Хайлтын үр дүн
207 results found with an empty search
- Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил
Захиргааны хэргийн шүүхээс (ЗХШ) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (ХХША) явцад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гэх процессын буюу завсрын шинжтэй шийдвэр гарна. Шүүгч дангаараа гаргаж байгаа бол шүүгчийн захирамж , харин шүүх бүрэлдэхүүн [1] гаргаж байгаа бол шүүхийн тогтоол гэсэн хэлбэртэй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (ЗХШХШтХ) 122 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргах процессын шийдвэрийг тусгайлан заасан ба шүүх ажлын 3 хоногийн дотор гаргана. Гомдол гаргах хугацаа дуусмагц, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэж дууссанаар хүчин төгөлдөр болно. Харин гомдол гаргах эрхгүй процессын шийдвэр тэр даруйд хүчин төгөлдөр болно. Нэмж дурдахад, шүүхээс гарах эрх зүйн актад гомдол гаргах эрхтэй, эрхгүй байх нь энгийн ойлгомжтой мэт боловч цаад учрыг удирдагч тайлбарласны дараа ухамсарлан ойлгосон. Тухайлбал, шүүгчийн захирамжаар хугацаа тогтоож буй бол хэргийн оролцогч гомдох шалтгаан байхгүй байна. ХХША-ны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар гаргасан шүүгч захирамж, шүүх тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. [1] Шүүх бүрэлдэхүүн гэдэг нь анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр хоёр шүүгчтэй хамтдаа хэрэг, маргааныг хянан хэлэлцэхийг хэлнэ. Дадлагын хугацаанд бичиж дадлагажсан, танилцсан ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоотын төрлийг нэгтгэн хүснэгтэд, харин тэдгээрийн төсөл, загварыг хавсралтад харуулав. Хүснэгт 13 Бичиж дадлагажсан, танилцсан захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоотын жагсаалт Д/д ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот 1. Нэхэмжлэлтэй холбоотой шүүгчийн захирамж Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж 2. Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж 3. Хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамж 4. Шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж 5. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж 6. Эрх залгамжлах тухай шүүгчийн захирамж 7. Гуравдагч этгээд татах тухай шүүгчийн захирамж 8. Шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж 9. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж 10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 11. Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 12. Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж 13. Шүүхийн тогтоол 14. Шүүхийн шийдвэр 15. Гүйцэтгэх хуудас 16. Албан тоот Хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох тухай албан тоот Нотлох баримт гаргуулах тухай албан тоот Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоот Давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх тухай албан тоот 17. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол 18. Ерөнхий шүүгчийн захирамж Шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж Даргалагч албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Шүүх бүрэлдэхүүн албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Шүүгчийн захирамж [2] [2] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт заасны дагуу “шүүгчийн захирамж” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүгчийн захирамж нь ХХША-ны явцад шүүгч дангаар гаргах процессын шийдвэр юм. Нэхэмжлэлтэй холбоотой шүүгчийн захирамж Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд танилцсан нэхэмжлээс бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл олон байсан бөгөөд нягтлан шалгаж чухам ямар бүрдүүлбэр дутуу, орхигдуулсан байгааг тодорхойлж, асуудлыг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон шүүгчийн захирамжийн төслийг бичсэн (Хавсралт 8) . ЗХШХШтХ 52 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй байна. Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 9) . ЗХШХШтХ 53 дугаар зүйлийн 53.4.Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүх буцаана. Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй боловч 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн төсөл бичиж дадлагажсан (Хавсралт 10) . ЗХШХШтХ 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхтэй байна. ЗХШХШтХ 109 дүгээр зүйлийн 109.2.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамж Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 11) . ЗХШХШтХ 14 дүгээр зүйлийн 14.6.Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн ЗХШ-д гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно. Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж боловсруулж сурсан (Хавсралт 12) . ЗХШХШтХ 55 дугаар зүйлийн 55.1.Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд хамтран хариуцагч татах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 13) . ЗХШХШтХ 24 дүгээр зүйл. Хамтран хариуцагч 24.1.Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь ХХША-нд бие даан оролцох эрхтэй. 24.2.Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно. ЗХШХШтХ 25 дугаар зүйл. Хариуцагчийг солих 25.1.Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино. 25.2.Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна. 25.3.Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж, үнэлүүлэхийг шаардах эрхтэй. Шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд ХХША-г сэргээж, шүүх хуралдаан товлох тухай шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 14) . ЗХШХШтХ 71 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг товлон зарлах 71.1.Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ. 71.2.Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Эрх залгамжлах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд эрх залгамжлах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 15) . ЗХШХШтХ 26 дугаар зүйл. ХХША-нд эрх залгамжлан авах 26.1.Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан (хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан) бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа ХХША-ны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. 26.2.Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг ЗЕХ-ийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. 26.3.Эрх залгамжлагч ХХША-наас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Гуравдагч этгээд татах, эсвэл оролцуулахаас татгалзах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд гуравдагч этгээд татах тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 16) . ЗХШХШтХ 17 дугаар зүйлийн 17.5.Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт , захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ. ЗХШХШтХ 56 дугаар зүйлийн 56.1.6.Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах орно. ЗХШХШтХ 22 дугаар зүйл. Гуравдагч этгээдийн эрх, үүрэг 22.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч ХХША-нд оролцуулна. 22.2.Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд ХХША-нд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана. 22.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 22.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Гуравдагч этгээдийг татан оролцуулах нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн (ЗХАШШ) ХХША дуусахаас өмнө буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдэх бөгөөд түүнийг шүүх өөрийн санаачилгаар, эсвэл тухайн этгээдийн хүсэлтээр, эсвэл хэргийн оролцогчоос гаргана. Бусад этгээдээс хүсэлт гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь эерэг, эсвэл сөрөг байдлаар хөндөгдөж буй тохиолдолд тухайн этгээдийг шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулах үүрэгтэй гэж үзнэ. Хэрэв ЗХАШШ оролцуулах ёстой гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй бол энэ нь процессын алдаа болж, цаашилбал хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ШИНБ-ын улмаас хянуулах үндэслэл болж болно. Шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж боловсруулсан (Хавсралт 17) . ЗХШХШтХ 111 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх 111.1.Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. 111.2.Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана. 111.3.Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж боловсруулсан (Хавсралт 18) . Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарна. ЗХШХШтХ 80 дугаар зүйлийн 80.2.Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно; ЗХШХШтХ 91 дүгээр зүйлийн 91.3.Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана; ЗХШХШтХ 91 дүгээр зүйлийн 91.7.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна; ЗХШХШтХ 96 дугаар зүйлийн 96.2.Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно; ЗХШХШтХ 96 дугаар зүйлийн 96.3.Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд ХХША түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн төсөл бичсэн (Хавсралт 19) . ХХША-г түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах хуульд заасан тохиолдлыг хүснэгтэд харуулав. Хүснэгт 1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах тохиолдол ЗХШХШтХ заалт ХХША-г түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарах тохиолдол 65.1.1. хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал; 65.1.2. хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа; 65.1.3. эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй; 65.1.4. хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй; 65.1.5. хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар УДШ-д санал оруулсан; 65.1.6. хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн; 65.1.7. энэ хуулийн 33, 35, 40 дүгээр зүйлд [3] заасан ажиллагаа явуулж байгаа. [3] ЗХШХШтХ 33 дугаар зүйл. Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх 33.1.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно. 33.2.Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар тохиролцоно. ЗХШХШтХ 35 дугаар зүйл. Шүүхийн даалгавар, түүнийг биелүүлэх 35.1.Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана. 35.2.Энэ хуулийн 35.1-д заасан шүүхийн даалгаварт хэргийн товч агуулга, бүрдүүлбэл зохих нотлох баримтыг зааж, даалгавар биелүүлэх хугацааг тогтоож, ХХША-г түдгэлзүүлнэ. 35.3.Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд биелүүлнэ. 35.4.Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ. ЗХШХШтХ 40 дүгээр зүйл. Шинжээчийн дүгнэлт 40.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно. 40.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Эдгээрээс бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглох ба заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ. Захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 20) . ЗХШХШтХ 61 дүгээр зүйлд заасны дагуу Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. 61.1.Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. 61.2.Захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж болно. 61.3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. ЗХШХШтХ 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байна. 62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол; 62.1.2.хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол; 62.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол; 62.1.4.тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр бол. 62.1.5.хуульд заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол. 62.1.6.энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.4.1-д заасан маргааныг шийдвэрлэсэн холбогдох сонгуулийн хорооны шийдвэр бол. Хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн төслийг бичсэн (Хавсралт 21) . ЗХШХШтХ Долдугаар бүлэг. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах 66.1.Нэхэмжлэгч ХХША-ны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. 66.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох ХХША ердийн журмаар явагдана. 66.4.Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. 67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. 68 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх 68.1.Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. 68.2.Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна. 68.3.Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана. 68.4.Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. 69 дүгээр зүйл. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар 69.1.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ. 69.2.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. ЗХШХШтХ 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Шүүхийн тогтоол [4] [4] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.5 заалтад заасны дагуу “шүүхийн тогтоол” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүхийн тогтоол бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас гарна. Дадлагын хугацаанд шүүхийн тогтоолын төсөл бичив (Хавсралт 22) . ЗХШХШтХ 74 дүгээр зүйл. Шүүх бүрэлдэхүүн 74.1.ЗХШ дараах хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ: 74.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан; 74.1.2.захиргааны хэм хэмжээний акттай холбоотой; 74.1.3.тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон. 74.2.Энэ хуулийн 74.1-д зааснаас бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ. 74.3.Давж заалдах журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. 74.4.Хяналтын журмаар хэргийг УДШ таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр [5] [5] ЗХШХШтХ 3 дугаар зүйлийн 3.1.4 заалтад заасны дагуу “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүхийн шийдвэрийг шүүгч дангаар, эсвэл бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана. Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр; давж заалдах шатны шүүх магадлал; хяналтын шатны шүүх тогтоол хэлбэртэй байна. Эдгээрээс бусад тохиолдолд ХХША-тай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гарна. ЗХШ-ийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага , хуулийн этгээд , албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. ЗХШ-ийн шийдвэрийн хэлбэрийг хүснэгтэд харууллаа. Хүснэгт 2 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэлбэр ЗХШХШтХ заалт ЗХШ-ийн шийдвэрийн хэлбэр 12.1.1. анхан шатны шүүхийн шийдвэр (Хавсралт 23) ; 12.1.2. магадлал; 12.1.3. тогтоол; 12.1.4. шүүгчийн захирамж; 12.1.5. шийтгэвэр. ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэрийг хүснэгтэд харуулав. Хүснэгт 3 Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэр ЗХШХШтХ заалт ЗХШ хуралдаанаар хянан хэлэлцээд гарах шийдвэр 106.3.1. захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; 106.3.2. захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох; 106.3.3. захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол МБА хууль бус байсан болохыг тогтоох; 106.3.4. захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; 106.3.5. эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; 106.3.6. төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах; 106.3.7. захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох; 106.3.8. захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох; 106.3.9. захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох; 106.3.10. захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох; 106.3.11. шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; 106.3.12. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах; 106.3.13. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох; 106.3.14. