгийг авсан.
Энэтхэгийн Нарендра Моди Narendra Modi
2014 оноос Модигийн удирдлага нь эдийн засгийн шинэчлэл, хүчирхэг хүний дүр төрхөөр Хинду үндсэрхэг үзэл гаргасан. Тэрээр авлигад идэгдсэн элитийн эсрэг жирийн ард түмнийг ойлгодог, төлөөлдөг удирдагчийн дүрээр танигдаж, олны дэмжлэгийг авч чадсан.
Унгарын Виктор Орбан Viktor Orbán
2010 оноос Унгарын Ерөнхий сайд Орбан цагаачлалын эсрэг, Европын холбооны нөлөөг эсэргүүцэх үндсэрхэг бодлогыг хэрэгжүүлсэн. Тэрээр даяаршил, либерал ардчилалд эргэлздэг сонгогчдод хандан, хүчээ нэгтгэх популист уриалга гаргасан.
Филиппиний Родриго Дутерте Rodrigo Duterte
2016 оноос одоо хүртэл баримталж буй үзэл баримтлал. Ерөнхийлөгч Дутерте нь гэмт хэргийн эсрэг хатуу байр суурь илэрхийлж, хар тамхины эсрэг кампанит ажил явуулж, гэмт хэрэг, авлигад бухимдсан хүмүүст чиглэсэн популист хөдөлгөөн өрнүүлэхдээ шууд, өдөөн хатгасан хэв маягаар хандаж, олон сонгогчдод таалагдсан.
Эдгээр удирдагчид дэлхий даяар популизмын олон янзын илрэлийг харуулж, тус бүр популизмыг үндэсний тодорхой нөхцөл байдалд нийцүүлэн, улс төрийн үзэл баримтлалдаа тохируулсан байна.
Ардчилал ба популизм
Ардчилал ба популизм хоёр нь зарим үзэл баримтлалын хувьд давхцаж болох ч, үүний зэрэгцээ бие биеэ эсэргүүцдэг, нарийн төвөгтэй бөгөөд олон талт юм.
Ардчилал
Ардчилал бол эрх мэдлийг ард түмэн эзэмшиж, тэр эрх мэдлийг шууд буюу сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан хэрэгжүүлдэг улс төрийн тогтолцоо юм. Ардчиллын гол онцлог нь чөлөөт, шударга сонгууль явуулах, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах явдалд оршино. Ардчилал нь олон ургалч үзлээр тодорхойлогддог бөгөөд төрөл бүрийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлж, тэр утгаараа төрийн бодлогын шийдвэрт нөлөөлж чаддаг байна. Ардчилсан институт, хэм хэмжээ нь эрх мэдлийн хуваарилалт, хяналтгүй эрх мэдэл нэг ч байгууллагад төвлөрөхгүй байхыг баталгаажуулдаг.
Популизм
Нөгөө талаас популизм бол авлигад идэгдсэн, хувиа хичээсэн элитүүдийн эсрэг ард түмний жинхэнэ хүсэл зоригийг илэрхийлдэг гэсэн улс төрийн хандлага юм. Популистууд нийгмийг “ард түмэн” ба “элит” гэсэн хоёр талд хувааж, өөрсдийгөө ард түмний ашиг сонирхлын жинхэнэ төлөөлөгч гэж үздэг. Популизм нь нарийн төвөгтэй асуудлуудыг хялбарчилж, олны сэтгэл хөдлөлийг ашиглан, дэмжлэгийг авдаг. Популизм нь ардчилсан тогтолцооны хүрээнд оршин тогтнож болох ч ардчилсан хэм хэмжээ, институтэд хүндрэл учруулж болзошгүй юм.
Ардчилал ба популизмын харьцуулалт
Олон ургалч үзэл ба мажоритар үзэл
Ардчилал: Олон ургалч үзлийг онцолж, төрөл бүрийн бүлэг, үзэл бодлыг төлөөлж, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж чаддаг. Ардчилсан тогтолцоо нь олонхын засаглалыг цөөнхийн эрхийг хамгаалахтай тэнцвэржүүлэх зорилготой.
Популизм: Ихэнхдээ олонхын хүсэл зоригийг урьтал болгодог мажоритар үзэл рүү чиглэдэг, ийн хандахдаа цөөнхийн эрх ашиг, олон ургалч үзлийг орхигдуулдаг, зарим тохиолдолд эдгээрийг огт дэмждэггүй, байх хэрэгтэй эсэх талаар мэтгэлцдэг. Популистууд олонхын засаглал, институтийг үгүйсгэж, сөрөг үзэл бодлыг хяналтад байлгахыг хүсдэг.
Институтийн хүндэтгэл ба сорилт
Ардчилал: Бие даасан шүүх, чөлөөт хэвлэл, хууль тогтоох байгууллага зэрэг хүчирхэг институтэд тулгуурлан хууль дээдлэх, засаглалын хариуцлага, ил тод байдлыг хангахад оршино.
