top of page
Writer's pictureЖ.Танан

Гладиатор

Updated: 7 days ago



ГладиаторЖ.Танан

Гичий Ромулус Ремус нарыг хөхүүлж буй хөшөө

Ромын эрх зүй судалж байх зуур Ром л очиж үзмээр санагдах боллоо. Энэ хүслийг минь улам бүр өдөөн, мэдсэн мэт, инстаграммаар дагадаг хуульч мэргэжилтэй нэгэн Ромд зочилж, Коллезеум[1] үзэж, тэр бүү хэл, гичий Ромулус, Ремус нарыг хооллож буй хөшөөний[2] дор зургаа хүртэл даруулсан байв.

Бүх л зам Ром руу хөтөлдөг

Яг одоо гараад Ром руу нисэхгүй ч Бүх л зам Ром руу хөтөлдөг”[3] тул тун удахгүй зочлох байх. Энэ зуур, зуны амралтын өдрүүдийн үдэш Ромын тухай дэлгэцийн бүтээлүүд үзлээ. Огт үзээгүй кино ч байв. Энэ нийтлэлд Ром, түүний агуу удирдагчид, тухайн үеийн аж амьдрал зэргийн тухай гардаг үзсэн киногоо, хийсэн судалгааны хамт буулгалаа.




2000 онд Рассел Кроу гол дүрийг бүтээж, нийтийн хүртээл болгосон, soundtrack нь хүртэл сэтгэлд хоногших бүтээл болсон кино бол мэдээж Гладиатор[4] билээ. Уран сайхны кино учир түүхийг яг таг өгүүлэхгүй ч, түүхэн үеийн хувьд киноны үйл явдал нь Ром Хаант засгаас Бүгд Найрамдах улс руу шилжихийн өмнөхөн өрнөнө.



Ромын Эзэн хаан Маркус Аврелиусын[5] сүүлчийн хүсэл нь хаант засаглал (monarchy) биш, харин иргэдийг төлөөлсөн сенатаар удирдуулсан хүчирхэг Бүгд Найрамдах улс үлдээх явдал байв. Тиймээс ч Эзэн хаан өөрийнх нь үйл хэргийг хүү нь биш, харин үнэнч цэргийн жанжин, легионуудын удирдагч, цэргүүдийнхээ дунд өндөр хүндэтгэл хүлээсэн Максимус[6] үргэлжлүүлэн, Ромыг удирдан зохион байгуулж, авч явж чадна гэсэн итгэл тээн, гэрээслэлээ түүнд хэлнэ. Харин олон жилийн турш дайн тулаан хийж, Ромыг тэлэх үйлсэд агуу хувь нэмэр оруулсан Максимус, гэр бүлдээ эргэн очиж, энгийн сайхан амьдралаар аж төрөх хүсэл тээж байгаагаа илэрхийлнэ[7].


Эзэн хаан хүсэл зоригоо бусдад хэлэхээс өмнө, түүний санааг олж мэдсэн, хүү Коммодиусынхаа[8] гарт амиа алдана. Атаархаж, хорссон Коммодиус, Максимусыг үзэн ядан, түүнийг цаазлахыг тушааж, хайртай эхнэр, хүү хоёрынх нь амийг ч мөн авна. Цаазлах даалгавар гүйцэтгэх ёстой байсан цэргүүдийг Максимус хэдхэн хормын дотор дийлж, гэр лүүгээ эцсийн хүчээ шавхан хурдлах ч, гэрийн буурин дээр хүү эхнэр хоёрынхоо шатсан цогцыг л олно. Ийн гол дүрийн баатар амьдралын утга учир, зорилгоо алдаж, итгэл, хүсэл тэмүүлэлгүй болж, цэргүүдтэй тулалдаж байхдаа авсан шархнаасаа болж халуурч, ухаангүй болсон түүнийг наймаачид олж, боол болгон авна.

 

Эзэн хаан харамсалтайгаар амиа алдахын өмнөхөн, охин Люсилиядаа хандан “Улсыг минь удирдан чиглүүлж авч явах ухаантай хэдий ч, чи минь эмэгтэй хүн юм аа” гэж хэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь тухайн үед ноёрхож байсан патриарх соёлын илэрхийлэл болно. Хэдийгээр, эмэгтэй хүн боол биш ч гэлээ, тэднийг эр нөхрийн өмч гэж үздэг байв. Гэр бүлийн бүхий л шийдвэрийг эрэгтэйчүүд гаргахын зэрэгцээ эд баялаг, өв хөрөнгө нь зөвхөн эрэгтэй агнатуудаар[9] дамждаг байв. Хэрэв залгамжлах хүүгүй бол түүний хөрөнгийг хамгийн ойрын эрэгтэй хамаатан саданд, эсвэл овгийн эрэгтэйд шилжүүлнэ. Энэ бол бичигдсэн хууль биш, харин заншлаар шийдэгддэг, уламжлал болон тогтсон, олноор бүгд дагаж мөрддөг ёс байв. Тиймээс Люсилия хэдий ухаантай, боловсролтой, тэр бүү хэл хааны удмын хүн ч гэлээ аав нь түүнийг эмэгтэй хүн учраас чадавхыг нь хүслээрээ дэмжих бололцоогүй аж.


Эртний Ром дахь эмэгтэйчүүдийн нийгмийн статус эрэгтэйчүүдийнхээс хамаагүй доогуур байжээ. Хожим Ромын Бүгд Найрамдах улсын үед бичгээр гарсан хуулийн дагуу эмэгтэйчүүдийн статус, өв хөрөнгө өвлөх асуудал өөрчлөгдөж, сайжирсан төдийгүй, өв хүлээн авахыг зөвшөөрөх болсон нь илүү шударга өв залгамжлалын ёс руу аажмаар шилжсэнийг илтгэнэ. Жишээлбэл, МЭӨ 169 оны Lex Voconia нь эмэгтэйчүүдийн өв залгамжлах эрхийг хязгаарлах анхны оролдлого байжээ. Үүнийг МЭ 9 оны Lex Papia Poppaea зөөлрүүлж, өв залгамжлалыг илүү уян хатан болгох боломжийг олгосон байдаг.