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох. Шүүхийн шийдвэрийн агуулгын бүрдэх хэсгийг хүснэгтэд жагсаав. Хүснэгт 4 Шүүхийн шийдвэрийн агуулга ЗХШХШтХ хэсэг Шүүхийн шийдвэрийн агуулга 107.1. Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ. 107.2. Удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана. 107.3. Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана. 107.4. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана. 107.5. Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана. 107.6. Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг МБА-ыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. 107.7. Энэ хуулийн 107.5-д заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна. Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна. Энэхүү аргачлал, журмыг УДШ батална (УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2021) . Шүүхийн шийдвэрт тухайн маргаанд хамааралтай хуулийг үе шаттайгаар хэрэглэнэ. Үүнд: Шүүх хэргийн бодит байдлыг тогтооно; Хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг (хуулийг сонгоно); Хэрэглэгдэх хуулийн бүтцийг нэг бүрчлэн шинжээр задлан шинжлэх (гипотез, диспозици, санкцыг тодорхойлох [6] ); Хуулийн урьдчилсан нөхцөл нь хэргийн бодит байдалд нийцэж буй эсэхийг тогтоох (зүйлчлэл буюу субсумц); Хэргийн эрх зүйн үр дагаврыг тодорхойлох буюу маргааныг шийдэх. [6] Эрх зүйн хэм хэмжээ нь бүтцийн хувьд гипотез, диспозици, санкци гэх гурван зүйлээс бүрдэнэ. Нэг талаас, эрх зүйн зүй тогтол гэж ойлгож болох ч нөгөө талаас авч үзвэл бүх субъектэд хамаарал бүхий эрх зүйн зохицуулалтын ерөнхий хэм хэмжээ юм. Практикт шууд хууль тогтоомжийн хэлбэртэй, эсвэл хуулийн ерөнхий утга санааны хэлбэртэйгээр хэрэгждэг. Гипотез нь төрийн хүсэл сонирхлыг төдийгүй хууль зүйн ач холбогдол бүхий амьдралын тодорхой орчныг заана. Ганц нөхцөлөөс хамаарч байвал энгийн гипотез, хоёр ба түүнээс дээш нөхцөлөөс хамаарч байвал нийлмэл гипотез гэнэ. Диспозици нь хүн, хуулийн этгээдийн зүйтэй болон зүй бус үйлдлийг заана. Иргэний болон зохицуулах эрх зүйн салбарт диспозици үйл байдлын зүйтэй байдлыг тусгасан дүрэм журмын хэлбэртэй бол эрүүгийн эрх зүйд үйлдлийг хориглосон шинж давамгай гарч ирдэг. Тодорхойлох байдлаар нь диспозицийг энгийн, тодорхойлох, бланкет гэх зэргээр ангилна. Санкци нь хууль эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлээгүй улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын заан а. Хууль хэрэглэхдээ агуулгын хувьд тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой хуулийг сонгоход болон түүнийг хэрэглэхдээ баримтлах шалгуур буюу хууль хэрэглэх зарчмыг ашиглана. ЗХШХШтХ 11 дүгээр зүйл. Хууль хэрэглэх 11.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. 11.2.Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн ХХША-г түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана. 11.3.Улсын дээд шүүх энэ хуулийн 11.2-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана. 11.4.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. 11.5.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. 11.6.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй. 11.7.Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй. Хуулийн ерөнхий хийсвэр зохицуулалтын улмаас хууль тодорхой бус, ойлгомжгүй, зөрчилтэй, тэр ч бүү хэл огт зохицуулалтгүй орхигдсон тохиолдол гарвал шүүхээс тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхийн тулд хууль хэрэглэхдээ хууль тайлбарлах арга [7] буюу казуал тайлбар ашиглана. Хуулийг үгчлэн, системчлэн, Үндсэн хууль нийцүүлэн, түүхчлэн, телеоги зэрэг тайлбарлах, төсөөтэй хэрэглэх арга байна. Эдгээрийг товч тайлбарын хамт инфографик зурагт харуулав. [7] Хэм хэмжээг хөгжүүлэх, хуулийг төгөлдөржүүлэх Зураг 1 Хуулийн тайлбар хийх арга Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй эрх зүйн үндэслэл буюу хууль өөрчлөгдсөн, эсхүл бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нэхэмжлэлийн агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зорилго болон түүний эрх хамгаалагдах боломжийг илүүтэй анхаарч шинэ процессын зохицуулалтыг хэрэглэнэ. Харин материаллаг хууль өөрчлөгдвөл нэхэмжлэлийн төрлөөс хамааран хэрэглэх хуулийн талаар хүснэгтэд харууллаа. Хүснэгт 5 Хууль өөрчлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэрт баримтлах хууль Нэхэмжлэлийн төрөл Шүүхийн баримтлах хууль Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл Шүүх МБА гарсан үеийн хууль, бодит нөхцөл байдлыг үнэлэх ёстой боловч МБА нь одоо үзүүлж буй үр дагавар нь чухал байдаг. Үүрэг хүлээлгэх буюу даалгах нэхэмжлэл Захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж, нөхцөл байдалд нийцсэн байх ёстой тул шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж дагуу шийдвэрлэнэ. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэл Нэхэмжлэгчийн тогтоолгох гэж буй харилцаа нь тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа эсэхээс хамаарна. Захиргааны акт, гэрээг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэл Тухайн цаг үеийн хууль тогтоомж, нөхцөл байдлыг үнэлж шийдвэрлэнэ. Дадлагын хугацаанд шүүгч, шүүгчийн туслахын зааварчилгааны дагуу, шүүхийн шийдвэрийн загвар, ЗХАШШ-ийн шийдвэр боловсруулах аргачлалыг ашиглан шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулж өөрийгөө сорьсон ба хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэрийг хавсаргав (Хавсралт 24) . Гүйцэтгэх хуудас Дадлагын хугацаанд гүйцэтгэх хуудас бичиж боловсруулсан болно (Хавсралт 25) . Энэхүү баримт бичиг нь шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг дагаж гардаг. ЗХШХШтХ 136 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл 136.1.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна. Албан тоот Хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох тухай албан тоот Дадлагын хугацаанд хариу тайлбар, тайлбар авах, төлөөлөгч томилох албан тоотуудтай танилцсан (Хавсралт 26) . Нотлох баримт гаргуулах тухай албан тоот Дадлагын хугацаанд нотлох баримт шаардах албан тоотын төслийг бичиж боловсруулсан (Хавсралт 27) . Шүүгч хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс шаардан гаргуулахдаа албан бичиг болон шүүгчийн захирамж явуулж болно. Албан бичигт нотлох баримт гаргуулах болсон шалтгаан, ямар нотлох баримтыг гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацааг заана (Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал) . Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоот Дадлагын хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тооттой танилцсан (Хавсралт 28) . Давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх тухай албан тоот Дадлагын хугацаанд давж заалдах шатны шүүх рүү хэрэг хүргүүлэх албан тооттой танилцсан (Хавсралт 29) . Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Дадлагын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын төсөл бичив (Хавсралт 30) . ЗХШХШтХ 63 дугаар зүйл. ХХША-ны хугацаа 63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 63.2.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 63.3.Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно. 63.4.ХХША-ны явцад бусад хугацааг энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацааны дотор шүүгч тогтоож болно. 63.5.ХХША-ны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн хугацаа энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацаанд хамаарахгүй. Хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Дадлагын хугацаанд хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх зөвлөгөөний тогтоолтой танилцсан (Хавсралт 31) . Ерөнхий шүүгчийн захирамж Шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх тухай ерөнхий шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 32) . Даргалагч албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд даргалагч албажуулах ерөнхий шүүгчийн захирамжийн төсөл бичив (Хавсралт 33) . ЗХШХШтХ 72 дугаар зүйлийн 72.1.Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна. Шүүх бүрэлдэхүүн албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж Дадлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн албажуулах ерөнхий шүүгчийн захирамжтай танилцсан (Хавсралт 34) . Шүүгчийн туслах нь дурдсан эрх зүйн баримт бичгийг боловсруулаад зогсохгүй шүүх хуралдааны өмнө болон дараа хэргийн оролцогч болон бусад талд танилцуулах, тараах, хүргэх зэрэг үүргийг бичиг хэрэгтэй хамтран гүйцэтгэдэг. ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоотыг боловсруулж, бичиж дадлагажсанаар: (i) эрх зүйн актын төрөлтэй танилцах; (ii) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон процессын шийдвэрийг ялгах; (iii) шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, гаргах эрхгүй тохиолдол, хуульд заасан хугацаа, хүчин төгөлдөр болох тохиолдлыг мэдэх; (iv) шүүх хуралдаанд шүүгч дангаар болон бүрэлдэхүүнтэйгээр оролцох тохиолдлыг ялгах; (v) илт үндэслэлгүй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх тохиолдлыг мэдэж авах; (vi) эрх зүйн үр дагаврыг ойлгох; (vii) эрх зүйн акт боловсруулах арга зүйд дадлагажих; (viii) хууль хэрэглээний талаар суралцах; (ix) ХХША-г системтэйгээр үр дүнтэй явуулахад эрх зүйн баримт бичгийн урсгалын зохион байгуулалтыг ойлгож авах ач холбогдолтой байлаа. Ж.Танан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил Ашигласан эх сурвалж УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол . (2021, 9 20). Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай. Монгол Улсын Дээд шүүх. ШЕЗ . (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол . Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан. Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоот #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныХэргийнШүүх #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЭрхЗүйнАкт #АлбанТоот #ШүүгчийнЗахирамж #ШүүхийнТогтоол #ШүүхийнШийдвэр #ГүйцэтгэхХуудас #АлбанТоот #ШүүгчдийнЗөвлөгөөнийТогтоол #ЕрөнхийШүүгчийнЗахирамж #ЗахиргааныПроцесс #ПроцессынШийдвэр #ШүүхБүрэлдэхүүн #ГомдолГаргахЭрх #ХамтранХариуцагч #ГуравдагчЭтгээд #ГуравдагчЭтгээд #НотлохБаримт #Нэхэмжлэгч #Хариуцагч #шүүхХуралдаан #ЭрхЗалгамжлагч #ЗахиргааныАкт
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль → Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зарчим
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндэс, зорилго, зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг иж бүрэн зохицуулсан бөгөөд шударга ёсыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн эрх зүйн суурь орчныг бүрдүүлдэг. Энэхүү бүлэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу ял оногдуулах, гэм буруугүй хүнийг аливаа үндэслэлгүй яллахгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэнэ. Үүний зэрэгцээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн засаглал, шүүх, хуулийн өмнө эрх тэгш байх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, гэм буруугүйн зарчмыг чанд сахих зарчмууд дээр тулгуурлан явагдах ёстойг тодорхойлсон бөгөөд эдгээр зарчим нь мөрдөн шалгах, яллах, шүүхийн шат бүрд бүх оролцогч талын эрхийг хамгаалж, хууль ёсны ажиллагааг хангах үндэс болдог. Нэгдүгээр бүлэгт мөн хуульд хэрэглэгдэх нэр томьёог тодорхой нарийвчилсан байдлаар тайлбарласнаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хоёрдмол ойлголт үүсэхээс сэргийлэх, маргаангүй хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн, хэрэв эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж буй хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн ажиллагааг түр түдгэлзүүлж, асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандуулах замаар эрх зүйн хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан нь хүний эрх, шударга ёсыг хангах хамгаалалтын механизм болохыг онцлон тодорхойлжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлэг нь эрүүгийн процессын үе шат бүрд хүний эрхийг дээдлэн хамгаалах, шударга шүүхийн зарчмыг хэрэгжүүлэх, хууль ёсыг чанд сахиулах эрх зүйн суурь үндэс болж байна. Ж.Танан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #ЭрүүгийнПроцессынЭрхЗүй #ЭрүүгийнХэрэг #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныЗорилт #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныХэмжээХязгаар #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааЯвуулахХэрБичиг #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааЯвуулжБолохгүйТохиолдол #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааХуульЁсныБайх #ЭрүүгийнХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ХэргийнБодитБайдлыгТогтоох #ХүнийХалзашгүйБайхЭрхийнХангах #ЭрүүШүүлтХүнлэгБусХарьцаанаасАнгидБайх #ОронБайрныХалдашгүйБайдлыгХангах #ИргэнийГэрБүл #ЗахидалХарилцаа #МэдээллийгХамгаалах #ХуульШүүхийнӨмнөЭрхТэгшБайх #ШүүхэдХандах #ӨмгөөлүүлэхЭрх #ХуульЗүйнТуслалцааАвахЭрх #ГэмБуруугүйдТооцох #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаагЦахимаарЯвуулах
- Татварын ерөнхий хууль, сонирхолтой мэдээлэл
Энэхүү ажлаар ТЕХ-ийн зарим заалтыг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс төдийгүй, практик хэрэглээний талаас онцолж, татвар төлөгчдийн нүдээр хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгааг товч, анхаарал татахуйц байдлаар харуулахыг зорив. Татварын хуулийн эрх зүйн шинж чанар нь зөвхөн хууль тогтоомжийн зохицуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн хуулийг хэрэглэгчид, тэр дундаа иргэд, аж ахуйн нэгж, татварын албан хаагчид хэрхэн ойлгож, хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг байдалд шууд хамааралтай. Тиймээс тааламжтай болон тааламжгүй гэж ангилсан дүн шинжилгээ нь хуулийн зарим заалтыг харьцангуй үнэлэх, иргэн ↔︎ төрийн харилцаанд үүсэх бодит ойлголтлыг тодотгоход тус дэм болно. Түүнчлэн, татварын улсын байцаагчдад олгогдсон онцгой эрх, ТЕХ-д тусгагдсан өвөрмөц, бусад улсын эрх зүйн зохицуулалтад тэр бүр тохиолддоггүй заалтуудыг онцлон авч үзсэн болно. Энэ нь зөвхөн хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд төдийгүй, татварын бодлого, удирдлагын өнөөгийн чиг хандлага, харьцуулсан эрх зүйн судалгаанд ач холбогдолтой хөндлөнгийн өгүүлэмж болж үйлчилнэ. Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн хувьд хамгийн тааламжгүй заалт Татвар төлөгчийн эрх, үүрэг, хяналт шалгалт, мэдээллийн ил тод байдал зэрэг нь ТЕХ-р тодорхой зохицуулагдсан ч зарим зүйл, заалт татвар төлөгчийн хувьд практик хэрэгжилт дээр тодорхойгүй байдал, нэг талын дарамт учруулах эрсдэл дагуулж буйг анхаарах нь зүйтэй. Тиймээс хуулийн онцлох заалтыг жагсаав. Үүнд: 1. Татвар төлөгчийн мэдээллийг урьдчилан сануулгагүй олон нийтэд нийтлэх эрх ТЕХ-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр жагсаалт хэлбэрээр албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлнэ:” гээд, 13.4.1-д “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, шалгагдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагаас мэдээлэл ирсэн тухай бүрд;” гэжээ. Энэ зохицуулалт нь үндсэндээ зөрчлийг шүүхээр тогтоогоогүй байхад олон нийтэд мэдээлэх боломжийг нээж байгаа бөгөөд татвар төлөгчийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэл дагуулна. Хэдийгээр 13.5-д “урьдчилан мэдэгдэх” заалттай ч бодит нөхцөлд уг мэдээлэл зөвхөн формаль байдлаар хийгддэг талаар гомдол гардаг. 2. Эрсдэлийн үнэлгээний шалгуурыг нууцлах ТЕХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Татварын алба энэ хуулийн 12.