Популизм: Эдгээр институтийг ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэхэд саад болж байна гэж үзэн байнга сорьж, доройтуулдаг. Популист удирдагчид шүүх эрх мэдлийн хууль ёсны байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж болно.
Нарийн төвөгтэй байдал ба хялбарчлал
Ардчилал: Нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлын нарийн төвөгтэй байдлыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг зөвлөлдөх, зөвшилцөх үйл явцад тулгуурлан шийдвэрлэдэг. Тиймээс дэвшүүлж, хэрэгжүүлэх бодлого нь ихэнхдээ хэлэлцээр, тохиролцооны үр дүнд бий болдог.
Популизм: Асуудлыг хялбаршуулж, тодорхой сонголт хийх хандлагатай бөгөөд нарийн ширийн зүйлийг орхигдуулсан, дутуу дулимаг байж болох шууд шийдлүүдийг санал болгодог. Популист уриа нь нийгмийг сайн (ард түмэн) ба муу (элит) хоорондын тэмцэл мэтээр дүрсэлж, сэтгэл хөдлөл ихээр агуулсан, туйлширсан байх нь олонтоо.
Дүгнэж хэлэхэд, ардчилал ба популизм аль аль нь ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг гэж ярьдаг ч арга барил, нөлөөллийн хувьд эрс ялгаатай. Ардчилал институтийн засаглал, олон ургалч үзэл, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг бөгөөд цөөнхийн эрхийг хамгаалахад олонхын засаглал чиглэж, цөөнх нь дуу хоолойтой, засаглалаа хянадаг тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой. Харин популизм нь мажоритар үзлийг онцолж, ихэвчлэн ардчилсан институтүүдийг сорьж, ээдрээтэй асуудлуудыг хоёр зүйлийн аль нэгийг нь сонгох сонголт болгон хялбаршуулдаг.
Популизмын давуу болон сул тал, SWOT шинжилгээ
Популизм нь улс төрийн аливаа үзэгдлийн нэгэн адил давуу болон сул талуудтай. Популизмын давуу тал нь олон нийтийг дайчлах, татан оролцуулах, олон нийтийн санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх, одоогийн нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварт оршдог. Гэсэн хэдий ч сул тал нь ээдрээтэй асуудлуудыг хэт хялбарчилж, нийгмийг туйлшруулж, ардчилалд заналхийлдэг. Популизмын боломжуудад бодлогын шинэчлэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах зэрэг орно. Улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал нэмэгдэх, эдийн засаг, нийгмийн эрсдэл зэрэг аюул дагуулдаг тул дурдсан боломжуудын эсрэг сөргүүлэн тавьж болно.
Популизмын нийгэм, улс төрд үзүүлэх нөлөөг SWOT шинжилгээ (Давуу тал, Сул тал, Боломж, Аюул занал) хийж, цогцоор нь харах боломжтой.
Популизмын давуу тал
Олон нийтийн оролцоог бий болгодог
Популизм нь улс төрийн байгууллага өөрсдийг нь үл тоомсорлож буй мэт санагддаг хүн амын хэсгийг идэвхжүүлж, тэднийг дайчлан, улс төрийн оролцоог нь нэмэгдүүлдэг. Жишээлбэл, сонгох эрхийг нь хассан сонгогчдыг сонгуульд уриалан оролцуулах.
Түгээмэл санаа зовоосон асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг
Популист удирдагчид эдийн засгийн тэгш бус байдал, авлига, үндэсний тусгаар тогтнол зэрэг олон нийтийн санааг зовоосон асуудлуудыг голчлон тэмдэглэж, шийдвэрлэдэг. Жишээлбэл, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийг дайснаас хамгаалах, авлигатай тэмцэх, шинэчлэлд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Статус квог[3] сорьдог
Популизм нь дархлагдсан элитүүд болон институтүүдийг сорьж, шаардлагатай шинэчлэл, илүү хариуцлагатай засгийн газар байгуулдаг. Жишээлбэл, авлигатай тэмцэх кампанит ажил, засаглалыг ил тод болгохыг уриалах.
Популизмын сул тал
Төвөгтэй асуудлуудыг хэт хялбарчилдаг
Популист уриа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн ээдрээтэй асуудлуудын шийдлийг хэт хялбаршуулж, хүчийг сулруулж, үр дүнгүй, эсвэл сөрөг үр дагавар дагуулах бодлого явуулахад хүргэдэг. Жишээлбэл, төлөвлөгөөгүйгээр эдийн засгийн хүнд асуудлуудыг хурдан шийднэ, засаж залруулна гэж амлах.