Ромын эмэгтэйчүүд, ялангуяа чинээлэг гэр бүлээс гаралтай бол, эд хөрөнгө өмчилж, бизнес эрхэлж, өв залгамжлах зэрэг хууль ёсны зарим эрх эдэлдэг байв. Гэсэн хэдий ч, тэд хууль ёсны үйлдэл хийхийн тулд tutor гэх эрэгтэй асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Lex Voconia нь эмэгтэйчүүдийг чинээлэг иргэдийн гэрээслэлд үндсэн өв залгамжлагчаар нэрлэхийг хязгаарласан боловч, тэд бага хэмжээгээр, эсвэл бусад эрх зүйн хэрэгслээр хөрөнгө өвлөн авдаг байжээ. Харин Ром дахь гэрлэлт нь гэр бүлийн эвслийг баталгаажуулах, баялгийг шилжүүлэх хэрэгсэл төдий байв. Эмэгтэйчүүд өсвөр насандаа, өв залгамжлагч төрүүлэх хүлээлттэйгээр гэрлэнэ. Manus хэмээх эрх зүйн номлолын дагуу эмэгтэйчүүд нөхрийнхөө эрхшээлд захирагддаг байсан ч, хожим Бүгд Найрамдах улсын үед үүнийг хэрэглэх явдал багасаж, эмэгтэйчүүдэд илүү тусгаар тогтнох боломжийг олгосон байдаг.


Ромын түүхэнд бүх эмэгтэйчүүд сул дорой байгаагүй гэдгийн нотолгоо болгон Эзэн хаан Августусийн[10] эхнэр Ливиа Друсилла[11] зэрэг нэр хүндтэй эмэгтэйчүүдийг нэрлэж болно. Тэд албан ёсны байр суурьгүй ч гэр бүлийн харилцаа, нөлөөгөө ашиглан улс төрийн далдуур хуйвалдаанд зөвлөх үүргийг гаргуун гүйцэтгэж, оролцоотой байжээ. Эдгээр нь тухайн үеийн нийгэм, эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн эртний Ромын жендерийн дүр зураг билээ.

 

Киноны агуулгад эргэн орохоос өмнө, хуульч болох гэж буй надад сурах бичгээс уншиж, судалж мэдсэн хэд хэдэн зүйл кинонд гарсныг онцолмоор байна. Төрийн зохион байгуулалт, төрийн дэглэмийн өөрчлөлт, цэргийн зохион байгуулалт, нийгмийн анги давхаргын ялгаа, эзэн боолын харьцаа зэргийг дурдаж болно.


Түүхэндээ, Ром Хаант засгаас Бүгд Найрамдах улс руу шилжиж, эцэст нь Эзэнт гүрэн болсон байдаг. Эдгээр төрийн дэглэм бүр нь Ромын засаглал, эрх зүйн бүтцэд өөрчлөлт авчирчээ. Бүгд Найрамдах улс нь хяналт, тэнцвэрийн нарийн төвөгтэй тогтолцоо бол Эзэнт гүрэн төрийн бүх эрх мэдлийг эзэн хааны гарт төвлөрүүлсэн дэглэм юм. Олон зууны туршид гарсан өөрчлөлтүүд нь хууль, улс төр, нийгмийн бүтэц зэрэг Ромын амьдралын бүхий л салбарт тусгалаа олж, нөлөөлсөн байдаг.


Эртний Ромд нийгэм нь патрицичууд, плебейчууд, морьтнууд, боолуудыг багтаасан нийгмийн тодорхой ангиудтай, олон давхаргатай байв. Патрицичууд улс төрийн эрх мэдлийн дийлэнхийг атгадаг элит анги байсан бол, плебейчууд жирийн иргэд, харин морьтон хүмүүс худалдаа, бизнес эрхэлдэг чинээлэг иргэд байжээ. Нийгмийн шатлалын доод хэсэгт байрлах боолууд нь ихэвчлэн дайнд олзлогдсон, өр зээлтэй, эсвэл боолчлолд төрсөн хүмүүс байна.


Ромын арми бол мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн легионы зохион байгуулалттай асар их хүч байв. Легион бүр зуутын цэргүүдийн бүлэгт хуваагдана. Цэргийн хүчийг бусад улсыг байлдан дагуулж, Ромын Эзэнт гүрнийг тэлэхээс гадна, үнэн хэрэгтээ дотоодод дэг журмыг сахиулахад ашигладаг байжээ. Плебейчуудын хувьд цэргийн алба хаах нь нийгмийн статус олж авах, хөрөнгө мөнгөтэй болох үндсэн арга зам байв.


Боолчлол нь Ромын нийгэм, эдийн засгийн салшгүй хэсэг мөн. Боолуудыг өмч гэж үздэг бөгөөд эзний зан чанараас хамааран тэдэнд хандах хандлага нь харилцан адилгүй байна. Чадварлаг эсвэл боловсролтой зарим боолууд харьцангуй давуу эрх олж, тэр бүү хэл эрх чөлөөгөө худалдаж авч чадна.


Гладиаторууд бол тулаан хийн алдар нэр, магадгүй эрх чөлөөг олж авах боломжтой боолуудын өвөрмөц хэсэг байжээ. Товчхондоо, боолуудын хувьд гладиатор болох нь эцсийн гарц, тулалдаанд эрх чөлөө олж авах боломж юм. Гэхдээ энэ нь амаргүй даваа байсан ба тэд байлдааны ур чадвараараа олныг баясгаж, удаа дараагийн тулаанд ялалт байгуулж, эзнийхээ эд баялагт ихээхэн хувь нэмэр оруулбал эрх чөлөө олж авна[12]. Эзэн хаан өршөөл үзүүлж, боолоос чөлөөлөгдсөний бэлгэдэл болгон rudis модон сэлэм өгнө.

 

Ийм rudis модон сэлмийн эзэн бол эр зориг, авхаалж самбаа, ухаан, хүч чадлаараа эрх чөлөөгөө олж авсан, киноны туслах дүр Проксимо байв. Тэрээр сайн гладиаторын эрэлд Ромын нутгийн гадна хэсүүчлэн, наймаачдаас үнэ хаялцан боолуудыг худалдан авдаг ба боолуудын нэг нь Максимус байв. Өөрийн боолуудыг хоол хүнсээр хангаж, бэлтгэл сургуулилт хийлгэн, үхлийн аюултай тулаанд бэлдэнэ. Проксимо хэдий хатуу ширүүн төрхтэй ч өөрөө гладиатор байсан тул дайчдынхаа хүсэл эрмэлзлийг ойлгоно. Гэвч гэр бүлээ алдсан, амьдралын зорилгогүй болсон, ер нь бүх зүйлд үл ойшоосон байдалтай Максимусыг байлдааны эрдмийг гаргууд, сайн эзэмшсэн ч хичээл зүтгэл гаргахгүй байгааг харж, түүнийг сайн гладиатор болгохын тулд яах ёстойг олж мэдэхийн тулд дуудаж уулзана. Ромын армийн цэргийн жанжин байсан Максимус тулаанд гарцаагүй орох ч, үзэгчдийг цусанд улааран дурлаж, сэтгэл хөдлөлөө оргилд нь хүртэл гаргаж, тэр хэмжээгээр таашаал авч байгааг буруушааж, хүн алах нь тийм ч сайхан зүйл биш гэсэн үзэл бодолтой байна. Сайтар ярилцсаны эцэст Коммодиусаас өшөө авах хүслийг нь хөшүүрэг болгон олны анхаарлыг татах замаар Ромыг байлдан дагуул хэмээн чиглүүлнэ.