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтад хамруулах эрсдэлийн үнэлгээний нарийвчилсан үзүүлэлтийг татвар төлөгчид мэдээлэхгүй.” гэжээ. Татварын хяналт шалгалтад өртөх эсэх нь эрсдэлийн үнэлгээнд үндэслэдэг ч тухайн шалгуур нууц байгаа нь татвар төлөгчийн хувьд тодорхой бус байдал үүсгэж, бэлтгэлгүйгээр шалгалтад өртөх, зардал нэмэгдэх нөхцөл болно. 3. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм ТЕХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Татварын хяналт шалгалтын үеэр доор дурдсан нөхцөл бүрдсэн нь тогтоогдсон боловч хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй бол Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эрхтэй байна:” гэжээ. Энэхүү заалт нь татварын схем [1] гэх өргөн ойлголтыг тайлбаргүйгээр хэрэглэснээс гадна, нөхөн ногдуулалтыг хэт ерөнхий үндэслэлээр шийдэх боломжтой болгож, татвар төлөгчийн эрх зүйн баталгааг сулруулна. Олон улсын татварын практикт Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (General Anti-Avoidance Rule - GAAR) нь ихэвчлэн нарийн зааг, хязгаартайгаар хэрэглэгддэг бол манай улсын хувьд илүү өргөн хүрээтэй хэрэгжих аюултай. Хэдийгээр эдгээр заалт хуульд хууль ёсны үндэслэлтэйгээр туссан ч бодит амьдрал дээр хэрэгжих явцад татвар төлөгчийн эрх зүйн байдлыг сулруулах, ил тод, шударга зарчим алдагдах эрсдэл дагуулж болзошгүй нь эдгээрийг хамгийн тааламжгүй заалт гэж үнэлэх үндэслэл болно. Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн хувьд хамгийн тааламжтай заалт Татвар төлөгчийн эрхийг хамгаалсан, тэдэнд ээлтэй гэж үзэж болох ТЕХ-ийн зарим зохицуулалтыг татвар төлөгчийн хувьд хамгийн тааламжтай заалт гэж онцолж болно. Эдгээр заалт нь татвар төлөгчийн мэдээлэлтэй байх, өөрийгөө хамгаалах, зохицуулалтад оролцох, эдийн засгийн нөхцөл байдалдаа нийцүүлэн төлбөр хийх боломжийг хуулиар баталгаажуулсан байдлаар илэрхийлэгддэг. Үүнээс хамгийн онцлох гурван заалтыг тодорхойллоо. 1. Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт ТЕХ-ийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно:” гэжээ. Түүнчлэн, 53 дугаар зүйлийн 53.2-т “Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна.” гэж заажээ. Татварын өр төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой нь иргэн, аж ахуйн нэгжийн бодит амьдрал дахь төлбөрийн чадвар, нийгэм - эдийн засгийн хүндрэлийг харгалзан үзэж, уян хатан зохицуулалт хийх эрх зүйн боломжийг олгож буй. 2. Тооцох алдангийн хөнгөлөлт ТЕХ-ийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Энэ хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийг 20 хувиар хөнгөлнө” гэжээ. Энэ нь татвар төлөгчийн хувьд зохистой хамгаалалт, санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх нөхцөл болно. 3. Гомдол гаргах эрх ТЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй.” гэжээ. Татвар төлөгч нь татварын албаны гаргасан актад шууд захирагдахгүй, харин өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны журмаар давж заалдах, маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Энэ бол захиргааны үйл ажиллагаанд хяналт тогтоох механизм бөгөөд татвар төлөгчдөд илүү ойлгомжтой, зардал багатай хэлбэрээр маргааныг шийдвэрлэх боломж олгож байна. Үүний дараа шүүхэд хандах эрх нээлттэй хадгалагдана. Эдгээр заалт нь ТЕХ-ийн нийгэмд чиглэсэн, татвар төлөгчийг хамгаалсан бодлогын илэрхийлэл бөгөөд эрх зүйн итгэлцлийг нэмэгдүүлж, хуулийн хэрэглээний үр нөлөөг бодит амьдралд мэдрүүлэх чухал нөлөөтэй зохицуулалт юм. Хуульд тусгасан энэхүү эерэг эрх нь татварын сахилга батыг зөвхөн хяналтаар бус, харилцан хүндлэл, ойлголцлоор хангах орчныг бүрдүүлдэг байна. Татварын алба, татварын улсын байцаагчид олгосон ер бусын эрх ТЕХ-д зааснаар татварын улсын байцаагч нь ердийн төрийн албан хаагчаас ялгаатайгаар нийгэм, эдийн засгийн харилцаанд шууд нөлөөлөхүйц албадан гүйцэтгэх эрх, үзлэг, шалгалт хийх бүрэн эрх, мэдээлэл цуглуулах онцгой бүрэн эрхийг эдэлдэг. Тухайлбал, ТЕХ-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээний газар, албан байр, агуулах, зооринд нэвтрэн орж, ажлын зураг авалт, үзлэг хийх, тооллого явуулах, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй.” гэжээ. Энэ нь захиргааны байгууллагын мэдүүлэг авах ерөнхий эрхээс хальж, тодорхой арга хэмжээг газар дээр нь шууд хэрэгжүүлэх түвшний эрх мэдэл юм. Ийм төрлийн өөр нэг жишээ татвал, ТЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж, татвар төлөгч татвараа төлөхгүй нь тодорхой болсон тохиолдолд ногдол нь тодорхой татварыг татварын алба урьдчилан хурааж болно:” гэжээ. Энэ нь татвар төлөгчийн өмчлөх эрхийг шууд хязгаарлах өндөр эрх мэдэлд тооцогдоно. Энэ зохицуулалт нь эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч, хэрэгжүүлэхдээ иргэний эрхийн баталгааг сайтар хангах шаардлагатай. Түүнчлэн, ТЕХ-ийн 20 дугаар зүйлийн 20.2-т, “Татварын улсын байцаагч мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах зорилгоор байр, агуулахаас гадна татвар төлөгчийн орлого, зарлага, ажил гүйлгээний мэдээлэл бүхий компьютер, техник хэрэгсэл, программ хангамжид нэвтрэн орох эрхтэй.” гэжээ [2] . Үүн дээр үндэслэн татвар ногдуулах нь эрх зүйн чадамжтайд тооцогдох эсэх нь эргэлзээ дагуулах ба энэ нь төр ↔︎ иргэний хоорондын итгэлцэл, хувийн мэдээллийн хамгаалалт зэрэг эрх зүйн суурь зарчимтай уялдах ёстой нарийн тэнцвэр шаардсан зохицуулалт юм. Иймд эдгээр эрх нь татварын улсын байцаагч болон Татварын албаны захиргаанд олгосон ер бусын буюу онцгой эрх болохыг анзаарч, эрх мэдлийн хязгаар, хяналтын механизм хангагдсан эсэхэд эрх зүйн хяналт, судалгаа хийх шаардлагатай юм. Бусад улсын татварын хуульд байдаггүй, зөвхөн Монгол Улсын Татварын ерөнхий хуульд тусгагдсан хуулийн зохицуулалт ТЕХ нь зарим талаараа олон улсын татварын эрх зүйн жишигт нийцсэн, нөгөө талаар Монгол Улсын хууль зүйн орчны онцлог, зах зээл болон төрийн институтийн бүтцэд суурилсан өвөрмөц зохицуулалтуудыг агуулдгаараа онцлог юм. Тэдгээрээс хамгийн анхаарал татах нь татварын суутган тооцох, буцаан олгох, өр төлөх үйл ажиллагаанд иргэдийн хандив, буцалтгүй тусламжийг ашиглах боломжоор холбогдсон зохицуулалт юм. Тухайлбал, ТЕХ-ийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэхэд дараах зарчим баримтална: 53.3.1.татвар төлөх хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийн дүн нь 10.0 сая төгрөгөөс доош, эсхүл хөнгөлөх хугацаа нь 3 сар хүртэлх татварын өрд барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд бусад тохиолдолд сунгасан хугацаанд хамаарах алдангийн хэмжээг оруулсан дүнгээс багагүй хэмжээний барьцаа хөрөнгийг шаардана; 53.3.2.барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, Засгийн газрын үнэт цаас байх ба барьцаалах ажиллагааг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримтлан хэрэгжүүлнэ; 53.3.3.энэ хуулийн 53.3.1-д заасан барьцааны оронд бусад этгээдийн батлан даалтыг ашиглаж болно; 53.3.4.татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн чадавхыг тэмдэглэн, түүнд үндэслэн гаргасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарийг тусгана.” Эдгээд зохицуулалт нь татварын өр төлөх хугацааг хөнгөлөхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн барьцаа хөрөнгөөр төлбөр хойшлуулах, гуравдагч этгээд батлан даах, татвар төлөх хуваарьт хөрөнгийн байдал тусгасан хүсэлт гаргах, барьцаа нь Засгийн газрын үнэт цаас байж болох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан нь олон улсын жишигт түгээмэл харагддаггүй [3] . Мөн ТЕХ-ийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр жагсаалт хэлбэрээр албан ёсны цахим хуудсанд нийтэлж, олон нийтэд мэдээлнэ:” гэж заасан. Татвар төлөгчийн татварын мэдээллийг олон нийтэд зарлах эрхийг Татварын албанд байдаг нь хүний хувийн мэдээллийг хамгаалах олон улсын зарчимтай зарим талаар зөрчилдөж болох ч, Монгол Улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үзэл санааны илрэл юм. Үүнээс гадна, ТЕХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.” гэжээ. Энэ заалтыг гүйцэд тунгаан ойлговол, татварын алба тухайн этгээдийн бүртгүүлэх хүсэлт, эсвэл бүртгэлтэй холбоотой гуравдагч этгээдийн зөвшөөрөл, мэдээлэл дээр үндэслэн тухайн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд өөрөө татвар төлөгч болохоос татгалзсан эсэхээс үл хамааран, бусад эх сурвалжаас ирүүлсэн бодит мэдээлэл, үйл ажиллагаа, өмчлөлд үндэслэн татвар төлөгч хэмээн тооцох боломжийг нээж өгч байна. Энэхүү зохицуулалт нь бодит байдалд үндэслэсэн буюу de facto [4] үүрэг оноох, нийгмийн нийтлэг ашиг сонирхлыг урьтал болгосон механизм гэж үзэж болно. Татварын эрх зүйн практикт энэ нь гэрээ, хэлцлийн эрх чөлөөтэй зөрчилдөхгүй, харин эдийн засгийн бодит хөдөлгөөнийг татварын зохицуулалтад бүрэн хамруулахад чиглэсэн хандлага юм. Иймэрхүү зохицуулалт нь дэлхийн олон оронд байдаггүй, харин Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн онцлог аргачлалын нэг мөн. Эдгээр заалт нь Монголын татварын эрх зүйн орчны тогтвортой байдал, төрийн хяналтын зохицуулалт, эрсдэлийн удирдлагын чиг хандлагыг илэрхийлж байгаа бөгөөд ирээдүйд олон улсын эрх зүйн уялдаа, мэдээллийн хамгаалалт, татварын эрх зүйг хүний эрхийг хангасан, тэнцвэрт байдлыг эрэлхийлсэн асуудлуудад нийцүүлэх шаардлагатай байж болохыг харуулж байна. Ж.Танан Зүүлт тайлбар [1] Татварын схем гэж татварын ашиг хүртэх үндсэн зорилгоор хэрэгжүүлэх татвараас зайлсхийх үйл ажиллагааг хэлнэ. [2] Иргэний гар утсыг үзэх бүрэн эрхтэй гэсэн үг. [3] Банкны санхүүгийн байгууллагын зээл олгох, барьцаа хөрөнгө авах зэрэг тусгай эрхтэй адил эрх олгогдсон байна. [4] De facto гэдэг нь латин хэлний бодит байдал дээр гэсэн утгатай хэлц үг юм. Энэ нь хууль ёсоор (de jure) баталгаажаагүй ч бодит амьдрал дээр хэрэгжиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөл байдлыг илэрхийлдэг. Жишээлбэл, ямар нэг этгээд албан ёсоор эрх мэдэлтэй биш ч тухайн үүргийг хэрэгжүүлж байгаа бол түүнийг de facto удирдагч гэж хэлнэ. Ашигласан эх сурвалж УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга) . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ТатварынХууль #Хууль #ТатварТөлөгч #ТатварынБайцаагч #ТатварынЭрхЗүй #ЭрхЗүйнБоловсрол #ТатварынШинжилгээ #ТатварынХяналт #ТатварТайлагнал #ТатварынӨр #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #ОлонУлсынТатвар #ТатварынЕрөнхийХууль #ЭрхЗүй #МонголынТатварынАлба #ҮзлэгХийх #ЗурагАвах
- Татварын үүслийн түүхэн тойм
Удиртгал Орчин үеийн татварын ойлголт нь мөнгө болон орлогоос тодорхой хувь төлөхтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, хувь хүн болон аж ахуйн нэгж нь олсон ашгаасаа тухайн үйл ажиллагаа явуулж буй нутгийн захиргаа болон улсад тодорхой хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Татвар төлөхийн зорилго нь энгийн бөгөөд ойлгомжтой: нийгмийн ямар ч тогтолцоо, соёлын хэв маягтай байсан ч хүн татвар төлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авна. Хамгаалалт гэх үгийн цаана зөвхөн батлан хамгаалах, цэргийн хүчин төдийгүй төрийн зохион байгуулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг ил, далд олон талт ойлголт багтдаг. Эдгээр нь татварын орлогоор санхүүждэг төрийн үндсэн үүргийн илэрхийлэл юм. Түүхийн урт хугацаанд татварыг зөвхөн мөнгөөр бус, эд бараа, хөрөнгө, хөдөлмөр, цаашлаад биеэрээ ч төлж ирсэн байдаг. Зарим тохиолдолд хүн зөвхөн өөрөө бус, үр хүүхдээрээ, удам дамжин төлөхөөс өөр аргагүй нөхцөлд ордог байжээ. Үүнээс л “Амьдрах үнэн бол татвар төлөх нь гарцаагүй” гэх хэлц үг гаралтай [1] . Үеийн үед татвар нь аливаа улсын эдийн засгийн үндсэн тулгуур бөгөөд төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл байсаар ирсэн. Иймд татварын тогтолцоо нь тухайн улсын түүх, төрийн засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, эрх зүйн тогтолцоотой салшгүй уялдаатайгаар хөгжиж иржээ. Орчин цагийн татварын эрх зүйг гүн гүнзгий ухааран ойлгохын тулд түүний түүхэн үүслийг шинжлэх ухааны үүднээс судлах нь зайлшгүй бөгөөд туйлын ач холбогдолтой юм. Энэхүү ажлын зорилго нь татварын тогтолцооны түүхэн хөгжил, олон улс дахь татварын үүслийг тоймлон харуулахын зэрэгцээ Монгол Улсын татварын эрх зүйн тогтолцооны үүсэл, хөгжлийн үе шатыг шинжлэхэд оршино. Иймд энэхүү судалгаагаар татварын ойлголтын үүсэл, олон улс болон Монголын түүхэн хөгжлийн замнал, хууль зүйн тогтолцоонд шилжсэн процессыг түүхэн аргаар шинжлэх болно. Энэ ажил нь зөвхөн хууль зүйн талаас татварыг авч үзэх бус, нийгэм - эдийн засгийн хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал, олон улсын туршлага зэргийг хослуулан харуулах зорилготой юм. 1. Олон улсын татварын түүхэн хөгжил Татварын тогтолцоо нь төрийн үүсэл, хөгжилтэй салшгүй холбоотойгоор бүрэлдэн тогтсон бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн бүхий л үе шатанд ул мөрөө тодорхой үлдээжээ. Эрт үед татвар нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах хэрэгсэл бус, харин төрийн хамгаалалт, зам харилцаа, дотоод журам, шашны ёслол зэрэг нийгмийн үндсэн хэрэгцээг санхүүжүүлэх чухал механизм байв. Хаммурабигийн хуулийн цуглуулга нь Месопотамийн [2] эртний Вавилон улсад (~МЭӨ 1754 он) хэрэгжиж байсан хамгийн эртний хууль зүйн тогтолцооны нэг бөгөөд татварын зохицуулалтыг тусгасан анхны бичмэл баримтын нэг гэж тооцогддог. Энэхүү хуульд татварын хэмжээ, төлбөрийн хугацаа, хариуцлагын талаар тодорхой заалтууд орсон бөгөөд татварыг заасан хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр төлөхгүй бол хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тусгажээ. Үүнийг татварын эрх зүйн зохицуулалтын анхны хэлбэрийн нэг гэж үздэг. Марта Т. Ротын “Law Collections Mesopotamia and Asia Minor” (1997) номд эдгээр хууль зүйн заалтыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт, эдийн засгийн харилцаанд татварын тогтолцооны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэхүү бүтээл нь Месопотамийн хууль зүйн уламжлал, түүний татварын зохицуулалттай холбоотой түүхэн баримтуудыг судлахад чухал эх сурвалж болдог. Хаммурабигийн хуулийн цуглуулга нь татварын тогтолцооны үүсэл, хөгжлийг судлахад чухал ач холбогдолтой бөгөөд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт, төрийн эрх мэдлийн хэрэгжилт, эдийн засгийн харилцаанд татварын гүйцэтгэсэн үүргийг ойлгоход тусалдаг (Roth, 1997) . Эртний Египетийн татварын тогтолцоо нь төвлөрсөн төрийн бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг байжээ. Тоби Уилкинсоны “The Rise and Fall of Ancient Egypt” номд дурдсанаар, анхны хаант улсын үед л төр улс орон даяар татварын системийг бий болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өөрийн хэрэгцээнд ашиглах зорилготой байв. Энэ систем нь бичиг үсгийн хэрэглээнд тулгуурлаж, улс орны баялгийг бүртгэх, татвар ногдуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Нармерийн үеийн вааран савнуудад [3] бичигдсэн хамгийн эртний бэхэн бичээснүүд нь өмнөд ба умард Египетээс хураан авсан орлогыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь татварын зорилгоор улсыг хоёр хуваан зохион байгуулсныг харуулдаг. Татвар хураагчид буюу бичээчид (scribes) нь ургац хураалтын үеэр тариалангийн талбайн ургацын хэмжээг тооцоолж, иргэдээс тодорхой хувийг татвар болгон хураадаг байв. Тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд хүч хэрэглэдэг байсан бөгөөд татвар төлөөгүй иргэдэд хатуу шийтгэл ногдуулдаг байжээ. Тухайлбал, татвар төлөөгүй иргэдийг зодож, зарим тохиолдолд үхэлд хүргэх хүртэл шийтгэдэг байсан тухай баримтууд байдаг. Энэ нь татварын тогтолцооны хатуу чанарыг илтгэнэ. Эртний Египетийн татварын систем нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангахаас гадна төрийн эрх мэдлийг тогтвортой байлгах, нийгмийн зохион байгуулалтыг хангах чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Татварын орлогоор төрийн үйл ажиллагааг санхүүжүүлж, нөөц хуримтлуулж, ирээдүйн гамшигт нөхцөлд бэлтгэл хангадаг байсан нь тухайн үеийн төрийн зохион байгуулалтын онцлогийг харуулдаг (Wilkinson, 2013) . Энэ нь татварыг эд бараагаар төлөх хэлбэрийн сонгодог жишээ юм. Ромын эзэнт гүрэнд татварын тогтолцоо нь төрийн төсвийн гол үндэс суурь болж байв. Татварыг төрөлжүүлэн ногдуулах систем бүрэлдэж, хувь хүн, газар, боомт, боол, худалдаа зэрэг бүхий л эдийн засгийн харилцаанд татвар ногдуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Тусгай эрх бүхий гэрээт этгээд болох Publicani нар татвар хураах үүрэгтэй байж, тэднийг гэрээний үндсэн дээр ажиллуулдаг байсан нь төр ба хувийн хэвшлийн хоорондын хамгийн эртний институтийн гэрээт татварын тогтолцооны нэг жишээ юм (Brunt, 1971) . Түүнчлэн энэ тогтолцоо нь Ромын захиргааны байгуулалт, эдийн засгийн зохион байгуулалт өндөр түвшинд хөгжсөнийг илтгэнэ. Гэсэн ч тухайн нийгмийн бүтэц, иргэний зэрэг зиндаа нь татварын ачаалалд шууд нөлөөлж байв. А.