Туйлшрал ба хуваагдал
Популист хөдөлгөөнүүд нийгмийг “бид” (ард түмэн) ба “тэд” (элит) хоёрын хоорондох тэмцэл гэж үзэн улс төрийг туйлшруулж, улмаар нийгэм, улс төрийн хуваагдал, талцалд хүргэдэг. Жишээлбэл, нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж, хурцадмал байдал үүсэх.
Ардчилалд заналхийлэл учруулдаг
Популизм нь улс төрийн тогтсон процессын хууль ёсны байдалд халдаж, дарангуйлагч хандлагыг хөхүүлэн дэмжих замаар ардчилсан хэм хэмжээг алдагдуулж болзошгүй. Жишээлбэл, шүүхийн хараат бус байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдах.
Популизмын боломж
Бодлогын шинэчлэл хийдэг
Популизм нь урьд өмнө үл тоомсорлож, орхигдуулж байсан, эсвэл буруу шийдвэрлэсэн асуудлыг зөв замд оруулах шинэ бодлого, шинэчлэл хийх боломжийг бий болгож чадна. Жишээлбэл, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх.
Хариуцлагыг нэмэгдүүлдэг
Популист хөдөлгөөнүүд нь улс төрийн элитүүдийг нийт ард түмний хэрэгцээ, асуудалд хариу үйлдэл үзүүлэх, хариуцлагатай байхыг шахаж чаддаг. Жишээлбэл, улс төрийн удирдагчид болон төрийн албан тушаалтнуудад тавих хяналтыг чангатгах .
Иргэний оролцоог сайжруулдаг
Популист удирдагчдын дайчлах хүчин чармайлт нь иргэдийг улс төрийн илүү идэвхтэй болгоход хүргэдэг. Жишээлбэл, иргэдийн улс төрийн оролцоо нэмэгдэж, сонгогчид идэвхжих.
Популизмын аюул занал
Улс төрийн тогтолцоог тогтворгүй байдалд хүргэдэг
Популизм нь одоо байгаа улс төрийн тогтолцоог тогтворгүй болгож, тодорхойгүй байдлыг бий болгодог. Жишээлбэл, удирдлага, бодлогын чиглэлийг байнга сольж, засаглал ганхах асуудалд хүргэх.
Авторитаризмыг дэмждэг
Популист удирдагчид эрх мэдлийг төвлөрүүлж, ардчилсан институтийн тогтолцоог сүйрүүлж, авторитар засаглал руу халтирч болзошгүй. Жишээлбэл, удирдагчид аливаа эсэргүүцлийг хазаарлах замаар хууль тогтоох үйл явцыг алгасах.
Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах үзэл, бусад улс орноос тусгаарлалтад тулгуурласан бодлого зэрэг популист бодлого нь эдийн засгийн үр ашиггүй байдал, худалдааны зөрчилдөөн, нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй. Жишээлбэл, худалдааны дайн ба дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах арга хэмжээний үр дагаварт эдийн засаг уналт, хүндрэлд орох.
Дүгнэлт
Популизм бол нийгмийг цэвэр ариун “ард түмэн” ба авлигад идэгдсэн “элит”-ийн хоорондох тэмцэл гэж тодорхойлсон улс төрийн хандлага юм. Популистууд сэтгэл татам уриа лоозон, ард түмний хүч чадал, хүсэл зоригийг онцолсон, сэтгэл хөдөлгөх энгийн мессежийг ашиглан хүмүүст ханддаг. Тэд өөрсдийгөө улс төрийн байгууллагыг уриалан дуудаж буй гаднын хүмүүс гэж үздэг бөгөөд дэмжигчидтэйгээ холбогдохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, жагсаал цуглаан зэрэг шууд харилцааны арга хэрэгслийг ашигладаг. Популистууд ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч олонд таалагддаг лидертэй байдаг ба тэд үндсэрхэг үзэл баримтлалыг агуулсан утга санаатай үг яриа ашигладаг байна.
Популизмын давуу тал нь эдийн засгийн тэгш бус байдал, авлига зэрэг жирийн иргэдийн санааг зовоож буй асуудлыг шийдвэрлэх, хүн амын улс төрийн идэвхгүй хэсгийг үйл ажиллагаандаа татан оролцуулж, дайчлах чадварт оршдог. Популистууд одоогийн нөхцөл байдлыг сорьж, шаардлагатай шинэчлэлийг хийж, засгийг харьцангуй хариуцлагатай болгож чадна. Гэвч энэ хандлагын сул тал нь ээдрээтэй, мэргэжлийн байр суурьнаас шийдэх ёстой асуудлуудыг хэт хялбарчилж үр дүнгүй бодлого явуулах, нийгмийг туйлшруулж, янз бүрийн бүлгүүдийн хооронд хагарал үүсгэдэг. Нэмж дурдахад, популист удирдагчид ардчилсан хэм хэмжээ, институтийг алдагдуулж, ардчилсан засаглалын тогтвортой байдал, үйл ажиллагаанд заналхийлж болзошгүй.