Ингээд гол дүр Максимус шударга ёсны эрэл хайгуулд мордож, урвасан дарангуйлагчаас өшөө авахаар жинхэнэ гладиатор болж, Ромыг тойрсон жижиг тосгодоор эзэнтэйгээ явж удаа дараагийн хатуу ширүүн, аюул заналхийллээр дүүрэн тулаанд амжилттай оролцож, Испани эр хэмээх алдар нэрийг олж авна. Энэ зуур хаан ширээг булаан авсан Коммодиус нийгэм эдийн засгийн хямралыг мартагнуулахын тулд Ромд гладиаторуудын тулаан зарлаж[13], Максимус ч эзний хамт Ромыг зорино.

 

Эртний Ром дахь гладиаторуудын ертөнц нь эрх зүйн цогц тогтолцоонд үндэслэсэн нийгмийг удирдах улс төрийн арга хэрэгсэл байжээ. Гладиаторууд ихэвчлэн боол, дайны олзлогдогсод, эсвэл ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүд байв. Тэдний нийгмийн доогуур байр суурийг хуулийн дагуу infamis гэх ба энэ нь иргэний олон эрхийг хассан нийгмийн ангилал юм. Байгаа байдал нь доройтсон ч зарим эрх чөлөөтэй хүмүүс өр зээл, алдар нэр, санхүүгийн шагналд хөтлөгдөн сайн дураараа гладиатор болж болно. Эдгээр сайн дурын гладиаторууд тулааны тоо, бэлтгэлд тавигдах шаардлага, боломжит шагналуудыг заасан, үйлчилгээний нөхцөлийг тодорхойлсон sacramentum гэрээнд орно[14].


Гладиаторуудыг ludi gladiatorii тусгай сургуулиудад сургаж, lanistae сургагч багш нар удирдана. Проксимо ийм сургуулийн эзэн байжээ. Сургуулиуд нь гладиаторуудыг тулалдаанд хангалттай сайн бэлтгэхийн тулд хатуу зохицуулалттай, нарийн бэлтгэлийн дэглэмүүдтэй. Murmillo, retiarius зэрэг гладиаторын төрлүүд байх ба тус бүрд нь тохируулан байлдааны тусгай ур чадвар, арга техникийг хөгжүүлнэ.


Гладиаторуудын тулааныг зохион байгуулах, явуулах хэд хэдэн хуулийн зохицуулалт байжээ. Тухайлбал, Августус хааны үед батлагдсан Lex Iulia Theatralis нь олон нийтийн үзвэр, зугаа цэнгэл, тэр дундаа гладиаторуудын тулааныг зохицуулна. Энэ нь нийтийн хэв журам, ёс суртахууныг сахиулах дүрмийг тогтоохын зэрэгцээ, тулааныг хэр олон удаа хийж болох, хэрхэн санхүүжүүлж, зохион байгуулахыг заана.


Гладиаторын тулаанууд нь амфитеатруудад (amphitheatres) зохиогддог томоохон үзүүлбэрүүд байсан бөгөөд ийм дэвжээний хамгийн алдартай нь Ромын Коллезеум байв. Эдгээр үйл явдлуудыг ард түмний таашаалд нийцэхийг эрмэлздэг улс төрчид, эзэн хаад ивээн тэтгэнэ. Тэмцээний төрлүүд нь ганцаарчилсан тулаанаас эхлээд үе шаттай цэргийн тулаан (naumachiae), амьтны агнуур (venationes) хүртэл маш олон янз байжээ.


Гладиаторууд нийгмийн доогуур байр суурьтай ч мөнгө олох хэрэгсэл байсан тул тэдэнд хөрөнгө оруулж, мэргэшсэн эмч нар (medici) гладиаторуудын шархыг эмчилж, бие бялдрын тулаанд бэлэн байдлыг хангана. Үүнээс гадна, гладиаторуудын булчингийн массыг нэмэгдүүлэх, хүчтэй болгохын тулд нүүрс ус, уургаар баялаг тусгай хоолоор хангадаг байжээ.


Ихэнх тулаанд гладиаторууд үхэн үхтлээ тулалдах ч чадварлаг, зоригтой гладиаторуудыг арга хэмжээний ивээн тэтгэгчид өршөөж, амийг нь хэлтрүүлж, эсвэл үзэгчдийн магтаал сайшаалыг хүртэнэ. Тулаанд амиа алдсан гладиаторуудыг ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр зохих ёсоор оршуулж, ололт амжилтыг нь дурсан булшны тэмдэглэгээ хийдэг байв.


Гладиаторын тулаанууд нь улс төрийн суртал ухуулгын хүчирхэг хэрэгсэл болж, ивээн тэтгэгчийн хүч чадал, өгөөмөр сэтгэлийг илтгэнэ. Эдгээр үзүүлбэрүүд нь нийгмийн шатлал, Ромын нийгмийн хүч чадлыг бэхжүүлж, олон нийтийг удирдах, тэдний бослого, түрэмгийлэл, эсэргүүцлийг хянах хэрэгсэл байжээ.

 

Гладиатор кинонд харгис хэрцгий, драмын шинжтэй, нарийн эрх зүйн зохицуулалттай, нийгмийн хэм хэмжээнд захирагддаг Ромын гладиаторуудын ертөнцийг гаргуун сайн дүрсэлсэн. Хууль тогтоомж нь Ромын үнэт зүйлсийг тусгахаас гадна нийтийн дэг журам, нийгмийн шатлал, улс төрийн хяналтыг хадгалахад зориулагдсан байв.

 

Эртний Ромын эрх зүйд infamis ба capitis deminutio гэсэн нэр томьёо нь хүний эрх, нийгмийн байр сууринд чухал нөлөө үзүүлдэг эрх зүйн статусыг илэрхийлнэ. Infamis гэдэг нь нэр төрд халдсан гэж үзсэн тодорхой үйлдэл, ажил мэргэжлээс үүдэлтэй эрх зүйн болон нийгмийн нэр хүндээ алдсан хүнийг хэлнэ. Жүжигчин, биеэ үнэлэгч, гладиатор зэрэг нэр хүндгүй ажил мэргэжил эрхлэх, хулгай, залилан зэрэг тодорхой гэмт хэрэг үйлдэх, ёс суртахуунгүй үйлдэл хийсний төлөө шийтгэгдэх нь нэгнийг infamis гэж зарлахад хүргэж болно. Infamis гэж зарлагдсан тохиолдолд сонгууль өгөх эрхээ алдах (ius suffragii), төрийн албан хаах эрхгүй болох (ius honorum), эрх зүйн маргаанд гэрчээр оролцох, асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болох зэрэг эрх зүйн чадамжаа алдана. Хуулийн үр дагавраас гадна нийгмийн зүгээс гутаан доромжлолд өртөж гадуурхагдана.