Х.М. Жонсын тэмдэглэснээр, язгууртнууд болон газар эзэмшигч дээд давхаргынхан татварын хөнгөлөлт эдэлж, зарим тохиолдолд татварын журмыг өөрсдөө тогтоох хэмжээний эрх мэдэлтэй байжээ (Jones, 1974) . Энэ нь төрийн бүтцэд нийгмийн анги давхаргын нөлөө, эрх мэдлийн төвлөрөл хэр гүнзгий байсныг харуулдаг. Хятадын Тан улсын үед төвлөрсөн төрийн тогтолцоо бэхэжсэнтэй уялдан, татварын тогтолцоо хүн амын тоо, газар тариалангийн үр өгөөжийг үндэслэн тооцдог нарийн системд суурилж байв. Төр нь газар бүрийн хүн ам, газар эзэмшлийн хэмжээг бүртгэж, тэдгээрийн нөөц боломжид тохируулан татвар ногдуулах тогтолцоог хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд шуудан татвар (yifu) болон ажил хөдөлмөрийн алба (yaoyi) зэрэг татварын хэлбэр түгээмэл хэрэглэгдэж байсан нь төрийн хэрэгцээг хангах ажиллах хүчийг шууд татан төвлөрүүлэх хэрэгсэл болж байв (Twitchett, 2008) . Эдгээр татвар нь мөнгөөр бус, хөдөлмөрөөр буюу биеэр гүйцэтгэгддэг байснаараа хожмын үед нэршсэн биеэр төлөх татварын уламжлалыг илтгэж байна. Жишээлбэл, тариачдыг зам барих, хүрээ хотоос бараа зөөх, цэргийн хангалт тээвэрлэх зэрэг төрийн үйлчилгээнд татан оролцуулж, оронд нь эдийн засгийн хөнгөлөлт үзүүлдэг байв. Ийнхүү Тан гүрний татварын тогтолцоо нь төрийн хүчний шууд илрэл байхаас гадна хүн ам зүйн болон эдийн засгийн бодит мэдээлэлд тулгуурласан төвлөрсөн захиргааны дэвшилтэт бүтэц байсныг харуулдаг. Чарльз Тиллигийн үзэж байгаагаар, Европын улс гүрнүүд дайны бэлтгэл хангах, дайн хийх явцад хэрэгцээтэй нөөцийг төвлөрүүлэх зорилгоор татварын тогтолцоог хөгжүүлсэн. Тэрээр төр нь дайн хийх замаар бүрэлдэж, дайн нь төрийн тогтолцоог хөгжүүлэх гол шалтгаан болдог гэж үзсэн нь татварын тогтолцооны үүсэл, хөгжлийг тайлбарлах чухал онол юм. Дайны зардлыг санхүүжүүлэхийн тулд улс гүрнүүд татварын тогтолцоог бий болгож, улмаар төвлөрсөн төрийн бүтэц, бюрократ системийг хөгжүүлсэн байна. Онолын дагуу төрийн үндсэн үйл ажиллагаа нь дайн хийх, төрийг бий болгох, иргэддээ хамгаалалт үзүүлэх, нөөц татан төвлөрүүлэх гэсэн дөрвөн чиглэлд төвлөрдөг. Эдгээр үйл ажиллагаа нь харилцан уялдаа холбоотой бөгөөд татварын тогтолцоо нь эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг хангах үндсэн хэрэгсэл болдог (Tilly, 1992) . Татварын тогтолцоо нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээг хангах төдийгүй, төрийн эрх мэдлийг тогтвортой байлгах, нийгмийн зохион байгуулалтыг хангах чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Иш татсан түүхэн жишээнүүдээс харвал, татварын тогтолцоо нь тухайн нийгмийн төрийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэц, засаглалын чадамжтай салшгүй уялдаатайгаар хөгжиж иржээ. Татвар нь зөвхөн эдийн засгийн хэрэгсэл бус, төрийн оршихуйн бодит илэрхийлэл, нийгмийн хяналт, дэг журмыг тогтоох хэрэгсэл болж байв. Баррингтон Мур Жр.-ийн дүгнэснээр, эрх мэдлийн төвлөрөл, хөрөнгийн хуваарилалт, тариачдын татварын ачаалал зэрэг нь аливаа нийгмийн төрийн хэлбэр, цаашлаад ардчилал эсвэл дарангуйллын төлөвшилд ч нөлөөлөх хүчин зүйл болдог (Moore, 1993) . Түүхийн олон үе шатанд шударга бус, хэт өндөр татвар нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, эсэргүүцэл, бослого хөдөлгөөнийг өдөөгч болж иржээ. Жишээ нь, Хятадын Тан улсын сүүл үед хууль бус татварууд нэмэгдсэн нь тариачдын өргөн хүрээтэй бослого (An Lushan Rebellion) [4] гаргах шалтгааны нэг болж байв. Түүнчлэн Францын XIV Людовикийн үед анги давхаргын ялгавартай татварын тогтолцоо нь улс төр, нийгмийн хямралд хүргэж, Францын хувьсгалын шалтгаанд ч нөлөөлсөн гэж судлаачид тэмдэглэдэг. Иймд татвар нь зөвхөн төсвийн хэрэгсэл бус, нийгмийн тэнцвэр, засаглалын үр нөлөөг тодорхойлогч гол хүчин зүйл байсан гэдгийг түүх нотолдог. 2. Монгол нутаг дахь татварын уламжлал Монголын нутаг дэвсгэрт татвартай дүйцэхүйц ойлголт эрт дээр үеэс оршиж ирсэн. Энэ нь зөвхөн эдийн засгийн хэрэгцээнээс үүдэлтэй бус, төрийн үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр, иргэн - төрийн харилцааны үндэс болж байжээ (Б.Баярсайхан, 2002) . Монголын Их хаадын үед алба , гувчуур зэрэг уламжлалт татварын хэлбэр нь төрийн орлогын гол эх үүсвэр байж, улс төр, цэргийн тогтолцоог санхүүжүүлэх үндсэн хэрэгсэл болж байв. Эдгээр албыг төвлөрүүлэх, хяналт тавих зохион байгуулалт нь төрийн захиргааны суурь үүргийн нэг гэж тооцогдож байснаараа татвар гэх ойлголтын эртний илрэл, төрийн нэгдмэл бодлогын хэрэгжилт байжээ (Atwood, 2004) . Хамгийн анхдагч эрх зүйн эх сурвалж болох Их Засаг хуульд төрийн хэрэгцээнд зориулан хүн хүч, эд хөрөнгө, зэвсэг болон бусад нөөцийг хэрхэн, ямар хугацаанд, хэн нийлүүлэх талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Энэ цаг үеийн татварын зохицуулалт зөвхөн эдийн засгийн хэрэгцээ бус, цэргийн дайчилгаа, нийгмийн зохион байгуулалттай нягт уялдаж байсныг нотолдог (Ц.Батбаяр, 2002) . Чингис хааны үеийн Монголын төрийн орлогын тогтолцоо нь нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засгийн бүтэцтэй нягт уялдаж байв. Байгалийн баялаг дээр үндэслэсэн нийгэмд татвар нь мөнгөн бус, харин мал сүрэг, арьс шир, зэр зэвсэг, хүнс болон хөдөлмөрийн хүчээр биелэгддэг байсан нь нүүдэлчдийн аж ахуйн хэлбэрт нийцсэн зохицуулалт байлаа. Нийгмийн баялаг болох мал, эд хөрөнгө нь овог аймгийн язгууртнуудын мэдэлд төвлөрсөн бөгөөд тэдгээрээс татвар, алба татах замаар төрийн хэрэгцээг хангаж байжээ. Ш.Бирагийн тэмдэглэснээр, Монголын нийгмийн зохион байгуулалт овгийн нэгдэл, язгууртны давамгайлалд тулгуурлаж, улмаар төвлөрсөн төрийн бүтэц рүү шилжиж байсан энэ үе шатанд алба, гувчуурын харьцаа нь зөвхөн эдийн засгийн үүрэг бус, язгууртан болон харьяат иргэдийн хоорондын захирагдах, өргөл хүндлэх ёс суртахууны илэрхийлэл болж байв. Ийнхүү татвар нь тухайн үеийн нийгмийн шаталсан бүтэц, төвлөрсөн төрийн эрх мэдлийг хангах, тогтвортой байлгах чухал механизм болж хөгжсөн байна (Bira, 1998) . Юань гүрний үед Монголын төрийн захиргаа Хятад, Төвөд, Зүүн гар, Хар Хорин зэрэг бүс нутгийг багтаасан өргөн уудам газар нутагт төвлөрсөн татварын тогтолцоог бий болгож, суурин иргэншлийн онцлогийг тусгасан төвлөрсөн эдийн засгийн бүтэцтэй болжээ. Зах зээл, худалдааны гол зангилаа газруудад гаалийн алба байгуулж, бараа бүтээгдэхүүн, малын арилжаа, газар эзэмшилд ногдуулах олон төрлийн татвар тогтоон хурааж байсан нь зах зээлийн харилцааг зохицуулах бодлогын эхлэл байв. Албан татвар хураах үйл ажиллагаа нь тухайн үеийн төрийн институтийн зохион байгуулалтын дэвшлийг харуулж байлаа. Албан тушаалтнууд тусгай тамга бүхий зөвшөөрөлтэйгөөр татвар хураах эрхийг эдэлж, хураалтын тоо хэмжээг нарийн бүртгэж, тайлагнах үүрэг хүлээдэг байв. Энэ нь зөвхөн татварын төдийгүй, төрийн мэдээлэл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэж эхэлсний илрэл юм. Юань төрийн энэ төрлийн бүртгэл, дэг журмыг хэрэгжүүлсэн нь төрийн хяналт, нэгдмэл бодлогыг бататгасан томоохон институтийн шинэчлэлд тооцогддог (Atwood, 2004) . Манж Чин улсын эрхшээлд байсан XVII-XX зууны Монгол нутагт татварын уламжлалт хэлбэрүүд хадгалагдаж, өөрчлөгдөн хөгжиж байв. Монголчууд Манжийн төрд өргөл , гувчуур , тайжийн татвар гэх мэт албан ёсны болон ёс уламжлалын шинжтэй алба хураамж төлдөг байжээ. Эдгээрийг ихэвчлэн мал сүрэг, арьс шир, ноос ноолуур зэрэг хэлбэрээр төвлөрүүлдэг байсан нь тухайн үеийн бэлэн мөнгөөр бус, харин бараа таваараар төлөх эдийн засгийн тогтолцоотой уялдана. Татвар хураалт нь орон нутгийн захиргааны шугамаар, хошуу ноёд, тайж нарын оролцоотойгоор хэрэгждэг бөгөөд энэ нь төвөөс зах хүртэлх захиргааны шатлалаар дамжуулан татвар цуглуулах тогтолцоог бүрдүүлж байв. Йохан Элверскогийн судалгаанд тэмдэглэснээр, Манжийн төр Монголыг буддын шашин, язгууртны давхаргыг ашиглан дотоод захирах системээр удирдаж байсан нь татварын бүтэц, цуглуулалтын хэв маягт тодорхой тусгалаа олжээ. Энэ систем нь Монголын ноёдод харьяат иргэдээс татвар, алба ногдуулах эрхийг тодорхой хэмжээгээр олгож, оронд нь Манжийн төрд тогтсон хэмжээний хураамжийг хүргүүлэх үүрэг хүлээлгэж байв. Ийнхүү захиргааны түвшинд төвлөрсөн биш, дам зуучлалтай татварын хэлбэр нь тухайн үеийн төрийн удирдлагын арга барил, нийгмийн зохион байгуулалттай нягт уялдсан байжээ (Elverskog, 2008) . 1921 оны Ардын хувьсгалын дараа байгуулагдсан Ардын Засгийн газар нийгмийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор албан татварын олон хэлбэрийг шинээр тогтоож эхэлсэн. 1920-иод оны эхээр эд хөрөнгө, мал сүрэгт ногдуулах алба, мөнгө хураамж зэрэг олон төрлийн төлбөрийг нэгтгэн, улмаар төрийн орлого хэмээн нэрлэх болсон. Энэхүү орлогыг хураах ажлыг орон нутгийн Засаг захиргаа болон Сангийн яамны харьяа байгууллагууд хариуцаж байв. Ардын засаг тэгш буюу бүхнээс адил хувь ногдуулах зарчмыг баримталж байсан ч, иргэдийн амьжиргааны ялгаа, орон нутаг дахь нөхцөл байдал харилцан адилгүй тул зарим тохиолдолд тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжүүлж байжээ. 1930-аад он гэхэд Монгол Улсад ЗХУ-ын төлөвлөгөөт эдийн засгийн зарчим бүрэн нутагшиж, татварын тогтолцоо ч энэ загварт шилжив. Улс ардын аж ахуйн бүх салбар төвлөрсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж, хувь хүн, хоршоо, нэгдэл, байгууллагад ногдуулах албан татвар нь орлогоос бус, төлөвлөсөн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн даалгаврын биелэлтэд үндэслэгдэх болжээ. Төлөвлөгөөний орлого хэмээн нэрлэгдэх болсон энэ төрлийн алба нь ашигт байдал гэхээс илүүтэйгээр намын удирдлага, төлөвлөгөөний сахилга бат, улс төрийн хяналтыг илэрхийлж байв. Энэ нь татварын гол утга санааг өөрчилж, төрийн хяналтыг эдийн засгийн бүх түвшинд тогтоох хэрэгсэл болгон ашиглаж байсныг илтгэнэ (Лувсандорж, 1980) . 1990-ээд онд ардчилсан өөрчлөлт гарж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, татварын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдсэн эрх зүйн суурь бүрэлдсэн байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа, 1993 онд Монгол Улсын анхны Татварын ерөнхий хууль батлагдаж, орчин үеийн татварын эрх зүйн тогтолцооны үндэс тавигдсан юм. Зүүлт тэмдэглэл [1] “Амьдрах үнэн бол татвар төлөх нь гарцаагүй” хэлц нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Бенжамин Франклины ( Benjamin Franklin ) алдартай үгнээс үүдэлтэй: “In this world nothing is certain except death and taxes.” , орчуулгын хувьд “Энэ хорвоо дээр үхэл, татвар хоёроос өөр гарцаагүй зүйл үгүй.” гэж мөн хэлж болно. [2] Месопотами нь Тигр-Евфрат голын хооронд оршиж байсан, баруун Азийн түүхэн газар нутгийн нэр ба одоогийн Ирак юм. 6000 гаруй жилийн өмнө Месопотамид, дэлхийн анхны соёл иргэншлийг шумерууд бүтээсэн гэж үздэг. [3] Нармерийн үеийн вааран сав нь МЭӨ IV мянганы төгсгөл буюу Египетийн эртний төрийн үүсэлтэй уялдах чухал археологийн дурсгалд тооцогддог. Тухайн үеийн вааран эдлэлүүд нь зөвхөн ахуй хэрэглээ төдийгүй төрийн төвлөрөл, эрх мэдлийн бэлгэдэл болон хөгжсөн байх шинжтэй. Нармерийн үеийн ваар нь ихэвчлэн улаан өнгийн шавар, заримдаа хар улаан өнгийн өнгөлгөөтэй хийцтэй бөгөөд дээр нь хаан Нармерийн дүрслэл, тахилгын зан үйл, эсвэл дайн байлдаантай холбоотой зураг дүрс бүхий сийлбэр, хээ угалзыг ашигласан байдаг. Эдгээр ваар нь эрх мэдэл, эдийн засгийн хяналтыг илэрхийлэхийн зэрэгцээ төрийн зан үйлд ашиглагддаг байв. Ийм ваар нь зөвхөн хэрэглээний зүйл бус, Египетийн анхны нэгдсэн төр байгуулагдаж, фараоны эрх мэдлийг тодорхойлж эхэлсэн үеийн соёл, улс төрийн хөгжлийн илэрхийлэл болж өгдөг. Нармерийн палет зэрэг дурсгалтай адил эдгээр ваар нь төрийн символик нөлөө, төвлөрсөн засаглалын шинжийг археологийн хувьд батлан харуулдаг. [4] An Lushan-ийн бослого (755–763 он) нь Тан улсын үед болсон Хятадын түүхэн дэх хамгийн том, сүйрэл дагуулсан дотоодын иргэний дайн байв. Энэ бослогыг харийн гаралтай жанжин Ан Лушань удирдаж, хойт нутгийн цэргийн хүчийг ашиглан нийслэл Чананийг эзэлж, өөрийгөө “Шинь улс”-ын хаанд өргөмжилсөн. Уг бослого нь зөвхөн цэргийн сөргөлдөөн байгаагүй бөгөөд Тан улсын захиргааны төвлөрсөн тогтолцооны доройтол, санхүүгийн ачаалал, язгууртны дундах эрх мэдлийн тэмцэл зэрэг олон хүчин зүйлийн нийлмэл илрэл байсан юм. Бослогын улмаас хэдэн сая хүн амь үрэгдэж, улс орны эдийн засаг, хүн ам, засаг захиргааны бүтэц ноцтой доройтож, Тан улс хэзээ ч дахин бүрэн сэргэж чадаагүй. Энэхүү бослого нь Хятадын түүхэнд төрийн төвлөрлийг задлан, феодалжих урсгалыг эхлүүлсэн эргэлтийн үеийн нэг болсон гэж үздэг. Ашигласан эх сурвалж Roth, M. T. (1997). (Roth, Martha T. Law Collections from Mesopotamia and Asia Minor. Scholars Press, 1997.) (2nd ed.). Society of Biblical Literature. Wilkinson, T. (2013). The Rise and Fall of Ancient Egypt. Random House Trade Paperbacks. Brunt, P. A. (1971). Italian Manpower 225 BC-AD 14. Oxford: Clarendon Press. Jones, A. H. (1974). The Roman economy Studies in ancient economic and administrative history. (P.A.Brunt, Ed.) Oxford: Basil Blackwell. Twitchett, D. C. (2008). The Cambridge History of China (Vols. 3: Sui and T'ang China, 589–906 AD, Part One). Cambridge University Press. Tilly, C. (1992). Coercion, Capital and European States (Revised ed.). Wiley-Blackwell. Moore, B. (1993). Social Origins of Dictatorship and Democracy: Lord and Peasant in the Making of the Modern World. Boston: Beacon Press. Б.Баярсайхан. (2002). Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэв дэвтэр. Улаанбаатар: МУИС Пресс. Atwood, C. P. (2004). Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Facts on File. Ц.Батбаяр . (2002). Чингис хаан ба ХХ зуун. Улаанбаатар. Bira, S. (1998). The Mongols and their State in the Twelfth to the Thirteenth Century. In UNESCO, History of Civilizations of Central Asia (Vol. 4, pp. 243–259). UNESCO. Elverskog, J. (2008). Our Great Qing: The Mongols, Buddhism, and the State in Late Imperial China. University of Hawaii Press. Лувсандорж, П. (1980). БНМАУ-ын эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудлууд. Улаанбаатар: ШУАХ. Татварын үүслийн түүхэн тойм Татварын үүслийн түүхэн тойм #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Татвар #ТатварынЭрхЗүй #ТатварынҮүсэл #ТатварынХөгжил #Ардчилал #ҮндсэнХууль #ТатварынЕрөнхийХууль #ИхХаад #ЮаньУлс #МанжЧинУлс #Египед #РомынЭзэнтГүрэн #МонголынЭзэнтГүрэн #ЗахЗээлийнЭдийнЗасаг #ТатварынТогтолцоо #ТөрийнҮүсэл #Төр #Хамгаалалт #Алба #Гувчуур #Өргөл #Хаммураби #Месопотами #Вавилон #ДайнБайлдаан #ТөрийнТөсөв #ТайжийнТатвар
- “Braveheart” кинонд Хүний эрхийн талаар юу өгүүлдэг вэ?