Сүүлийн жилүүдэд популизм дахин сэргэж байгаа нь боломж ба аюул заналын аль алиныг нь илтгэн харуулж байна. Популист хандлага улс төрийн элитүүдийг үл тоомсорлож буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шахаж, бодлогын шинэчлэл хийх, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийг идэвхжүүлэх зэрэг боломжуудыг санал болгодог. Гэсэн хэдий ч популизмын аюул нь улс төрийн тогтолцоог тогтворгүй болгож, тодорхойгүй байдлыг бий болгож, дарангуйлагч дэглэм руу орох замыг нээж өгдөг. Популист бодлогоос үүдэлтэй улс хоорондын худалдааны зөрчилдөөн, дотоодын үйлдвэрлэл, дангаарших зэрэг арга хэмжээ нь эдийн засгийн эрсдэлүүдийг бий болгож, дагуулж байна.
Төгсгөлд нь "Улс төрч бүр популист байдаг уу?" гэсэн асуултыг тавивал "Тийм" гэж хариулт өгөх хүн олон байх бололтой. Улс төрч тодорхой түвшинд популист байх нь гарцаагүй мэт санагдавч, эдийн засаг, төр эрх зүйн талаар мэдлэгтэй байх нь нэн түрүүнд байх шалгуур болов уу.
Ж.Танан
Зүүлт тэмдэглэл
[1] Нийгмийн элит хэсэг / бүлэг (elite groups): Популизмын хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн институтэд тэнцвэргүй нөлөө, хяналтыг эзэмшдэг гэж үздэг нийгмийн цөөхөн боловч хүчирхэг, ихэвчлэн чинээлэг хэсгийг хэлнэ. Эдгээр бүлгүүдийг жирийн иргэдийн хэрэгцээг үл тоомсорлон, эрх мэдлээ ашиглан өөрсдийн ашиг сонирхлыг дээгүүр тавьж, хүн амыг хохироодог хэмээн буруутгадаг. Улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёлын, институтын элитүүд байж болно. Эдгээр элит бүлгүүд жирийн хүмүүсийн өдөр тутмын бодит амьдралаас хэт тасарсан, өөрсдийн эрх ашгийг хамгаалж, давуу эрхээ хадгалахын тулд ихэвчлэн хамтран ажилладаг гэж популистууд үздэг.
[2] Free silver: Мөнгийг хязгаарлалтгүйгээр мөнгөн дэвсгэрт болгохыг дэмжсэн XIX зууны сүүл үеийн Америкийн улс төрийн хөдөлгөөн. Дэмжигчид, ялангуяа тариаланчид, ажилчид мөнгөн зоосоор дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь инфляцийг бий болгож, улмаар эдийн засгийн хүндрэлийг арилгаж, өрийг төлөхөд хялбар болгоно гэж үзэж байв. Уильям Женнингс Брайан 1896 онд "Алтны загалмай" илтгэлдээ танилцуулсан үзэл баримтлал нь Популист намын гол үзэл санаа байсан. Хүн амын тодорхой хэсгийн дунд нэр хүндтэй байсан ч эцэстээ бүтэлгүйтэж, 1900 оны Алтан стандартын тухай хууль нь мөнгөн тэмдэгтийг зөвхөн алтаар баталгаажуулдаг алтны стандартыг тогтоосон.
[3] Статус кво (Status quo): Нийгэм, улс төр, шашин шүтлэг, шинжлэх ухаан, цэргийн асуудалтай холбоотой өнөөгийн байдал гэсэн утгатай латин хэллэг юм. Социологийн утгаараа статус кво гэдэг нь нийгмийн бүтэц, үнэт зүйлсийн өнөөгийн байдлыг илэрхийлдэг.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ТөрийнОнол #Популизм #АрдТүмэн #Элитүүд #Уриа #ПопулистЛидер #Populism #УильямЖеннингсБрайан #WilliamJenningsBryan #ХуанПерон #JuanPerón #ДоналдТрамп #DonaldTrump #МаринЛеПен #MarineLePen #АндресМануэльЛопезОбрадор #AndrésManuelLópezObrador #АМЛО #AMLO #ЖаирБолсонаро #JairBolsonaro #НарендраМоди #NarendraModi #ВикторОрбан #ViktorOrbán #РодригоДутерте #RodrigoDuterte #Ардчилал #ОлонУргалчҮзэл #МажоритарҮзэл #ИнститутийнХүндэтгэл #БайгууллагынСорилт #НарийнТөвөгтэйБайдал #Хялбарчлал #СтатусКво #StatusQuo #Авторитаризм #Дарангуйлал #FreeSilver #Перонизм #НародникХөдөлгөөн
😍
.