Харин capitis deminutio гэдэг нь (шууд утгаараа толгойг багасгах, эсвэл эрх зүйн статусыг бууруулах гэсэн утгатай) хүний эрх зүйн байдлын өөрчлөлт, үүний үр дүнд эрх нь буурахыг хэлнэ. Энэ нь ноцтой байдлын гурван түвшнийг илэрхийлэх эрх зүйн ойлголт юм. (i) Capitis deminutio maxima гэдэг нь эрх чөлөө, иргэншлээ алдахтай холбоотой хамгийн хүнд хэлбэр. Дүрмээр бол энэ нь хүн дайснууддаа боолчлогдох, эсвэл олзлогдсон үед хуулийн этгээдийн чадвараа бүрэн алдахад хүргэнэ. (ii) Capitis deminutio media гэдэг нь хувийн эрх чөлөөгөө хадгалж байгаа ч Ромын иргэншлээ алдсан дунд зэргийн хэлбэр. Цөлөгдсөн, эсвэл өөр улсын иргэншил хүлээн авсан бол тохиолдож болно. (iii) Capitis deminutio minima нь иргэний харьяалал, хувийн эрх чөлөөнд нөлөөлөхгүйгээр гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орсон хамгийн хөнгөн хэлбэр. Энэ нь үрчлүүлэх, гэрлэх зэрэг гэр бүлийн статусаа өөрчилсөн тохиолдлуудад тохионо. Capitis deminutio нь хувь хүний болон улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хувь хүний эрх зүйн байдлын өөрчлөлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх эрх зүйн хэрэгсэл юм.

 

Ромын гладиаторуудын цалин хөлс нь тэдний ур чадварын түвшин, алдар нэр, эзэнтэй (сургагч) (lanista) хийсэн тусгай тохиролцоо зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байв. Тухайлбал, сайн дурын гладиаторууд урамшуулал, тулаан бүрийн төлбөр, ялалтын нэмэлт урамшуулал зэргийг багтаасан нөхөн төлбөрийг тодорхойлсон гэрээтэй байсан. Эдгээр гэрээг боолууд, эсвэл ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдтэй бус харин чөлөөт эрчүүдтэй л байгуулна. Шинэ эсвэл туршлагагүй гладиаторууд бага хэмжээний орлого олдог байсан бол, өндөр ур чадвартай, алдартай гладиаторууд нэг тулаанаас л хэдэн мянган сестерцитай[15] тэнцэх их хэмжээний төлбөр авдаг байжээ. Чинээлэг хүмүүс, эсвэл улс төрчид тулааныг ивээн тэтгэж, олныг хөгжөөсөн гайхалтай тоглолтуудад нэмэлт мөнгө санал болгох тул тулаанд ялсан гладиаторууд шагнал урамшуулал, бэлэг, шагналын мөнгөнөөс хувь хүртэх боломжтой байв.


Нарийвчилсан тоо баримт ховор боловч, зарим түүхэн сурвалжид гладиаторуудын хөлсний талаар тэмдэглэж үлдээжээ. Тухайлбал, Августусын эрин үеийн бичээс, баримт бичгүүдээс үзэхэд, од гладиаторууд алдар нэр, үйл явдлын цар хүрээнээс хамааран нэг тулаанд 3’000 - 15’000 сестерцийн орлого олдог байжээ. Онцгой гладиаторууд, ялангуяа олны танил бол үүнээс ч илүү өндөр орлого олох боломжтой. Жишээлбэл, Эзэн хаан Нерогийн[16] таалалд нийцсэн алдарт гладиатор Спикулус[17], мөнгө, эд хөрөнгө, боол зэрэг их хэмжээний шагнал хүртэж байсан гэдэг. Харин ердийн гладиаторуудын дундаж орлого хамаагүй бага байсан. Шинэ гладиаторууд нэг тулаанд хэдхэн зуун сестерци хүртэх бол, чадварлаг тулаач хэдэн мянгаар нь олох боломжтой байв. Гладиаторууд мөнгөн төлбөрөөс гадна үнэт металл, тансаг хувцас, хоол хүнс зэрэг үнэтэй бэлгийг авна. Эцэстээ гладиаторуудын хувьд, хөлс, орлого, хангамжаас илүүтэйгээр хамгийн том шагнал нь эрх чөлөө байжээ.

 

Максимусын хувьд цалин хөлс, урамшуулал, тэр бүү хэл, эрх чөлөө санааг нь огт чилээхгүй байсан ба үүний оронд, Коммодиусаас гэр бүлийнхээ өшөөг авах, дарангуйлагчийг унагаахад л анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр зорилгоо биелүүлэн олны анхаарлыг татаж, эцэст нь Коллезеум дэх тулааны үер Коммодиустай нүүр тулна. Максимус олон нийтийн хүндлэл бишрэлийг хүлээсэнд, хүмүүс олноороо түүнийг дэмжиж байгаад айж балмагдсан Коммодиус уур хилэнгээ барьж дийлэхгүй. Харин энэ далимыг Люсилия алдалгүй төрийн эргэлт (coup d'état) хийхэд Максимусын алдар нэрийг ашиглахаар шийднэ[18]. Тэрээр Коммодиусыг түлхэн унагаж, Бүгд Найрамдах улсыг сэргээхийн тулд Максимусын үнэнч легионуудыг ашиглахаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч Коммодиус үргэлж сонор сэрэмжтэй байж, байдал нэг л сэжигтэй байгааг мэдэрч, заль ашиглан хуйвалдааныг илрүүлнэ[19]. Хэдийгээр Максимус, Люсилия нар сайтар төлөвлөсөн ч Коммодиусын урхинд унана[20].



Бардамнал, цөхрөлд автсан Коммодиус эцэст нь Максимустай тулалдаж, олон түмэнд ноёрхлоо нотлохоор шийднэ. Коммодиус ялалтаа баталгаажуулахын тулд тулааны өмнө Максимусыг нууцаар хутгална. Тэднийг цэнгэлдэх хүрээлэнд тулалдахад, цугларсан хүмүүс архиран шуугилдаж, нүд салгалгүй ажиглана. Коммодиус өрсөлдөгчөө шархдуулсан тул ялна гэдэгтээ бүрэн итгэж ихэд басамжлах ч Максимус үлдсэн хүч чадал, гэр бүлийнхнийхээ нандин дурсамжийг ашиглан зоригтой тулалдан, Коммодиусыг зэвсэггүй болгож, ялалт байгуулна. Эзэн хаан газар унахад олон түмэн “Максимус! Максимус!” хэмээн цуурайтуулан ухаална.