“Braveheart” (1995) [1] уран сайхны кинонд Уильям Уоллес “Эрх чөлөө!” хэмээн цуурайтуулан хашхирдаг нь хүний эрхийн мөн чанар, үнэ цэнийг эргэцүүлэхэд хүргэнэ. Тэрхүү агшин зөвхөн нэг хүний бус, бүхэл бүтэн үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцлийг илэрхийлж, өнөө цагт хүний эрхийн үзэл баримтлалтай хэрхэн холбогдох талаар бодоход хүргэдэг. Хэрэв энэ үйл явдал орчин үед өрнөсөн бол олон улсын эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авах байсан бэ? Энэхүү нийтлэлд “Braveheart” киноны талаар товч мэдээлэл өгөөд, өрнөж буй түүхэн үйл явдал, эрх чөлөөний төлөөх тэмцэл нь орчин үеийн хүний эрхийн талаарх ойлголт болон олон улсын эрх зүйтэй хэрхэн уялдаж байгаа талаар бичив. Эхэлж киноны тухай товчхон мэдээлэл өгье. “Braveheart” бол 13 дугаар зуунд Шотландын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг өрнүүлж буй үндэсний баатар Уильям Уоллесын (William Wallace) тухай өгүүлсэн түүхэн кино юм. Мел Гибсон тус киноны найруулагчаар ажилласан ба гол дүрийг бүтээсэн бөгөөд Хатан хаан Изабеллагийн (Princess Isabella) дүрд Софи Марсо, Роберт Брюсийн (Robert the Bruce) дүрд Ангус Макфадьен, I Эдуардын (Longshanks) дүрд Патрик МакГуэхан, Хунтайж Эдуардын (Prince Edward) дүрд Питер Ханли тоглодог. Кино нь Английн хаан I Эдуардын хатуу дарангуйлал, Шотландын ард түмний эрх чөлөөний хязгаарлалт, боолчлолд автсан байдлыг дүрслэн эхэлдэг. Уильям бага насандаа Англичуудын халдлагын улмаас гэр бүлээ алдаж, хилийн чанадад өсөж, боловсрол эзэмшин, насанд хүрснийхээ дараа эх нутагтаа эргэн ирнэ. Тэрээр хайрт бүсгүйтэйгээ учирч, түүнтэйгээ нууцаар гэрлэнэ. Учир нь Английн хаан I Эдуард Шотландын ард түмнийг дарамтлах зорилгоор харц гаралтай бүсгүйчүүдийг Английн цэргүүдтэй хүчээр нөхцүүлэх “Эхний шөнийн эрх” (Jus Primae Noctis) [2] гэх хууль гаргасан байв. Энэ хуулийг зөрчсөн нь түүний эхнэрийг хэрцгийгээр хөнөөх шалтгаан болж, үүнээс үүдэн Уильям эргэлт буцахгүй сэтгэл шулуудан Шотландын эрх чөлөөний төлөөх тэмцлийн бослогыг тэргүүлнэ. Уильям Уоллес Шотландын ард түмнийг нэгтгэж, Английн эсрэг бослого гаргаж, хэд хэдэн тулалдаанд ялалт байгуулна. Шотландын язгууртнуудад хандаж, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалдаг ч тэдний зарим нь Английн хаанаас газар, алт, хөрөнгө, хэргэм зэрэг авсан байдаг тул түүнийг хуурч мэхлэн урвана. Үүний улмаас Уильям баригдаж, Лондонд Английн шүүхээр яллагдаж, хэрцгийгээр цаазлуулна. Цаазлуулах мөчид тэрээр “Эрх чөлөө!” хэмээн хашхирч, Шотландын ард түмэнд эрх чөлөөний төлөө тэмцэх сүүлчийн уриалгаа илгээдэг билээ. Киноны төгсгөлд түүний үхэл дэмий хоосон зүйл байгаагүйг батлан харуулдаг ба энэ үйл явдлаас хэдэн жилийн дараа Шотландын армийг Роберт Брюс удирдан, Английн эсрэг Баннокбёрны тулалдаанд (1314) ялалт байгуулснаар англичуудыг Шотландаас хөөн гаргажээ. “Braveheart” кино нь эрх чөлөө, эх оронч үзэл, шударга ёсны төлөө тэмцэх хүний хүсэл зоригийг тод томруун харуулдаг. Уильям Уоллесын тэмцэл бол ердөө нэг хүний хувь заяа бус, харин бүхэл бүтэн үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцэл байсныг онцолсон юм. Мөн кинонд эрх чөлөөний төлөө тэмцлээс гадна, шударга ёс, төрийн дарангуйлал, урвалт, эх оронч үзэл гэсэн сэдвүүдийг хүчтэй тусгасан. Тийм ч учраас, түүний “Эрх чөлөө!” гэсэн эцсийн үг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг болж, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Кино нь Шотландын түүхэн үйл явдлууд дээр суурилсан боловч зарим хэсэг нь уран сайхны хэтрүүлэгтэй, түүхийг гуйвуулсан байдаг. Тухайлбал, Английн хаан I Эдуард “Эхний шөнийн эрх” хуулийг хэрэгжүүлсэн мэтээр дүрсэлсэн нь түүхэн үндэслэлээс илүүтэйгээр драматик үйл явдал өрнүүлэх зорилготой байв. Изабелла Уильям нарын харилцаа цэвэр зохиомол юм. Бодит түүхэнд Францын гүнж Изабелла тухайн үед ердөө 10 настай байсан бөгөөд Английн хаан II Эдуардтай гэрлэхээсээ өмнө Уильямтай огт уулзаж байгаагүй. Тиймээс тэдний хооронд романтик холбоо байсан гэх нь зохиомол нь ойлгомжтой. Роберт Брюсийн уяман өвчтэй эцгийн дүрээр Шотландын язгууртнууд Английн талд орсныг харуулдаг ч бодит байдал дээр тэрээр Английн хааны үнэнч дэмжигч байсан гэдэг нь бүрэн батлагдаагүй. Тэр бүү хэл уяман өвчтэй байсан гэх баталгаа байхгүй. Харин Роберт Брюс Уильямын бослогод анхнаасаа идэвхтэй оролцоогүй нь үнэн юм. Киноны тулаануудын ихэнх нь бодит түүхэн тулалдаанууд дээр суурилсан ч, тэдгээрийн дүрслэлүүд нь илүү уран сайхны шийдэлтэй. Тухайлбал, киноны төгсгөлд Баннокбёрны тулалдаан гарах боловч бодит байдал дээр Уильям Уоллесын үхлээс хойш 9 жилийн дараа болсон байдаг. Харин Шотландын дайчид нүүрээ цэнхэр будгаар будаж, дайсандаа өгзгөө харуулан үл хүндэтгэлийн дохио үзүүлдэг байсныг зарим эх сурвалж баталдаг. Үүнийг эртний Кельт, Пикт овог аймгийн [3] дайтах ёс заншилтай холбоотой гэж үздэг байна. 1996 онд “Braveheart” кино нь Оскарын шагналын 10-н төрөлд нэр дэвшиж, шилдэг кино (Best Picture), шилдэг найруулагч (Best Director), шилдэг киноны зураглал (Best Cinematography), шилдэг хөгжим (Best Sound Effects Editing), шилдэг нүүр хувиргалт (Best Makeup) гэх 5-н шагнал хүртсэн юм. “Braveheart” киноны үйл явдлыг орчин үеийн олон улсын эрх зүй болон хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйтэй хэд хэдэн үндсэн зарчмаар холбож болно. Өөрийгөө тодорхойлох эрх (Right to Self-Determination) Уильям Уоллесын удирдсан Шотландын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь өнөөгийн өөрийгөө тодорхойлох эрх гэсэн олон улсын эрх зүйн зарчимтай тохирно. Энэ эрх нь НҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын [4] 1 дүгээр зүйлд "Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтөй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтөй хөгжүүлнэ." гэж заасан. Дайны хууль ба дайны гэмт хэрэг (Laws of War & War Crimes) Кинонд Английн арми энгийн иргэдийг олноор нь хөнөөж, хэрцгийгээр хандаж буйг дүрсэлдэг. Орчин үед ийм үйлдлүүд нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, тэр дундаа Женевийн конвенцүүдийн [5] [6 ] [7] дагуу дайны гэмт хэрэгт тооцогдоно. Хэдийгээр эдгээр хууль Уильямын үед байгаагүй ч, иргэдийг хамгаалах, олзлогдсон хүмүүстэй хүнлэг харьцах нь өнөөгийн олон улсын эрх зүйн үндсэн зарчим болжээ. Дарангуйлал, дарлалаас ангид байх эрх (Prohibition of Tyranny & Oppression) Английн хаан I Эдуард Шотландын ард түмнийг дарлан мөлжиж байгаа нь колоничлол, албадмал засаглал, үндэсний дарлалын жишээ болж байна. Энэ нь НҮБ-ын 1960 оны "Колони улс, ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглал"-д тусгагдсан олон улсын эрх зүйн зарчимтай нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх эрх ба хууль ёсны ажиллагаа (Unfair Trials & Judicial Rights) Кинонд Уильямыг баривчилж, хууль ёсны өмгөөлөлгүй, шударга бус шүүхийн шийдвэрээр цаазалж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Өнөөдөр ийм үйлдэл нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын [8] 10 дугаар зүйл "Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй." гэж заасан ба Олон улсын хүний эрхийн гэрээнүүдээр хамгаалагдсан хууль ёсны шүүхийн ажиллагааны эрхийг зөрчсөнд тооцогдоно. Тамлан зовоох, харгис ял шийтгэлээс ангид байх эрх (Prohibition of Torture & Inhuman Punishment) Уильямыг шүүхийн шийдвэрээр, гэдсийг нь хүүлж, дотор эрхтнийг нь гаргаж авч, биеийг нь тэлж, толгойг нь тасдаж дээд зэргийн харгис аргаар цаазалж буй нь өнөөдрийн олон улсын эрх зүйд харгис, хүнлэг бус ял шийтгэл гэж тооцогдох байв. Энэ нь 1984 оны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-оор [9] бүрэн хориотой үйлдэл юм. “Braveheart” бол зөвхөн нэг хүний тэмцлийн тухай өгүүлсэн биш, харин ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийг дүрслэн харуулсан хүчирхэг бүтээл юм. Уильям Уоллесын түүх бодит түүхэн үйл явдалд тулгуурласан бөгөөд түүний үлдээсэн өв, урам зориг нь одоо ч олон хүний сэтгэлд хоногшсоор байна. Хэдийгээр “Braveheart” нь түүхэн баримтад суурилсан ч мэдээж уран сайхны хэтрүүлэгтэй. Киноны үндсэн сэдэв болох эрх чөлөө, дарангуйллын эсрэг тэмцэл, ард түмэн өөрөө засан тохинох эрх зэрэг санаа нь орчин үеийн олон улсын эрх зүйн өөрийгөө тодорхойлох эрх, хүний эрхийн хамгаалалт, шударга шүүх, дайн дахь гэмт хэргүүдийн хориг зэрэг үндсэн зарчимтай нийцнэ. Хэрэв үйл явдал өнөө үед өрнөсөн бол Олон улсын эрүүгийн шүүх ийм төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хариуцлага тооцох боломжтой байх байв. Хуульч Шувуухайн “Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжил” нийтлэлийг уншихыг зөвлөж байна. Ж.Анарбат Зүүлт тэмдэглэл [1] “Braveheart”-ыг Монголоор Хатанзоригтон хэмээн орчуулсан байдаг. [2] “Эхний шөнийн эрх” нь латинаар Jus Primae Noctis ба тухайн нутгийн язгууртан буюу ноён нь өөрийн харьяанд байгаа шинэхэн гэрлэсэн эмэгтэйг хуримын анхны шөнө нь эзэмдэх эрхтэй гэсэн утгатай юм. Энэ нь ихэвчлэн феодалын тогтолцоотой холбогддог ба зарим уран зохиол, кинонд дарангуйллын бэлгэдэл болгон дүрсэлдэг. Гэсэн хэдий ч, бодит түүхэнд “Эхний шөнийн эрх” оршин байсан талаар хангалттай нотолгоо байдаггүй. Дундад зууны Европт албан ёсоор хэрэгжиж байсан гэх тодорхой баримт байдаггүй тул түүхчид энэ ойлголтыг ихэвчлэн домог, уран зохиолын хэтрүүлэг гэж үздэг байна. [3] Кельт (Celts) болон Пикт (Picts) нь эртний Британи, Ирланд болон Шотландын нутаг дэвсгэрт оршин байсан уугуул овог аймгууд юм. Кельтүүд нь төмөр зэвсгийн үеэс эхлэн (МЭӨ 1200 – МЭ 400) Баруун болон Төв Европ, Их Британи, Ирландын нутаг дэвсгэрт өргөн тархсан Европын эртний соёл иргэншилтэй ард түмэн байжээ. Тэд өөрсдийн хэл, шашин, соёлын өвөрмөц онцлогтой, олон жижиг овог аймгаас бүрдэж байв. Кельт хэл нь өнөөдрийг хүртэл Ирланд, Шотланд, Уэльс, Бретань зэрэг бүс нутагт хадгалагдсаар байна. Ромын эзэнт гүрний үед кельт олон овог аймгууд Ромын ноёрхолд орсон ч Шотланд, Ирланд зэрэг газар үлдсэн кельтүүд хараат бус байсаар байв. Кельтүүд байгаль шүтлэгт шашинтай, друидүүд гэх бөө, номлогчид нь нийгэмд чухал байр суурь эзэлдэг байжээ. Пиктүүд нь МЭӨ I-МЭ IX зуун хүртэл Шотландын хойд хэсэгт амьдарч байсан нууцлаг овог аймаг юм. Тэднийг Picti буюу будагдсан гэсэн утгатай “зураасан хүмүүс” гэж латинаар нэрлэсэн нь биеэ шивээсээр бүрхдэг заншилтай нь холбоотой байна. Пиктүүд Ромын эзэнт гүргийн эсрэг удаа дараа тулалдаж, Хадрианы болон Антонины хэрмийг барихад хүргэсэн. Тэд голчлон чулуу, сийлбэр бүхий дурсгалт зүйлс үлдээсэн ч бичгийн хэлгүй байсан тул түүхийн эх сурвалж хомс байдаг. IX зуунд пиктүүд кельтүүдтэй нэгдэж, улмаар Шотландын хаант улсын үндэс суурийг тавьсан юм. Кельтүүд болон пиктүүдийн ялгаа нь кельтүүд өргөн тархсан, бичгийн хэлтэй, харьцангуй нэгдмэл соёлтой байсан бол пиктүүд илүү хязгаарлагдмал нутаг дэвсгэрт амьдарч, нууцлаг овог аймаг байсанд оршино. Шотландын түүхэнд эдгээр хоёр аймаг чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний өв соёл өнөөг хүртэл хадгалагдсаар байна. [4] 1966.12.16 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [5] 1949.8.12 Дайнд олзлогдогчидтой харьцах тухай Женевийн (III) конвенц . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [6] 1949.8.12 Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай Женевийн (IV) конвенц . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [7] 1977.6.08 Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцуудын нэмэлт I протокол . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [8] 1948.12.10 Хүний эрхийн түгээмэл тунхаглал . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. [9] 1984.12.10 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #Хатанзоригтон #Braveheart #МэлГибсон #ХүнийЭрх #ЭрхЧөлөө #Шотланд #Дайн #ИргэнийЭрх #УлсТөрийнЭрх #Хүнлэг #ЖеневийнКонвенц #ОлонУлсынЭрхЗүй #ОлонУлсынГэрээ #ОлонУлсынКонвенц #Шүүх #ТамланЗовоох #ЯлШийтгэл #Дарангуйлал
- Гладиатор
Ромын эрх зүй судалж байх зуур Ром л очиж үзмээр санагдах боллоо. Энэ хүслийг минь улам бүр өдөөн, мэдсэн мэт, инстаграммаар дагадаг хуульч мэргэжилтэй нэгэн Ромд зочилж, Коллезеум [1] үзэж, тэр бүү хэл, гичий Ромулус, Ремус нарыг хооллож буй хөшөөний [2] дор зургаа хүртэл даруулсан байв. Яг одоо гараад Ром руу нисэхгүй ч “ Бүх л зам Ром руу хөтөлдөг” [3] тул тун удахгүй зочлох байх. Энэ зуур, зуны амралтын өдрүүдийн үдэш Ромын тухай дэлгэцийн бүтээлүүд үзлээ. Огт үзээгүй кино ч байв. Энэ нийтлэлд Ром, түүний агуу удирдагчид , тухайн үеийн аж амьдрал зэргийн тухай гардаг үзсэн киногоо, хийсэн судалгааны хамт буулгалаа. 2000 онд Рассел Кроу гол дүрийг бүтээж, нийтийн хүртээл болгосон, soundtrack нь хүртэл сэтгэлд хоногших бүтээл болсон кино бол мэдээж Гладиатор [4] билээ. Уран сайхны кино учир түүхийг яг таг өгүүлэхгүй ч, түүхэн үеийн хувьд киноны үйл явдал нь Ром Хаант засгаас Бүгд Найрамдах улс руу шилжихийн өмнөхөн өрнөнө. Ромын Эзэн хаан Маркус Аврелиусын [5] сүүлчийн хүсэл нь хаант засаглал (monarchy) биш, харин иргэдийг төлөөлсөн сенатаар удирдуулсан хүчирхэг Бүгд Найрамдах улс үлдээх явдал байв. Тиймээс ч Эзэн хаан өөрийнх нь үйл хэргийг хүү нь биш, харин үнэнч цэргийн жанжин, легионуудын удирдагч, цэргүүдийнхээ дунд өндөр хүндэтгэл хүлээсэн Максимус [6] үргэлжлүүлэн, Ромыг удирдан зохион байгуулж, авч явж чадна гэсэн итгэл тээн, гэрээслэлээ түүнд хэлнэ. Харин олон жилийн турш дайн тулаан хийж, Ромыг тэлэх үйлсэд агуу хувь нэмэр оруулсан Максимус, гэр бүлдээ эргэн очиж, энгийн сайхан амьдралаар аж төрөх хүсэл тээж байгаагаа илэрхийлнэ [7] . Эзэн хаан хүсэл зоригоо бусдад хэлэхээс өмнө, түүний санааг олж мэдсэн, хүү Коммодиусынхаа [8] гарт амиа алдана. Атаархаж, хорссон Коммодиус, Максимусыг үзэн ядан, түүнийг цаазлахыг тушааж, хайртай эхнэр, хүү хоёрынх нь амийг ч мөн авна. Цаазлах даалгавар гүйцэтгэх ёстой байсан цэргүүдийг Максимус хэдхэн хормын дотор дийлж, гэр лүүгээ эцсийн хүчээ шавхан хурдлах ч, гэрийн буурин дээр хүү эхнэр хоёрынхоо шатсан цогцыг л олно. Ийн гол дүрийн баатар амьдралын утга учир, зорилгоо алдаж, итгэл, хүсэл тэмүүлэлгүй болж, цэргүүдтэй тулалдаж байхдаа авсан шархнаасаа болж халуурч, ухаангүй болсон түүнийг наймаачид олж, боол болгон авна. Эзэн хаан харамсалтайгаар амиа алдахын өмнөхөн, охин Люсилиядаа хандан “Улсыг минь удирдан чиглүүлж авч явах ухаантай хэдий ч, чи минь эмэгтэй хүн юм аа” гэж хэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь тухайн үед ноёрхож байсан патриарх соёлын илэрхийлэл болно. Хэдийгээр, эмэгтэй хүн боол биш ч гэлээ, тэднийг эр нөхрийн өмч гэж үздэг байв. Гэр бүлийн бүхий л шийдвэрийг эрэгтэйчүүд гаргахын зэрэгцээ эд баялаг, өв хөрөнгө нь зөвхөн эрэгтэй агнатуудаар [9] дамждаг байв. Хэрэв залгамжлах хүүгүй бол түүний хөрөнгийг хамгийн ойрын эрэгтэй хамаатан саданд, эсвэл овгийн эрэгтэйд шилжүүлнэ. Энэ бол бичигдсэн хууль биш, харин заншлаар шийдэгддэг, уламжлал болон тогтсон, олноор бүгд дагаж мөрддөг ёс байв. Тиймээс Люсилия хэдий ухаантай, боловсролтой, тэр бүү хэл хааны удмын хүн ч гэлээ аав нь түүнийг эмэгтэй хүн учраас чадавхыг нь хүслээрээ дэмжих бололцоогүй аж. Эртний Ром дахь эмэгтэйчүүдийн нийгмийн статус эрэгтэйчүүдийнхээс хамаагүй доогуур байжээ. Хожим Ромын Бүгд Найрамдах улсын үед бичгээр гарсан хуулийн дагуу эмэгтэйчүүдийн статус, өв хөрөнгө өвлөх асуудал өөрчлөгдөж, сайжирсан төдийгүй, өв хүлээн авахыг зөвшөөрөх болсон нь илүү шударга өв залгамжлалын ёс руу аажмаар шилжсэнийг илтгэнэ. Жишээлбэл, МЭӨ 169 оны Lex Voconia нь эмэгтэйчүүдийн өв залгамжлах эрхийг хязгаарлах анхны оролдлого байжээ. Үүнийг МЭ 9 оны Lex Papia Poppaea зөөлрүүлж, өв залгамжлалыг илүү уян хатан болгох боломжийг олгосон байдаг. Ромын эмэгтэйчүүд, ялангуяа чинээлэг гэр бүлээс гаралтай бол, эд хөрөнгө өмчилж, бизнес эрхэлж, өв залгамжлах зэрэг хууль ёсны зарим эрх эдэлдэг байв. Гэсэн хэдий ч, тэд хууль ёсны үйлдэл хийхийн тулд tutor гэх эрэгтэй асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Lex Voconia нь эмэгтэйчүүдийг чинээлэг иргэдийн гэрээслэлд үндсэн өв залгамжлагчаар нэрлэхийг хязгаарласан боловч, тэд бага хэмжээгээр, эсвэл бусад эрх зүйн хэрэгслээр хөрөнгө өвлөн авдаг байжээ. Харин Ром дахь гэрлэлт нь гэр бүлийн эвслийг баталгаажуулах, баялгийг шилжүүлэх хэрэгсэл төдий байв. Эмэгтэйчүүд өсвөр насандаа, өв залгамжлагч төрүүлэх хүлээлттэйгээр гэрлэнэ. Manus хэмээх эрх зүйн номлолын дагуу эмэгтэйчүүд нөхрийнхөө эрхшээлд захирагддаг байсан ч, хожим Бүгд Найрамдах улсын үед үүнийг хэрэглэх явдал багасаж, эмэгтэйчүүдэд илүү тусгаар тогтнох боломжийг олгосон байдаг. Ромын түүхэнд бүх эмэгтэйчүүд сул дорой байгаагүй гэдгийн нотолгоо болгон Эзэн хаан Августусийн [10] эхнэр Ливиа Друсилла [11] зэрэг нэр хүндтэй эмэгтэйчүүдийг нэрлэж болно. Тэд албан ёсны байр суурьгүй ч гэр бүлийн харилцаа, нөлөөгөө ашиглан улс төрийн далдуур хуйвалдаанд зөвлөх үүргийг гаргуун гүйцэтгэж, оролцоотой байжээ. Эдгээр нь тухайн үеийн нийгэм, эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн эртний Ромын жендерийн дүр зураг билээ. Киноны агуулгад эргэн орохоос өмнө, хуульч болох гэж буй надад сурах бичгээс уншиж, судалж мэдсэн хэд хэдэн зүйл кинонд гарсныг онцолмоор байна. Төрийн зохион байгуулалт , төрийн дэглэмийн өөрчлөлт, цэргийн зохион байгуулалт, нийгмийн анги давхаргын ялгаа , эзэн боолын харьцаа зэргийг дурдаж болно. Түүхэндээ, Ром Хаант засгаас Бүгд Найрамдах улс руу шилжиж, эцэст нь Эзэнт гүрэн болсон байдаг. Эдгээр төрийн дэглэм бүр нь Ромын засаглал, эрх зүйн бүтцэд өөрчлөлт авчирчээ. Бүгд Найрамдах улс нь хяналт, тэнцвэрийн нарийн төвөгтэй тогтолцоо бол Эзэнт гүрэн төрийн бүх эрх мэдлийг эзэн хааны гарт төвлөрүүлсэн дэглэм юм. Олон зууны туршид гарсан өөрчлөлтүүд нь хууль, улс төр, нийгмийн бүтэц зэрэг Ромын амьдралын бүхий л салбарт тусгалаа олж, нөлөөлсөн байдаг. Эртний Ромд нийгэм нь патрицичууд, плебейчууд , морьтнууд, боолуудыг багтаасан нийгмийн тодорхой ангиудтай, олон давхаргатай байв. Патрицичууд улс төрийн эрх мэдлийн дийлэнхийг атгадаг элит анги байсан бол, плебейчууд жирийн иргэд, харин морьтон хүмүүс худалдаа, бизнес эрхэлдэг чинээлэг иргэд байжээ. Нийгмийн шатлалын доод хэсэгт байрлах боолууд нь ихэвчлэн дайнд олзлогдсон, өр зээлтэй, эсвэл боолчлолд төрсөн хүмүүс байна. Ромын арми бол мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн легионы зохион байгуулалттай асар их хүч байв. Легион бүр зуутын цэргүүдийн бүлэгт хуваагдана. Цэргийн хүчийг бусад улсыг байлдан дагуулж, Ромын Эзэнт гүрнийг тэлэхээс гадна, үнэн хэрэгтээ дотоодод дэг журмыг сахиулахад ашигладаг байжээ. Плебейчуудын хувьд цэргийн алба хаах нь нийгмийн статус олж авах, хөрөнгө мөнгөтэй болох үндсэн арга зам байв. Боолчлол нь Ромын нийгэм, эдийн засгийн салшгүй хэсэг мөн. Боолуудыг өмч гэж үздэг бөгөөд эзний зан чанараас хамааран тэдэнд хандах хандлага нь харилцан адилгүй байна. Чадварлаг эсвэл боловсролтой зарим боолууд харьцангуй давуу эрх олж, тэр бүү хэл эрх чөлөөгөө худалдаж авч чадна. Гладиаторууд бол тулаан хийн алдар нэр, магадгүй эрх чөлөөг олж авах боломжтой боолуудын өвөрмөц хэсэг байжээ. Товчхондоо, боолуудын хувьд гладиатор болох нь эцсийн гарц, тулалдаанд эрх чөлөө олж авах боломж юм. Гэхдээ энэ нь амаргүй даваа байсан ба тэд байлдааны ур чадвараараа олныг баясгаж, удаа дараагийн тулаанд ялалт байгуулж, эзнийхээ эд баялагт ихээхэн хувь нэмэр оруулбал эрх чөлөө олж авна [12] . Эзэн хаан өршөөл үзүүлж, боолоос чөлөөлөгдсөний бэлгэдэл болгон rudis модон сэлэм өгнө. Ийм rudis модон сэлмийн эзэн бол эр зориг, авхаалж самбаа, ухаан, хүч чадлаараа эрх чөлөөгөө олж авсан, киноны туслах дүр Проксимо байв. Тэрээр сайн гладиаторын эрэлд Ромын нутгийн гадна хэсүүчлэн, наймаачдаас үнэ хаялцан боолуудыг худалдан авдаг ба боолуудын нэг нь Максимус байв. Өөрийн боолуудыг хоол хүнсээр хангаж, бэлтгэл сургуулилт хийлгэн, үхлийн аюултай тулаанд бэлдэнэ. Проксимо хэдий хатуу ширүүн төрхтэй ч өөрөө гладиатор байсан тул дайчдынхаа хүсэл эрмэлзлийг ойлгоно. Гэвч гэр бүлээ алдсан, амьдралын зорилгогүй болсон, ер нь бүх зүйлд үл ойшоосон байдалтай Максимусыг байлдааны эрдмийг гаргууд, сайн эзэмшсэн ч хичээл зүтгэл гаргахгүй байгааг харж, түүнийг сайн гладиатор болгохын тулд яах ёстойг олж мэдэхийн тулд дуудаж уулзана. Ромын армийн цэргийн жанжин байсан Максимус тулаанд гарцаагүй орох ч, үзэгчдийг цусанд улааран дурлаж, сэтгэл хөдлөлөө оргилд нь хүртэл гаргаж, тэр хэмжээгээр таашаал авч байгааг буруушааж, хүн алах нь тийм ч сайхан зүйл биш гэсэн үзэл бодолтой байна. Сайтар ярилцсаны эцэст Коммодиусаас өшөө авах хүслийг нь хөшүүрэг болгон олны анхаарлыг татах замаар Ромыг байлдан дагуул хэмээн чиглүүлнэ. Ингээд гол дүр Максимус шударга ёсны эрэл хайгуулд мордож, урвасан дарангуйлагчаас өшөө авахаар жинхэнэ гладиатор болж, Ромыг тойрсон жижиг тосгодоор эзэнтэйгээ явж удаа дараагийн хатуу ширүүн, аюул заналхийллээр дүүрэн тулаанд амжилттай оролцож, Испани эр хэмээх алдар нэрийг олж авна. Энэ зуур хаан ширээг булаан авсан Коммодиус нийгэм эдийн засгийн хямралыг мартагнуулахын тулд Ромд гладиаторуудын тулаан зарлаж [13] , Максимус ч эзний хамт Ромыг зорино. Эртний Ром дахь гладиаторуудын ертөнц нь эрх зүйн цогц тогтолцоонд үндэслэсэн нийгмийг удирдах улс төрийн арга хэрэгсэл байжээ. Гладиаторууд ихэвчлэн боол, дайны олзлогдогсод, эсвэл ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүд байв. Тэдний нийгмийн доогуур байр суурийг хуулийн дагуу infamis гэх ба энэ нь иргэний олон эрхийг хассан нийгмийн ангилал юм. Байгаа байдал нь доройтсон ч зарим эрх чөлөөтэй хүмүүс өр зээл, алдар нэр, санхүүгийн шагналд хөтлөгдөн сайн дураараа гладиатор болж болно. Эдгээр сайн дурын гладиаторууд тулааны тоо, бэлтгэлд тавигдах шаардлага, боломжит шагналуудыг заасан, үйлчилгээний нөхцөлийг тодорхойлсон sacramentum гэрээнд орно [14] . Гладиаторуудыг ludi gladiatorii тусгай сургуулиудад сургаж, lanistae сургагч багш нар удирдана. Проксимо ийм сургуулийн эзэн байжээ. Сургуулиуд нь гладиаторуудыг тулалдаанд хангалттай сайн бэлтгэхийн тулд хатуу зохицуулалттай, нарийн бэлтгэлийн дэглэмүүдтэй. Murmillo , retiarius зэрэг гладиаторын төрлүүд байх ба тус бүрд нь тохируулан байлдааны тусгай ур чадвар, арга техникийг хөгжүүлнэ. Гладиаторуудын тулааныг зохион байгуулах, явуулах хэд хэдэн хуулийн зохицуулалт байжээ. Тухайлбал, Августус хааны үед батлагдсан Lex Iulia Theatralis нь олон нийтийн үзвэр, зугаа цэнгэл, тэр дундаа гладиаторуудын тулааныг зохицуулна. Энэ нь нийтийн хэв журам, ёс суртахууныг сахиулах дүрмийг тогтоохын зэрэгцээ, тулааныг хэр олон удаа хийж болох, хэрхэн санхүүжүүлж, зохион байгуулахыг заана. Гладиаторын тулаанууд нь амфитеатруудад (amphitheatres) зохиогддог томоохон үзүүлбэрүүд байсан бөгөөд ийм дэвжээний хамгийн алдартай нь Ромын Коллезеум байв. Эдгээр үйл явдлуудыг ард түмний таашаалд нийцэхийг эрмэлздэг улс төрчид, эзэн хаад ивээн тэтгэнэ. Тэмцээний төрлүүд нь ганцаарчилсан тулаанаас эхлээд үе шаттай цэргийн тулаан (naumachiae) , амьтны агнуур (venationes) хүртэл маш олон янз байжээ. Гладиаторууд нийгмийн доогуур байр суурьтай ч мөнгө олох хэрэгсэл байсан тул тэдэнд хөрөнгө оруулж, мэргэшсэн эмч нар (medici) гладиаторуудын шархыг эмчилж, бие бялдрын тулаанд бэлэн байдлыг хангана. Үүнээс гадна, гладиаторуудын булчингийн массыг нэмэгдүүлэх, хүчтэй болгохын тулд нүүрс ус, уургаар баялаг тусгай хоолоор хангадаг байжээ. Ихэнх тулаанд гладиаторууд үхэн үхтлээ тулалдах ч чадварлаг, зоригтой гладиаторуудыг арга хэмжээний ивээн тэтгэгчид өршөөж, амийг нь хэлтрүүлж, эсвэл үзэгчдийн магтаал сайшаалыг хүртэнэ. Тулаанд амиа алдсан гладиаторуудыг ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр зохих ёсоор оршуулж, ололт амжилтыг нь дурсан булшны тэмдэглэгээ хийдэг байв. Гладиаторын тулаанууд нь улс төрийн суртал ухуулгын хүчирхэг хэрэгсэл болж, ивээн тэтгэгчийн хүч чадал, өгөөмөр сэтгэлийг илтгэнэ. Эдгээр үзүүлбэрүүд нь нийгмийн шатлал, Ромын нийгмийн хүч чадлыг бэхжүүлж, олон нийтийг удирдах, тэдний бослого, түрэмгийлэл, эсэргүүцлийг хянах хэрэгсэл байжээ. Гладиатор кинонд харгис хэрцгий, драмын шинжтэй, нарийн эрх зүйн зохицуулалттай, нийгмийн хэм хэмжээнд захирагддаг Ромын гладиаторуудын ертөнцийг гаргуун сайн дүрсэлсэн. Хууль тогтоомж нь Ромын үнэт зүйлсийг тусгахаас гадна нийтийн дэг журам, нийгмийн шатлал, улс төрийн хяналтыг хадгалахад зориулагдсан байв. Эртний Ромын эрх зүйд infamis ба capitis deminutio гэсэн нэр томьёо нь хүний эрх, нийгмийн байр сууринд чухал нөлөө үзүүлдэг эрх зүйн статусыг илэрхийлнэ. Infamis гэдэг нь нэр төрд халдсан гэж үзсэн тодорхой үйлдэл, ажил мэргэжлээс үүдэлтэй эрх зүйн болон нийгмийн нэр хүндээ алдсан хүнийг хэлнэ. Жүжигчин, биеэ үнэлэгч, гладиатор зэрэг нэр хүндгүй ажил мэргэжил эрхлэх, хулгай, залилан зэрэг тодорхой гэмт хэрэг үйлдэх, ёс суртахуунгүй үйлдэл хийсний төлөө шийтгэгдэх нь нэгнийг infamis гэж зарлахад хүргэж болно. Infamis гэж зарлагдсан тохиолдолд сонгууль өгөх эрхээ алдах (ius suffragii) , төрийн албан хаах эрхгүй болох (ius honorum) , эрх зүйн маргаанд гэрчээр оролцох, асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх боломжгүй болох зэрэг эрх зүйн чадамжаа алдана. Хуулийн үр дагавраас гадна нийгмийн зүгээс гутаан доромжлолд өртөж гадуурхагдана. Харин capitis deminutio гэдэг нь (шууд утгаараа толгойг багасгах, эсвэл эрх зүйн статусыг бууруулах гэсэн утгатай) хүний эрх зүйн байдлын өөрчлөлт, үүний үр дүнд эрх нь буурахыг хэлнэ. Энэ нь ноцтой байдлын гурван түвшнийг илэрхийлэх эрх зүйн ойлголт юм. (i) Capitis deminutio maxima гэдэг нь эрх чөлөө, иргэншлээ алдахтай холбоотой хамгийн хүнд хэлбэр. Дүрмээр бол энэ нь хүн дайснууддаа