Максимус Коммодиуст өршөөлгүй хандаж, шударга ёсыг тогтоож, дарангуйлагчийн цээжинд сэлэм зоож, аймшигт хаанчлалыг дуусгана. Коммодиус сүүлчийн амьсгаагаа авахдаа Ромын хүндэтгэлийг алдсан гэдгээ ухааран, өөрийнх нь ялагдал зөвхөн бие махбодын бус харин бэлгэдлийн шинж чанартай болохыг ойлгоно[21].


Энэ мөч ялалт мэт боловч үхлийн шарх авсан Максимус газарт унана. Тэрээр хэвтэж байхдаа эхнэр, хүү хоёр нь өөрийг нь хойд насандаа хүлээж байгаа гэж төсөөлнө. Люсилия түүний хажууд яаран очиж, Бүгд Найрамдах улсыг сэргээх хүслийг нь биелүүлэхээ амлана. Максимусын үхэл дэмий хоосон байсангүй, харин эсрэгээрээ Коммодиусын үхэл, Максимусын баатарлаг байдал нь эцэстээ улс төрийн өөрчлөлтийн хурдасгуур болжээ. Максимусын үйл, шударга ёсны төлөөх золиосны бэлэг тэмдэг болж, Ромд урьд өмнө нь эрхэмлэдэг байсан үнэт зүйл болох эр зориг, нэр төрийг эргэн сануулж, нэг захирагчийн хүсэл тэмүүллээс үл хамааран Бүгд Найрамдах улсыг улам бүр бэхжүүлсэн юм.



Максимус ба гладиаторуудын ертөнцийн түүх нь Ромын эрх зүй, нийгмийн бүтцийн нарийн төвөгтэй байдлын талаар харуулдаг. Гладиаторуудын эрх зүйн статус infamis нь Ромын нийгэмд гадуурхагдсан хүмүүст тулгарч буй хатуу ширүүн бодит байдлыг онцолсон байна. Гладиаторууд доогуур байр суурьтай байсан ч эр зориг, олон нийтийн таашаалаар дамжуулан хүндэтгэл, тэр ч байтугай эрх чөлөөнд хүрч чаддаг байв.


Lex Iulia Theatralis гэх зэрэг гладиаторуудын тулааныг зохицуулах хууль эрх зүйн тогтолцоо нь эдгээр үзвэрийг зөвхөн зугаа цэнгэл төдийгүй улс төрийн суртал ухуулга, нийгмийн хяналтын хэрэгсэл болохыг баталгаажуулдаг байжээ. Гладиаторуудын эр зориг, ур чадвар нь харгислалтай зэрэгцэн оршиж байсан нь Ромын нийгэм дэх шударга ёсны үзэл санаа, эрх мэдлийн бодит байдлын хоорондох хурцадмал байдлыг илэрхийлжээ.


Максимусын нэр хүндтэй генералаас боол хүртэл, эцэст нь шударга ёсны бэлгэдэл болох хүртлээ туулсан зам нь системийн авлигын эсрэг хувь хүний эр зоригийг өгүүлнэ. Түүний Гладиатор кинонд мөнхөрсөн түүх нь харгислалын эсрэг тэмцэл, золиос, шударга ёсны төлөөх тууштай тэмцлийн тухай хүчирхэг өгүүлэмж байжээ.

 
Гладиатор

Гладиатор кино бол үе үеийн кино дундаас маргаангүй шилдэг нь юм. Олон мянган үзэлттэй, олон тооны рейтингийг тэргүүлсэн билээ. Гладиатор киноны дараагийн анги гарах болсон талаар зар сурталчилгаа үзээд тэсэн ядан хүлээж байгаагаа хэлмээр байна. Рассел Кроу Максимусын дүрийг сэтгэл хөдөлгөм бүтээж, Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж, кино урлагийн түүхэн дэх байр сууриа бататгасан домогт амжилт гаргажээ.


Киноны өгүүлэмж нь сайн муугийн хоорондын тэмцлийг харуулсан энгийн мэт боловч, Коммодиусын ёс суртахууны хувьд оньсого мэт антагонист[22], эрх мэдэлд шунасан, сэтгэл зүйн хувьд тарчлан зовсон эзэн хааны дүр үйл явдлын өрнөлийг улам бүр баяжуулна.


“Гладиатор” кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн нь юуны түрүүнд гайхамшигт Коллезеумд өрнөдөг зүрх сэтгэлийг догдлуулсан үйл явдлуудын дараалалтай ч холбоотой юм. Эдгээр мөчүүдийн дэглэлт, нарийн ширийн зүйлд нямбай анхаарал хандуулсан нь зөвхөн хөгжөөх төдийгүй үзэгчдийг гладиаторуудын эрч хүчтэй тулааны дунд орсон мэт сэтгэгдэл үлдээдэг билээ. Тиймээс ч олон удаа үзсэн ч уйдахааргүй, миний хувьд Ромын эрх зүй судалж эхэлсний дараа дахин үзэхэд ямар их зүйлийг мэдээгүй байснаа, орхигдуулсан нюансуудаа олж харав. Кино үзэх зуур Ромын үед гладиаторуудын эрх зүйн зохицуулалт ямар байсан, ямар хууль тогтоомж үйлчилдэг байсан талаар мэдэх хүсэлдээ хөтлөгдөн энэхүү нийтлэлийг бичлээ[23].


Гладиатор-тэмдэглэлЖ.Танан

Зүүлт тэмдэглэл

Ромын Коллезеум

[1] Коллезеум (Colosseum, Coliseum) нь эртний Ромын бэлгэдэл бөгөөд дэлхийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг юм.

Италийн Ром хотын төвд, Ромын форумын зүүн талд буюу Константины нуман хаалга (Arch of Constantine), Палатин толгодын ойролцоо байрладаг, Эскилин, Каелиан толгод руу хардаг. 50’000 үзэгч багтах боломжтой Коллезеумыг гладиаторуудын тулаан, олон нийтийн үзүүлбэр, амьтдын ан (venationes), цаазаар авах ажиллагаа, жүжигчилсэн тоглолтуудад ашигладаг байсан.

МЭ 70-80 онд Флавийн гүрний (Flavian dynasty) үед баригдсан Коллезеумыг анх Флавийн амфитеатр (Amphitheatrum Flavium) гэж нэрлэдэг байжээ. Байгууламжийг Эзэн хаан Веспасиан (Vespasian) захиалж, түүний хүү Титус (Titus) дуусгажээ. Коллезеум нь 48 метр өндөр, 189 метр урт, 156 метр өргөн, дөрвөн давхар зууван хэлбэртэй байгууламж юм. Голдуу травертин шохойн чулуу (travertine limestone), галт уулын чулуулаг (tuff) болон тоосгон гадаргуутай бетоноор баригдсан. Гладиаторууд болон зэрлэг амьтад тулалдаж байсан төв талбайг модоор хийж, элсээр хучсан. Түүний доор амьтад, гладиаторууд, тоног төхөөрөмж байрлуулсан өрөөнүүд, гарцуудтай. Суудлын зохион байгуулалтыг нийгмийн байдлаас хамааран ялгаатай хэсгүүдэд хуваасан бөгөөд эзэн хаад болон сенаторуудын суудал нь арга хэмжээнд хамгийн ойр байрлалтай байжээ.