боолчлогдох, эсвэл олзлогдсон үед хуулийн этгээдийн чадвараа бүрэн алдахад хүргэнэ. (ii) Capitis deminutio media гэдэг нь хувийн эрх чөлөөгөө хадгалж байгаа ч Ромын иргэншлээ алдсан дунд зэргийн хэлбэр. Цөлөгдсөн, эсвэл өөр улсын иргэншил хүлээн авсан бол тохиолдож болно. (iii) Capitis deminutio minima нь иргэний харьяалал, хувийн эрх чөлөөнд нөлөөлөхгүйгээр гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орсон хамгийн хөнгөн хэлбэр. Энэ нь үрчлүүлэх, гэрлэх зэрэг гэр бүлийн статусаа өөрчилсөн тохиолдлуудад тохионо . Capitis deminutio нь хувь хүний болон улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хувь хүний эрх зүйн байдлын өөрчлөлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх эрх зүйн хэрэгсэл юм. Ромын гладиаторуудын цалин хөлс нь тэдний ур чадварын түвшин, алдар нэр, эзэнтэй (сургагч) (lanista) хийсэн тусгай тохиролцоо зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байв. Тухайлбал, сайн дурын гладиаторууд урамшуулал, тулаан бүрийн төлбөр, ялалтын нэмэлт урамшуулал зэргийг багтаасан нөхөн төлбөрийг тодорхойлсон гэрээтэй байсан. Эдгээр гэрээг боолууд, эсвэл ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдтэй бус харин чөлөөт эрчүүдтэй л байгуулна. Шинэ эсвэл туршлагагүй гладиаторууд бага хэмжээний орлого олдог байсан бол, өндөр ур чадвартай, алдартай гладиаторууд нэг тулаанаас л хэдэн мянган сестерцитай [15] тэнцэх их хэмжээний төлбөр авдаг байжээ. Чинээлэг хүмүүс, эсвэл улс төрчид тулааныг ивээн тэтгэж, олныг хөгжөөсөн гайхалтай тоглолтуудад нэмэлт мөнгө санал болгох тул тулаанд ялсан гладиаторууд шагнал урамшуулал, бэлэг, шагналын мөнгөнөөс хувь хүртэх боломжтой байв. Нарийвчилсан тоо баримт ховор боловч, зарим түүхэн сурвалжид гладиаторуудын хөлсний талаар тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, Августусын эрин үеийн бичээс, баримт бичгүүдээс үзэхэд, од гладиаторууд алдар нэр, үйл явдлын цар хүрээнээс хамааран нэг тулаанд 3’000 - 15’000 сестерцийн орлого олдог байжээ. Онцгой гладиаторууд, ялангуяа олны танил бол үүнээс ч илүү өндөр орлого олох боломжтой. Жишээлбэл, Эзэн хаан Нерогийн [16] таалалд нийцсэн алдарт гладиатор Спикулус [17] , мөнгө, эд хөрөнгө, боол зэрэг их хэмжээний шагнал хүртэж байсан гэдэг. Харин ердийн гладиаторуудын дундаж орлого хамаагүй бага байсан. Шинэ гладиаторууд нэг тулаанд хэдхэн зуун сестерци хүртэх бол, чадварлаг тулаач хэдэн мянгаар нь олох боломжтой байв. Гладиаторууд мөнгөн төлбөрөөс гадна үнэт металл, тансаг хувцас, хоол хүнс зэрэг үнэтэй бэлгийг авна. Эцэстээ гладиаторуудын хувьд, хөлс, орлого, хангамжаас илүүтэйгээр хамгийн том шагнал нь эрх чөлөө байжээ. Максимусын хувьд цалин хөлс, урамшуулал, тэр бүү хэл, эрх чөлөө санааг нь огт чилээхгүй байсан ба үүний оронд, Коммодиусаас гэр бүлийнхээ өшөөг авах, дарангуйлагчийг унагаахад л анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр зорилгоо биелүүлэн олны анхаарлыг татаж, эцэст нь Коллезеум дэх тулааны үер Коммодиустай нүүр тулна. Максимус олон нийтийн хүндлэл бишрэлийг хүлээсэнд, хүмүүс олноороо түүнийг дэмжиж байгаад айж балмагдсан Коммодиус уур хилэнгээ барьж дийлэхгүй. Харин энэ далимыг Люсилия алдалгүй төрийн эргэлт (coup d'état) хийхэд Максимусын алдар нэрийг ашиглахаар шийднэ [18] . Тэрээр Коммодиусыг түлхэн унагаж, Бүгд Найрамдах улсыг сэргээхийн тулд Максимусын үнэнч легионуудыг ашиглахаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч Коммодиус үргэлж сонор сэрэмжтэй байж, байдал нэг л сэжигтэй байгааг мэдэрч, заль ашиглан хуйвалдааныг илрүүлнэ [19] . Хэдийгээр Максимус, Люсилия нар сайтар төлөвлөсөн ч Коммодиусын урхинд унана [20] . Бардамнал, цөхрөлд автсан Коммодиус эцэст нь Максимустай тулалдаж, олон түмэнд ноёрхлоо нотлохоор шийднэ. Коммодиус ялалтаа баталгаажуулахын тулд тулааны өмнө Максимусыг нууцаар хутгална. Тэднийг цэнгэлдэх хүрээлэнд тулалдахад, цугларсан хүмүүс архиран шуугилдаж, нүд салгалгүй ажиглана. Коммодиус өрсөлдөгчөө шархдуулсан тул ялна гэдэгтээ бүрэн итгэж ихэд басамжлах ч Максимус үлдсэн хүч чадал, гэр бүлийнхнийхээ нандин дурсамжийг ашиглан зоригтой тулалдан, Коммодиусыг зэвсэггүй болгож, ялалт байгуулна. Эзэн хаан газар унахад олон түмэн “Максимус! Максимус!” хэмээн цуурайтуулан ухаална. Максимус Коммодиуст өршөөлгүй хандаж, шударга ёсыг тогтоож, дарангуйлагчийн цээжинд сэлэм зоож, аймшигт хаанчлалыг дуусгана. Коммодиус сүүлчийн амьсгаагаа авахдаа Ромын хүндэтгэлийг алдсан гэдгээ ухааран, өөрийнх нь ялагдал зөвхөн бие махбодын бус харин бэлгэдлийн шинж чанартай болохыг ойлгоно [21] . Энэ мөч ялалт мэт боловч үхлийн шарх авсан Максимус газарт унана. Тэрээр хэвтэж байхдаа эхнэр, хүү хоёр нь өөрийг нь хойд насандаа хүлээж байгаа гэж төсөөлнө. Люсилия түүний хажууд яаран очиж, Бүгд Найрамдах улсыг сэргээх хүслийг нь биелүүлэхээ амлана. Максимусын үхэл дэмий хоосон байсангүй, харин эсрэгээрээ Коммодиусын үхэл, Максимусын баатарлаг байдал нь эцэстээ улс төрийн өөрчлөлтийн хурдасгуур болжээ. Максимусын үйл, шударга ёсны төлөөх золиосны бэлэг тэмдэг болж, Ромд урьд өмнө нь эрхэмлэдэг байсан үнэт зүйл болох эр зориг, нэр төрийг эргэн сануулж, нэг захирагчийн хүсэл тэмүүллээс үл хамааран Бүгд Найрамдах улсыг улам бүр бэхжүүлсэн юм. Максимус ба гладиаторуудын ертөнцийн түүх нь Ромын эрх зүй, нийгмийн бүтцийн нарийн төвөгтэй байдлын талаар харуулдаг. Гладиаторуудын эрх зүйн статус infamis нь Ромын нийгэмд гадуурхагдсан хүмүүст тулгарч буй хатуу ширүүн бодит байдлыг онцолсон байна. Гладиаторууд нийгмийн доогуур байр суурьтай байсан ч эр зориг, олон нийтийн таашаалаар дамжуулан хүндэтгэл, тэр ч байтугай эрх чөлөөнд хүрч чаддаг байв. Lex Iulia Theatralis гэх зэрэг гладиаторуудын тулааныг зохицуулах хууль эрх зүйн тогтолцоо нь эдгээр үзвэрийг зөвхөн зугаа цэнгэл төдийгүй улс төрийн суртал ухуулга, нийгмийн хяналтын хэрэгсэл болохыг баталгаажуулдаг байжээ. Гладиаторуудын эр зориг, ур чадвар нь харгислалтай зэрэгцэн оршиж байсан нь Ромын нийгэм дэх шударга ёсны үзэл санаа, эрх мэдлийн бодит байдлын хоорондох хурцадмал байдлыг илэрхийлжээ. Максимусын нэр хүндтэй генералаас боол хүртэл, эцэст нь шударга ёсны бэлгэдэл болох хүртлээ туулсан зам нь системийн авлигын эсрэг хувь хүний эр зоригийг өгүүлнэ. Түүний Гладиатор кинонд мөнхөрсөн түүх нь харгислалын эсрэг тэмцэл, золиос, шударга ёсны төлөөх тууштай тэмцлийн тухай хүчирхэг өгүүлэмж байжээ. Гладиатор кино бол үе үеийн кино дундаас маргаангүй шилдэг нь юм. Олон мянган үзэлттэй, олон тооны рейтингийг тэргүүлсэн билээ. Гладиатор киноны дараагийн анги гарах болсон талаар зар сурталчилгаа үзээд тэсэн ядан хүлээж байгаагаа хэлмээр байна. Рассел Кроу Максимусын дүрийг сэтгэл хөдөлгөм бүтээж, Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж, кино урлагийн түүхэн дэх байр сууриа бататгасан домогт амжилт гаргажээ. Киноны өгүүлэмж нь сайн муугийн хоорондын тэмцлийг харуулсан энгийн мэт боловч, Коммодиусын ёс суртахууны хувьд оньсого мэт антагонист [22] , эрх мэдэлд шунасан, сэтгэл зүйн хувьд тарчлан зовсон эзэн хааны дүр үйл явдлын өрнөлийг улам бүр баяжуулна. “Гладиатор” кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн нь юуны түрүүнд гайхамшигт Коллезеумд өрнөдөг зүрх сэтгэлийг догдлуулсан үйл явдлуудын дараалалтай ч холбоотой. Эдгээр мөчүүдийн дэглэлт, нарийн ширийн зүйлд нямбай анхаарал хандуулсан нь зөвхөн хөгжөөх төдийгүй үзэгчдийг гладиаторуудын эрч хүчтэй тулааны дунд орсон мэт сэтгэгдэл үлдээдэг билээ. Тиймээс ч олон удаа үзсэн ч уйдахааргүй, миний хувьд Ромын эрх зүй судалж эхэлсний дараа дахин үзэхэд ямар их зүйлийг мэдээгүй байснаа, орхигдуулсан нюансуудаа олж харав. Кино үзэх зуур Ромын үед гладиаторуудын эрх зүйн зохицуулалт ямар байсан, ямар хууль тогтоомж үйлчилдэг байсан талаар мэдэх хүсэлдээ хөтлөгдөн энэхүү нийтлэлийг бичлээ [23] . Зүүлт тэмдэглэл [1] Коллезеум (Colosseum, Coliseum) нь эртний Ромын бэлгэдэл бөгөөд дэлхийн хамгийн алдартай дурсгалт газруудын нэг юм. Италийн Ром хотын төвд, Ромын форумын зүүн талд буюу Константины нуман хаалга (Arch of Constantine) , Палатин толгодын ойролцоо байрладаг, Эскилин, Каелиан толгод руу хардаг. 50’000 үзэгч багтах боломжтой Коллезеумыг гладиаторуудын тулаан, олон нийтийн үзүүлбэр, амьтдын ан (venationes) , цаазаар авах ажиллагаа, жүжигчилсэн тоглолтуудад ашигладаг байсан. МЭ 70-80 онд Флавийн гүрний (Flavian dynasty) үед баригдсан Коллезеумыг анх Флавийн амфитеатр (Amphitheatrum Flavium) гэж нэрлэдэг байжээ. Байгууламжийг Эзэн хаан Веспасиан (Vespasian) захиалж, түүний хүү Титус (Titus) дуусгажээ. Коллезеум нь 48 метр өндөр, 189 метр урт, 156 метр өргөн, дөрвөн давхар зууван хэлбэртэй байгууламж юм. Голдуу травертин шохойн чулуу (travertine limestone) , галт уулын чулуулаг (tuff) болон тоосгон гадаргуутай бетоноор баригдсан. Гладиаторууд болон зэрлэг амьтад тулалдаж байсан төв талбайг модоор хийж, элсээр хучсан. Түүний доор амьтад, гладиаторууд, тоног төхөөрөмж байрлуулсан өрөөнүүд, гарцуудтай. Суудлын зохион байгуулалтыг нийгмийн байдлаас хамааран ялгаатай хэсгүүдэд хуваасан бөгөөд эзэн хаад болон сенаторуудын суудал нь арга хэмжээнд хамгийн ойр байрлалтай байжээ. Коллезеум нь эртний Ромын инженерчлэлийн гайхамшиг байгаад зогсоогүй архитектур, хот төлөвлөлтөд мөнхийн өв үлдээсэн билээ. Дэлхий даяар том амфитеатруудыг “Colosseum” гэж нэрлэдэг. Олон зууны турш Коллезеум нь газар хөдлөлт, чулууны дээрэм, байгалийн элэгдлээс үүдэлтэй их хэмжээний хохирол амссан ч үргэлжилсэн хамгаалалтын хүчин чармайлт, сэргээн засварлалт нь түүний бүтцийн ихэнх хэсгийг хадгалж үлдээхэд тусалжээ. Өнөөдөр Коллезеум нь Ромын жуулчдын сонирхлыг татах хамгийн алдартай газруудын нэг бөгөөд жил бүр олон сая жуулчид зочилдог. Эртний Ромын эзэнт гүрний сүр жавхлан, хүч чадлыг илэрхийлсэн Ром хот болон түүний баялаг түүхийн бэлгэдэл хэвээр байна. Коллезеумын дэлхийн соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн. [2] Гичий Ромулус, Ремус (Romulus and Remus ) нарыг хөхүүлж буй хөшөө нь Ромыг үүсгэн байгуулагчдын домгийн дүрслэл билээ. Домогт үзэгдэл нь урлаг, уран барималд дүрслэгдсэн бөгөөд хамгийн алдартай баримлуудын нэг бол Ром дахь Капитолины музейд хадгалагдаж буй “Капитолин чоно” (Lupa Capitolina) юм. Чоно нь Ром болон түүний домогт гарал үүслийн бэлгэдэл ба хүч чадлыг илэрхийлдэг. Чонын хөшөөг МЭӨ V зууны үеийн Этрускчуудын (Etruscan) бүтээл гэж үздэг ба Ромулус, Ремус нарын дүрсийг Сэргэн мандалтын үед буюу МЭ XV зууны үед нэмж оруулсан байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Ромын домогт өгүүлснээр Ромулус, Ремус нар Риа Сильвиа (Rhea Silvia) болон Ангараг бурхнаас төрсөн ихэр ах дүүс байжээ. Тэд Альба Лонгагийн (Alba Longa) хууль ёсны хаан Нумиторын (Numitor) ач хүү байв. Тэднийг өөрийн засаглалд заналхийлэхээс сэргийлэн, элэнц нагац ах Амулиус (Amulius) Тибер мөрөнд хаяхыг тушаажээ. Ихрүүдийг хийсэн сагс голын эрэг дагуу хөвж, Палатин толгодын ёроолд ирэхэд Лупа гичий (Lupa) олж, Луперкал (Lupercal) агуйд тэжээнэ. Дараа нь Фаустулус (Faustulus) хоньчин тэднийг олж, эхнэрийнхээ хамт өөрийн хүүхэд лугаа өсгөнө. Насанд хүрсэн Ромулус, Ремус нар аврагдсан газартаа хот байгуулахаар шийдэх ба тэдний хооронд шинэ хотын байршил, удирдлагын талаар маргаан үүсэж, эцэст нь Ромулус Ремусыг хөнөөнө. Ромулус Ромын цорын ганц үүсгэн байгуулагч, анхны хаан болж, хотыг өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Хөшөө нь Ром хотын гарал үүсэл, ихэр үүсгэн байгуулагчдын ач холбогдол, тэдний оршин тогтнох, хүмүүжлийн бурханлаг, гайхамшигт мөн чанарыг бэлэгддэг, Ромын соёл, түүхийн чухал бэлэг тэмдэг юм. [3] “Бүх зам Ром руу хөтөлдөг” гэсэн хэллэг нь эртний Ромын гайхалтай замын системээс гаралтай алдартай зүйр үг юм. Ромчууд эзэнт гүрнийхээ алс холын булангуудыг Ромтой холбосон тууш хөндлөн тавьсан замын сүлжээ нь Ром руу буцах зориулалттай байсан. Энэхүү өргөн хүрээтэй дэд бүтэц нь Ромын Эзэнт гүрэн даяар аялал, харилцаа холбоо, худалдааг хөнгөвчилсөн байдаг. “Viae” гэгддэг нарийн, бат бөх замууд нь олон давхар материалаар бүрхэгдсэн тогтвортойн дээр ус зайлуулах системтэй инженерийн гайхамшиг байв. Ромын хамгийн алдартай замын тоонд Ромыг Италийн өмнөд хэсэгтэй холбосон Аппианы зам (Via Appia) болон баруун эрэг рүү хүргэдэг Аурелийн зам (Via Aurelia) орно. Эдгээр замууд нь арми, албан тушаалтнууд, бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хөнгөвчилж, Ромын хяналт, нөлөөг бэхжүүлсэн. Ромын замууд нь Ромын төв хүртэлх зайг зааж өгсөн чухал цэгүүдийн (milarium) тэмдэглэгээтэй байсан нь эцэст нь бүх замууд нийслэлд хүргэдэг гэсэн санааг бататгасан юм. Харин дүрслэлийн утга нь өөр өөр зам, аргууд нь нэг нийтлэг зорилго, эсвэл үр дүнд хүргэнэ гэдгийг илэрхийлдэг философийн ойлголт юм. Энэ нь уян хатан, хандлагын олон талт байдлыг