Коллезеум нь эртний Ромын инженерчлэлийн гайхамшиг байгаад зогсоогүй архитектур, хот төлөвлөлтөд мөнхийн өв үлдээсэн билээ. Дэлхий даяар том амфитеатруудыг “Colosseum” гэж нэрлэдэг.

Олон зууны турш Коллезеум нь газар хөдлөлт, чулууны дээрэм, байгалийн элэгдлээс үүдэлтэй их хэмжээний хохирол амссан ч үргэлжилсэн хамгаалалтын хүчин чармайлт, сэргээн засварлалт нь түүний бүтцийн ихэнх хэсгийг хадгалж үлдээхэд тусалжээ.

Өнөөдөр Коллезеум нь Ромын жуулчдын сонирхлыг татах хамгийн алдартай газруудын нэг бөгөөд жил бүр олон сая жуулчид зочилдог. Эртний Ромын эзэнт гүрний сүр жавхлан, хүч чадлыг илэрхийлсэн Ром хот болон түүний баялаг түүхийн бэлгэдэл хэвээр байна. Коллезеумын дэлхийн соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн.


Капитолин чоно

[2] Гичий Ромулус, Ремус (Romulus and Remus) нарыг хөхүүлж буй хөшөө нь Ромыг үүсгэн байгуулагчдын домгийн дүрслэл билээ. Домогт үзэгдэл нь урлаг, уран барималд дүрслэгдсэн бөгөөд хамгийн алдартай баримлуудын нэг бол Ром дахь Капитолины музейд хадгалагдаж буй “Капитолин чоно” (Lupa Capitolina) юм. Чоно нь Ром болон түүний домогт гарал үүслийн бэлгэдэл ба хотын домогт үүсэл, хүч чадлыг илэрхийлдэг. Чонын хөшөөг МЭӨ V зууны үеийн Этрускчуудын (Etruscan) бүтээл гэж үздэг ба Ромулус, Ремус нарын дүрсийг Сэргэн мандалтын үед буюу МЭ XV зууны үед нэмж оруулсан байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг.

Ромын домогт өгүүлснээр Ромулус, Ремус нар Риа Сильвиа (Rhea Silvia) болон Ангараг бурхнаас төрсөн ихэр ах дүүс байжээ. Тэд Альба Лонгагийн (Alba Longa) хууль ёсны хаан Нумиторын (Numitor) ач хүү байв. Тэднийг өөрийн засаглалд заналхийлэхээс сэргийлэн, элэнц нагац ах Амулиус (Amulius) Тибер мөрөнд хаяхыг тушаажээ. Ихрүүдийг хийсэн сагс голын эрэг дагуу хөвж, Палатин толгодын ёроолд ирэхэд Лупа гичий (Lupa) олж, Луперкал (Lupercal) агуйд тэжээнэ. Дараа нь Фаустулус (Faustulus) хоньчин тэднийг олж, эхнэрийнхээ хамт өөрийн хүүхэд шиг өсгөнө. Насанд хүрсэн Ромулус, Ремус нар аврагдсан газартаа хот байгуулахаар шийдэх ба тэдний хооронд шинэ хотын байршил, удирдлагын талаар маргаан үүсэж, эцэст нь Ромулус Ремусыг хөнөөнө. Ромулус Ромын цорын ганц үүсгэн байгуулагч, анхны хаан болж, хотыг өөрийнхөө нэрээр нэрлэжээ.

Хөшөө нь Ром хотын гарал үүсэл, ихэр үүсгэн байгуулагчдын ач холбогдол, тэдний оршин тогтнох, хүмүүжлийн бурханлаг, гайхамшигт мөн чанарыг бэлэгддэг, Ромын соёл, түүхийн чухал бэлэг тэмдэг юм.


[3] “Бүх зам Ром руу хөтөлдөг” гэсэн хэллэг нь эртний Ромын гайхалтай замын системээс гаралтай алдартай зүйр үг юм. Ромчууд эзэнт гүрнийхээ алс холын булангуудыг Ромтой холбосон тууш хөндлөн тавьсан замын сүлжээ нь Ром руу буцах зориулалттай байсан. Энэхүү өргөн хүрээтэй дэд бүтэц нь Ромын Эзэнт гүрэн даяар аялал, харилцаа холбоо, худалдааг хөнгөвчилсөн байдаг. “Viae” гэгддэг нарийн, бат бөх замууд нь олон давхар материалаар бүрхэгдсэн тогтвортойн дээр ус зайлуулдаг инженерийн гайхамшиг байв. Ромын хамгийн алдартай замын тоонд Ромыг Италийн өмнөд хэсэгтэй холбосон Аппианы зам (Via Appia) болон баруун эрэг рүү хүргэдэг Аурелийн зам (Via Aurelia) орно. Эдгээр замууд нь арми, албан тушаалтнууд, бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хөнгөвчилж, Ромын хяналт, нөлөөг бэхжүүлсэн. Ромын замууд нь Ромын төв хүртэлх зайг зааж өгсөн чухал цэгүүдийн (milarium) тэмдэглэгээтэй байсан нь эцэст нь бүх замууд нийслэлд хүргэдэг гэсэн санааг бататгасан.

Харин дүрслэлийн утга нь өөр өөр зам, аргууд нь нэг нийтлэг зорилго, эсвэл үр дүнд хүргэнэ гэдгийг илэрхийлдэг философийн ойлголт юм. Энэ нь уян хатан, хандлагын олон талт байдлыг онцолж, ижил үр дүнд хүрэх олон арга зам байгааг илэрхийлнэ.


[4] Гладиатор кино нь түүхэн үйл явдал, дүрүүдээс санаа авсан, Ромын гладиаторуудын тулаан, улс төрийн явуулгын мөн чанарыг харуулдаг.


[5] Маркус Аврелиус нь МЭ 121 оны 4 дүгээр сарын 26-нд төрсөн, МЭ 161-180 оны хооронд Ромын эзэн хаан байсан бөгөөд Ромын түүхэн дэх хамгийн хүндэтгэлтэй хүний нэг юм. Түүнийг харьцангуй амар амгалан, тогтвортой байдал, сайн засаглалаар тэмдэглэгдсэн “Таван сайн хаан”-ы сүүлчийнх нь хэмээн дурсдаг.

Тэрээр философи, тэр дундаа стоицизмд оруулсан хувь нэмрээрээ алдартай бөгөөд үүнийгээ “Бясалгал” бүтээлдээ тусгасан байдаг. Стоицизм нь өөрийгөө хянах чадвар, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг даван туулах арга хэрэгсэл юм.


[6] Максимус нь хэдий зохиомол боловч, Маркус Аврелиусын ойр дотнын генерал Маркус Нониус Макринусын бодит дүрээс санаа авсан дүр юм. Маркус Нониус Макринус бол МЭ II зууны үеийн Ромын нэрт генерал (жанжин), төрийн зүтгэлтэн байсан бөгөөд Маркус Аврелиус, Коммодиус эзэн хаадын үед алба хааж байжээ. Тэрээр сенаторын ангид харьяалагддаг, эзэн хаадын гэр бүлтэй ойр дотно харилцаатай байсан тул түүнд ихээхэн хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг.


[7] Максимус гэр бүлдээ буцаж очихыг хүсэж байгаа нь Ромын соёлд эрэгтэй хүн гэр бүлийг тэргүүлдэг, түүний үүрэг өндөр байсны зэрэгцээ тухайн үеийн өв залгамжлалын ач холбогдлыг онцлон харуулжээ.


[8] Коммодиус МЭ 180-192 оны хооронд засаг барьсан Ромын эзэн хаан юм. Кинонд Коммодиусын хаанчлалын зарим түүхэн талыг, тухайлбал, засгийн эрхийг аван дур зоргоороо аашилсан, олонд хүндгүй байдал зэргийг тусгасан.


[9] Агнат: Анх Ромын өв залгамжлалын хуулиудын дагуу өв залгамжлал нь үндсэндээ эрэгтэй удамд дамждаг агнат байжээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд энэ систем өөрчлөгдөж, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь өв залгамжлах боломжийг олгосон. Ромын эрх зүйд өв залгамжлагчид нь шууд үр удам (sui heredes), агнат (удмын эрэгтэй төрөл төрөгсөд), харийнхан (нэг овог, овгийн гишүүд) зэрэг хэд хэдэн ангилалд хуваагддаг байсан. Эдгээр нь байхгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлалын дагуу өв нь улсад шилждэг байжээ.


[10] Августус (Октавиан) (Gaius Octavius Thurinus) нь Юлий Цезарь түүнийг үрчилж авсны дараа Гай Юлий Цезарь Августус (Gaius Julius Caesar Octavianus) нэрийн авсан, Ромын Эзэнт гүрнийг үндэслэгч, анхны эзэн хаан юм. Тэрээр МЭӨ 27 оноос МЭ 14 онд нас барах хүртлээ Ромыг захирч байжээ. Түүний хаанчлал нь Ромын Эзэнт гүрний үндэс суурийг тавьж, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлж, Ромын засаглал, соёл, нийгэмд мөнхийн өв үлдээжээ.


[11] Ливиа Друсилла (Livia Drusilla) (ихэвчлэн Ливиа гэгддэг) нь Ромын Эзэнт гүрний улс төрд чухал үүрэг гүйцэтгэсэн Ромын нэрт эмэгтэй байв. Ливиа анх Ромын улс төрч Тибериус Клаудиус Неротой гэрлэж, Тибериус болон Друсус гэсэн хоёр хүү төрүүлжээ. Эзэн хаан Августус болон Ливиа нарын гэрлэлт хүүхэдгүй байсан ч улс төрийн хувьд ашигтай, Ромын түүхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Түүний хүү Тибериус МЭ 14 онд Августусын дараа эзэн хаан болсон. Ливиа түүний хаанчлалын үед хүчирхэг байр сууриа хадгалсаар байжээ. Түүнийг Ромын эмэгтэйчүүдийн хувьд нэр төрийн ховор хэрэг болох дарь эх (goddess) болгон шүтдэг байв.


[12] Боолууд эрх чөлөө олж авах: Ромын Lex Aelia Sentia гэх зэрэг хуулиуд нь гладиаторуудад эрх чөлөө олж авах боломжийг олгосон мэт боловч, энэ нь тулааны талбарт гарамгай эр зориг гарган байж авдаг, ихэнх нь амь насаа алддаг, ховор тохиолдоно. Товчхондоо, боолуудыг хүлцэнгүй байлгаж, удирдах төрийн нэг төрлийн арга хэрэгсэл байжээ.


[13] Гладиаторын тулаанууд нь зүгээр нэг зугаа цэнгэл бус, харин эзэн хаад өөрсдийн хүч чадлаа харуулах, олон түмнийг тайвшруулах хэрэгсэл байв. “Талх ба цирк” (panem et circenses) үзүүлбэрүүдээр ард түмнийг баясгаж, улс төрийн асуудлаас сатааруулахын зэрэгцээ, Коммодиус шиг эзэн хаад ийм аргаар олон нийтийн дэмжлэгийг авдаг байжээ.


[14] Гэрээний эрх зүй дэх гэрээг заавал биелүүлэх ёстой (pacta sunt servanda), хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх асуудал (res judicata) гэх зэрэг Ромын эрх зүйн зарчмууд нь орчин үед ч хэрэглэгдсэн хэвээр байна. Кинонд хуулийг сахидаг нийгмийн бүтцийг дүрслэн, Ромын эрх зүйн мөнхийн өвийг шууд бусаар харуулжээ.


[15] Сестерци нь эртний Ромд ашиглагдаж байсан зоос, мөнгөний нэгж юм. Сестерцийг анх Ромын Бүгд Найрамдах улсын үед МЭӨ 211 онд нэвтрүүлсэн. Сестерци гэдэг нэр нь “хоёр хагас” гэсэн утгатай “sestertius” латин үгнээс гаралтай. Сестерци нь анх 2.5 ассын (asses) (өөр нэг Ромын зоос) үнэтэй байв. Эрт үеийн сестерцийг мөнгөөр ​​хийдэг байсан бол Ромын Эзэнт гүрний үед ихэвчлэн хүрэл, эсвэл гуулиар хийдэг болсон. Сестерци нь Ромын өөр нэг нийтлэг зоос болох нэг динарийн (denarius) дөрөвний нэгтэй тэнцэж байв. Тодруулбал, 1 сестерци = 4 асс; 1 сестерци = 1/4 динар.


[16] Неро (Lucius Domitius Ahenobarbus) нь МЭ 54-68 онд захирч байсан Ромын тав дахь эзэн хаан юм. Эзэн хаан Нероныг Ромын хамгийн муу эзэн хаадын нэг, дарангуйлал, үрэлгэн байдал, ёс суртахууны ялзралын бэлгэдэл хэмээн дурсдаг. Түүний засаглалыг үнэмлэхүй эрх мэдэл хэрхэн туйлын авлигад хүргэж болдгийн жишээ болгон дурддаг.


[17] Спикулус (Spiculus) нь МЭ I зуунд амьдарч байсан Ромын алдартай гладиатор юм. Тэрээр Эзэн хаан Нерогийн үед өөрийн тулааны онцгой ур чадвар, олон тооны ялалтуудын ачаар алдар нэр олж авсан. Бусад гладиаторуудын нэгэн адил, тэрээр гладиатор болохоосоо өмнө боол, эсвэл олзлогдогч байсан байх магадлалтай.

Тоглоом, зугаа цэнгэлд дуртайгаараа алдартай Эзэн хаан Неро, Спикулусыг маш их хайрладаг тул түүнийг цэнгэлдэх хүрээлэнд гайхалтай тулаан үзүүлснийх нь төлөө эд баялаг, тэр ч байтугай түүнийг боолоор шагнаж байсан талаар түүхэн эх сурвалжид (Светониус зэрэг Ромын түүхчдийн бүтээлүүд) тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь түүний статусыг ердийн гладиатораас илүү өндөрт өргөж, түүнийг Ромын нийгэмд чинээлэг, нэр хүндтэй хүн болгосон.


[18] Ром дахь эмэгтэйчүүдийн байр суурь: Хэдийгээр Лусилая нь өндөр боловсролтой, стратегич сэтгэлгээтэй ч нийгэмд эмэгтэй хүний хувьд хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан нь эртний Ромын нийгмийн хэм хэмжээг харуулна. Гэсэн хэдий ч, нийгмийн дээд давхаргын гарал үүсэлтэй эмэгтэйчүүд тодорхой хэмжээний нөлөөтэй байжээ.


[19] Коммодиус ба Сенатын хоорондын дайсагнал нь автократ засаглал ба бүгд найрамдахчуудын үзэл санааны хоорондох хурцадмал байдлыг илэрхийлдэг. Энэ нь эзэн хаан ба сенаторын эрх мэдэл мөргөлдөж, Ромын Бүгд Найрамдах улсаас Ромын Эзэнт гүрэнд шилжих үеийн түүхэн зөрчилдөөний тусгал юм.


[20] Ёс суртахуун: Максимусын өс хонзон ба шударга ёсны хоорондын дотоод зөрчил, мөн Лусилаягийн хувийн амбиц ба сайн сайхныг тэнцвэржүүлэх ёс суртахууны эргэлзээ нь Ромын нийгэм дэх хувийн ёс зүй ба олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хоёрын ээдрээтэй харилцан үйлчлэлийг тодотгож өгчээ.


[21] Киноны оргил хэсэг нь Коммодиус ба Максимус хоёрын шууд сөргөлдөөнийг агуулдаг бөгөөд энэ нь сайн ба муу, шударга ёс ба дарангуйллын хоорондох эцсийн тулааныг бэлгэддэг.


[22] Антагонист: Түүх өгүүлэх, дүрд дүн шинжилгээ хийн, Коммодиусыг “антагонист” (antagonist) гэж тодорхойлсон нь кинонд гол дүрийг (protagonist) эсэргүүцэж, зохиолын дотор зөрчилдөөн үүсгэж, эсрэг үзэлтэй байж, түүхийн гол зөрчилдөөнийг бий болгосныг илэрхийлсэн. Коммодиус бол Максимусын гол дайсан ба түүний үнэт зүйл, зорилго, үйлдлийг эсэргүүцдэг. Үүнээс гадна, Коммодиус эрх мэдэлд хэт шунаж, эзэн хааны байр суурийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн байгааг дүрсэлсэн байдаг. Тэрээр өөрийн эцэг Маркус Аврелиусаас урваж, түүнийг алж эзэн хаан болдог. Түүний ёс суртахуунгүй, сэтгэл зүйн тогтворгүй зан авир, харгислал нь түүнийг төвөгтэйн дээр хамгийн гол нь аюултай антагонист болгодог. Коммодиусын Маркус Аврелиусыг хөнөөсөн, Максимус, түүний гэр бүлийг алах тушаал гаргасан, улмаар Ромыг дарангуйлсан үйлдлүүд нь Максимусыг шударга ёсыг тогтоох, өшөө авахад түлхэц өгөх цуврал үйл явдлуудыг бий болгодог буюу киноны түүхийг өрнүүлдэг. Товчхондоо, киноны зохиолд протагонист ба антагонистын үнэт зүйлсийн хоорондох энэхүү ялгаа буюу Максимус нэр төр, үнэнч байдал, шударга ёсыг төлөөлдөг бол, Коммодиус заль мэх, амбиц, дарангуйллыг илэрхийлдэг.


[23] Хуульч Шувуухайн блог нийтлэлүүдийг уншиж, үзэж сонирхоорой.


Ромын гэр бүлийн эрх зүй

https://www.lawyerbirdie.com/post/ромын-гэр-бүлийн-эрх-зүй


Ромын эрх зүйн тогтолцоо


Ромын эрх зүйн эх сурвалж: Нэр томьёоны тайлбар

 

Ромын иргэд


Ромын язгууртнууд (патрици) ба энгийн хүмүүс (плебей)

 

Ромын өв залгамжлалын эрх зүй

 

Ашигласан эх сурвалж

Treggiari, S. (1993). Roman Marriage: Iusti Coniuges from the Time of Cicero to the Time of Ulpian. Clarendon Press.


Gardner, J. F. (1991). Women in Roman Law and Society. Indiana University Press.


Crook, J. (1984). Law and Life of Rome, 90 B.C.–A.D. 212 (Aspects of Greek and Roman Life). Cornell University Press.


Wiedemann, T. (1995). Emperors and Gladiators (1st ed.). Routledge.


Futrell, A. (1997). Blood in the Arena: The Spectacle of Roman Power. University of Texas Press.


Potter, D. S. (2004). The Roman Empire at Bay, AD 180–395 (The Routledge History of the Ancient World) (1st ed.). Routledge.


Kyle, D. G. (2000). Spectacles of Death in Ancient Rome (Approaching the Ancient World). Routledge.




#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #Гладиатор #РомынЭрхЗүй #ГладиаторКино #РомынТүүх #РомынГладиаторууд #РомынЭзэнтГүрэн #РомынХууль #РасселКроу #Коллезеум #Коммодиус #Максимус #РомынНийгмийнБүтэц #РомынЖендер #ЭртнийРомынХууль #РомынБоолчлол #ГладиаторынХууль #Infamis #CapitisDeminutio #РомынЦэргийнТүүх #LexIuliaTheatralis #РомынГэрБүлийнХууль #ЭзэнБоолынХарилцаа #РомынТүүхэнКино #ЭзэнХаанАвгустус #РомынГладиаторТулаан #ГладиаторКиноШүүмж #ЭзэнтГүрнийТүүх #РомынНийгмийнЯлгаа #ГладиаторынБэлтгэл #РомынГладиаторынХөлс #РомынҮзвэрҮйлчилгээ #ТүүхэнКиноСудалгаа #ШударгаЁсРом #РомынТөрийнЗохионБайгуулалт #РомынСоёл





 



 

Related Posts

See All

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
2 days ago
Rated 5 out of 5 stars.

.

Like
bottom of page