онцолж, ижил үр дүнд хүрэх олон арга зам байгааг илэрхийлнэ. [4] Гладиатор кино нь түүхэн үйл явдал, дүрүүдээс санаа авсан, Ромын гладиаторуудын тулаан, улс төрийн явуулгын мөн чанарыг харуулдаг. [5] Маркус Аврелиус нь МЭ 121 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, МЭ 161-180 оны хооронд Ромын эзэн хаан байсан бөгөөд Ромын түүхэн дэх хамгийн хүндэтгэлтэй хүний нэг юм. Түүнийг харьцангуй амар амгалан, тогтвортой байдал, сайн засаглалаар тэмдэглэгдсэн “Таван сайн хаан”-ы сүүлчийнх нь хэмээн дурсдаг. Тэрээр философи, тэр дундаа стоицизмд оруулсан хувь нэмрээрээ алдартай бөгөөд үүнийгээ “Бясалгал” бүтээлдээ тусгасан байдаг. Стоицизм нь өөрийгөө хянах чадвар, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхэд хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг даван туулах арга хэрэгсэл юм. [6] Максимус нь хэдий зохиомол дүр боловч, Маркус Аврелиусын ойр дотнын генерал Маркус Нониус Макринусын бодит хүнээс санаа авсан дүр юм. Маркус Нониус Макринус бол МЭ II зууны үеийн Ромын нэрт генерал (жанжин), төрийн зүтгэлтэн байсан бөгөөд Маркус Аврелиус, Коммодиус эзэн хаадын үед алба хааж байжээ. Тэрээр сенаторын ангид харьяалагддаг, эзэн хаадын гэр бүлтэй ойр дотно харилцаатай байсан тул түүнд ихээхэн хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэсэн байдаг. [7] Максимус гэр бүлдээ буцаж очихыг хүсэж байгаа нь Ромын соёлд эрэгтэй хүн гэр бүлийг тэргүүлдэг, түүний үүрэг өндөр байсны зэрэгцээ тухайн үеийн өв залгамжлалын ач холбогдлыг онцлон харуулжээ. [8] Коммодиус МЭ 180-192 оны хооронд засаг барьсан Ромын эзэн хаан юм. Кинонд Коммодиусын хаанчлалын зарим түүхэн талыг, тухайлбал, засгийн эрхийг аван дур зоргоороо аашилсан, олонд хүндгүй байдал зэргийг тусгасан. [9] Агнат : Анх Ромын өв залгамжлалын хуулиудын дагуу өв залгамжлал нь үндсэндээ эрэгтэй удамд дамждаг агнат байжээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь өв залгамжлах боломжийг олгосон. Ромын эрх зүйд өв залгамжлагчид нь шууд үр удам (sui heredes) , агнат (удмын эрэгтэй төрөл төрөгсөд), харийнхан (нэг овог, овгийн гишүүд) зэрэг хэд хэдэн ангилалд хуваагддаг байсан. Эдгээр нь байхгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлалын дагуу өв нь улсад шилждэг байжээ. [10] Августус (Октавиан) (Gaius Octavius Thurinus) нь Юлий Цезарь түүнийг үрчилж авсны дараа Гай Юлий Цезарь Августус (Gaius Julius Caesar Octavianus) нэрийн авсан, Ромын Эзэнт гүрнийг үндэслэгч, анхны эзэн хаан юм. Тэрээр МЭӨ 27 оноос МЭ 14 онд нас барах хүртлээ Ромыг захирч байжээ. Түүний хаанчлал нь Ромын Эзэнт гүрний үндэс суурийг тавьж, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эхлүүлж, Ромын засаглал, соёл, нийгэмд мөнхийн өв үлдээжээ. [11] Ливиа Друсилла (Livia Drusilla) (ихэвчлэн Ливиа гэгддэг) нь Ромын Эзэнт гүрний улс төрд чухал үүрэг гүйцэтгэсэн Ромын нэрт эмэгтэй байв. Ливиа анх Ромын улс төрч Тибериус Клаудиус Неротой гэрлэж, Тибериус болон Друсус гэсэн хоёр хүү төрүүлжээ. Эзэн хаан Августус болон Ливиа нарын гэрлэлт хүүхэдгүй байсан ч улс төрийн хувьд ашигтай, Ромын түүхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Түүний хүү Тибериус МЭ 14 онд Августусын дараа эзэн хаан болсон. Ливиа түүний хаанчлалын үед хүчирхэг байр сууриа хадгалсаар байжээ. Түүнийг Ромын эмэгтэйчүүдийн нэр төрийн ховор хэрэг болох дарь эх (goddess) болгон шүтдэг байв. [12] Боолууд эрх чөлөө олж авах : Ромын Lex Aelia Sentia гэх зэрэг хуулиуд нь гладиаторуудад эрх чөлөө олж авах боломжийг олгосон мэт боловч, энэ нь тулааны талбарт гарамгай эр зориг гарган байж авдаг, ихэнх нь амь насаа алддаг, ховор тохиолдоно. Товчхондоо, боолуудыг хүлцэнгүй байлгаж, удирдах төрийн нэг төрлийн арга хэрэгсэл байжээ. [13] Гладиаторын тулаанууд нь энгийн нэг зугаа цэнгэл бус, харин эзэн хаад өөрсдийн хүч чадлаа харуулах, олон түмнийг тайвшруулах хэрэгсэл байв. “Талх ба цирк” (panem et circenses) үзүүлбэрүүдээр ард түмнийг баясгаж, улс төрийн асуудлаас сатааруулахын зэрэгцээ, Коммодиус шиг эзэн хаад ийм аргаар олон нийтийн дэмжлэгийг авдаг байжээ. [14] Гэрээний эрх зүй дэх гэрээг заавал биелүүлэх ёстой (pacta sunt servanda) , хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх асуудал (res judicata) гэх зэрэг Ромын эрх зүйн зарчмууд нь орчин үед ч хэрэглэгдсэн хэвээр байна. Кинонд хуулийг сахидаг нийгмийн бүтцийг дүрслэн, Ромын эрх зүйн мөнхийн өвийг шууд бусаар харуулжээ. [15] Сестерци нь эртний Ромд ашиглагдаж байсан зоос, мөнгөний нэгж юм. Сестерцийг анх Ромын Бүгд Найрамдах улсын үед МЭӨ 211 онд нэвтрүүлсэн. Сестерци гэдэг нэр нь “хоёр хагас” гэсэн утгатай “sestertius” латин үгнээс гаралтай. Сестерци нь анх 2.5 ассын (asses) (өөр нэг Ромын зоос) үнэтэй байв. Эрт үеийн сестерцийг мөнгөөр хийдэг байсан бол Ромын Эзэнт гүрний үед ихэвчлэн хүрэл, эсвэл гуулиар хийдэг болсон. Сестерци нь Ромын өөр нэг нийтлэг зоос болох нэг динарийн (denarius) дөрөвний нэгтэй тэнцэж байв. Тодруулбал, 1 сестерци = 4 асс; 1 сестерци = 1/4 динар. [16] Неро (Lucius Domitius Ahenobarbus) нь МЭ 54-68 онд захирч байсан Ромын тав дахь эзэн хаан юм. Эзэн хаан Нероныг Ромын хамгийн муу эзэн хаадын нэг, дарангуйлал, үрэлгэн байдал, ёс суртахууны ялзралын бэлгэдэл хэмээн дурсдаг. Түүний засаглалыг үнэмлэхүй эрх мэдэл хэрхэн туйлын авлигад хүргэж болдгийн жишээ болгон дурддаг. [17] Спикулус (Spiculus) нь МЭ I зуунд амьдарч байсан Ромын алдартай гладиатор юм. Тэрээр Эзэн хаан Нерогийн үед өөрийн тулааны онцгой ур чадвар, олон тооны ялалтуудын ачаар алдар нэр олж авсан. Бусад гладиаторуудын нэгэн адил, тэрээр гладиатор болохоосоо өмнө боол, эсвэл олзлогдогч байсан байх магадлалтай. Тоглоом, зугаа цэнгэлд дуртайгаараа алдартай Эзэн хаан Неро, Спикулусыг маш их хайрладаг тул түүнийг цэнгэлдэх хүрээлэнд гайхалтай тулаан үзүүлснийх нь төлөө эд баялаг, тэр ч байтугай түүнийг боолоор шагнаж байсан талаар түүхэн эх сурвалжид (Светониус зэрэг Ромын түүхчдийн бүтээлүүд) тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь түүний статусыг ердийн гладиатораас илүү өндөрт өргөж, түүнийг Ромын нийгэмд чинээлэг, нэр хүндтэй хүн болгосон. [18] Ром дахь эмэгтэйчүүдийн байр суурь : Хэдийгээр Лусилая нь өндөр боловсролтой, стратегич сэтгэлгээтэй ч нийгэмд эмэгтэй хүний хувьд хязгаарлагдмал эрх мэдэлтэй байсан нь эртний Ромын нийгмийн хэм хэмжээг харуулна. Гэсэн хэдий ч, нийгмийн дээд давхаргын гарал үүсэлтэй эмэгтэйчүүд тодорхой хэмжээний нөлөөтэй байжээ. [19] Коммодиус ба Сенатын хоорондын дайсагнал нь автократ засаглал ба бүгд найрамдахчуудын үзэл санааны хоорондох хурцадмал байдлыг илэрхийлдэг. Энэ нь эзэн хаан ба сенаторын эрх мэдэл мөргөлдөж, Ромын Бүгд Найрамдах улсаас Ромын Эзэнт гүрэнд шилжих үеийн түүхэн зөрчилдөөний тусгал юм. [20] Ёс суртахуун : Максимусын өс хонзон ба шударга ёсны хоорондын дотоод зөрчил, мөн Лусилаягийн хувийн амбиц ба сайн сайхныг тэнцвэржүүлэх ёс суртахууны эргэлзээ нь Ромын нийгэм дэх хувийн ёс зүй ба олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хоёрын ээдрээтэй харилцан үйлчлэлийг тодотгож өгчээ. [21] Киноны оргил хэсэг нь Коммодиус ба Максимус хоёрын шууд сөргөлдөөнийг агуулдаг бөгөөд энэ нь сайн ба муу, шударга ёс ба дарангуйллын хоорондох эцсийн тулааныг бэлгэддэг. [22] Антагонист : Түүх өгүүлэх, дүрд дүн шинжилгээ хийн, Коммодиусыг “антагонист” (antagonist) гэж тодорхойлсон нь кинонд гол дүрийг (protagonist) эсэргүүцэж, зохиолын дотор зөрчилдөөн үүсгэж, эсрэг үзэлтэй байж, түүхийн гол зөрчилдөөнийг бий болгосныг илэрхийлсэн. Коммодиус бол Максимусын гол дайсан ба түүний үнэт зүйл, зорилго, үйлдлийг эсэргүүцдэг. Үүнээс гадна, Коммодиус эрх мэдэлд хэт шунаж, эзэн хааны байр суурийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн байгааг дүрсэлсэн байдаг. Тэрээр өөрийн эцэг Маркус Аврелиусаас урваж, түүнийг алж эзэн хаан болдог. Түүний ёс суртахуунгүй, сэтгэл зүйн тогтворгүй зан авир, харгислал нь түүнийг төвөгтэйн дээр хамгийн гол нь аюултай антагонист болгодог. Коммодиусын Маркус Аврелиусыг хөнөөсөн, Максимус, түүний гэр бүлийг алах тушаал гаргасан, улмаар Ромыг дарангуйлсан үйлдлүүд нь Максимусыг шударга ёсыг тогтоох, өшөө авахад түлхэц өгөх цуврал үйл явдлуудыг бий болгодог буюу киноны түүхийг өрнүүлдэг. Товчхондоо, киноны зохиолд протагонист ба антагонистын үнэт зүйлсийн хоорондох энэхүү ялгаа буюу Максимус нэр төр, үнэнч байдал, шударга ёсыг төлөөлдөг бол, Коммодиус заль мэх, амбиц, дарангуйллыг илэрхийлдэг. [23] Хуульч Шувуухайн нийтлэлүүдийг уншиж, үзэж сонирхоорой. Ромын гэр бүлийн эрх зүй Ромын эрх зүйн тогтолцоо Ромын эрх зүйн эх сурвалж: Нэр томьёоны тайлбар Ромын иргэд Ромын язгууртнууд (патрици) ба энгийн хүмүүс (плебей) Ромын өв залгамжлалын эрх зүй Ашигласан эх сурвалж Treggiari, S. (1993). Roman Marriage: Iusti Coniuges from the Time of Cicero to the Time of Ulpian. Clarendon Press. Gardner, J. F. (1991). Women in Roman Law and Society. Indiana University Press. Crook, J. (1984). Law and Life of Rome, 90 B.C.–A.D. 212 (Aspects of Greek and Roman Life). Cornell University Press. Wiedemann, T. (1995). Emperors and Gladiators (1st ed.). Routledge. Futrell, A. (1997). Blood in the Arena: The Spectacle of Roman Power. University of Texas Press. Potter, D. S. (2004). The Roman Empire at Bay, AD 180–395 (The Routledge History of the Ancient World) (1st ed.). Routledge. Kyle, D. G. (2000). Spectacles of Death in Ancient Rome (Approaching the Ancient World). Routledge. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #РомынЭрхЗүй #Гладиатор #РомынЭрхЗүй #ГладиаторКино #РомынТүүх #РомынГладиаторууд #РомынЭзэнтГүрэн #РомынХууль #РасселКроу #Коллезеум #Коммодиус #Максимус #РомынНийгмийнБүтэц #РомынЖендер #ЭртнийРомынХууль #РомынБоолчлол #ГладиаторынХууль #Infamis #CapitisDeminutio #РомынЦэргийнТүүх #LexIuliaTheatralis #РомынГэрБүлийнХууль #ЭзэнБоолынХарилцаа #РомынТүүхэнКино #ЭзэнХаанАвгустус #РомынГладиаторТулаан #ГладиаторКиноШүүмж #ЭзэнтГүрнийТүүх #РомынНийгмийнЯлгаа #ГладиаторынБэлтгэл #РомынГладиаторынХөлс #РомынҮзвэрҮйлчилгээ #ТүүхэнКиноСудалгаа #ШударгаЁсРом #РомынТөрийнЗохионБайгуулалт #РомынСоёл
- Хүний эрхийн үүслийн тухай онол, үзэл баримтлал, түүхэн хөгжил
Хүний эрх нь хувь хүний эрх чөлөө, шударга ёс, нийгмийн үнэт зүйлсийн салшгүй хэсэг юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад сэтгэгчид төдийгүй энгийн иргэд хүний эрхийн тухай олон янзын үзэл санаа дэвшүүлж, эдгээр нь онол болон хөгжиж, төрөл бүрийн чиг хандлагаар баяжсаар иржээ. Хүний эрхийн ойлголт нь зөвхөн эрх зүйн философиор хязгаарлагдахгүй; харин нийгмийн харилцаа, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн тогтолцооны хүрээнд ч өргөжин хөгжиж, түүний мөн чанар улам бүр нарийсаж, гүнзгийрэн тодорхойлогдсоор байна. Өнөө үед хүний эрхийг иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн, соёлын эрх, хамтын буюу олон улсын эрх гэсэн үндсэн гурав ангилж авч үздэг. Иргэний болон улс төрийн эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, шударга шүүхээр шүүлгэх зэрэг хувь хүний эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох эрхийг агуулна. Эдийн засаг, нийгмийн, соёлын эрх нь боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зохистой амьдралын нөхцөлөөр хангагдах зэрэг хүний амьдралын чанарт шууд нөлөөлөх эрхийг багтаана. Хамтын буюу олон улсын эрх нь ард түмний өөрийн хувь заяагаа тодорхойлох, хөгжлийн эрхээ эдлэх, тогтвортой хөгжилд оролцох, энх тайван, аюулгүй орчинд амьдрах зэрэг улс, үндэстний эрхийг хамруулна. Эдгээр нь хүний эрхийн салшгүй, харилцан хамааралтай болохыг илтгэх бөгөөд улс орнуудын хууль тогтоомж, олон улсын эрх зүйд тусгагдсан байдаг. Хүний эрхийн түүхэн хөгжил Хүний эрхийн хөгжлийг түүхэн үечлэлээр авч үзвэл эртний үеэс эхлэлтэй. Вавилоны хууль (МЭӨ 1750), Кирийн тунхаг (МЭӨ 539), Ромын эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийн суурь ойлголтуудыг агуулж байв. Дундад зууны үед Магна Харти (1215), Исламын ёс зүйн сургаал, Күнзийн сургаал хүний эрхийн ойлголтыг улам гүнзгийрүүлсэн байдаг. Харин соён гэгээрлийн эрин үеийн Английн Эрх чөлөөний хууль (1689), АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг (1776), Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг (1789) нь орчин үеийн хүний эрхийн суурийг тавьжээ. XIX-XX зуунд боолчлолын эсрэг хөдөлгөөн идэвхжиж, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948) баталсан нь хүний эрхийн олон улсын тогтолцоог бүрдүүлсэн юм. Орчин үед олон улсын гэрээ хэлэлцээр, дижитал эрх, байгаль орчны эрх зэрэг шинэ үзэл баримтлал нэмэгдэж байна. Хүний эрх нь шашин, ёс суртахууны зарчимтай салшгүй холбоотой үүсжээ. Тухайлбал, Вавилоны МЭӨ 1750 оны Хаммурапийн хуульд [1] “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэх харилцан хариуцлагын буюу талеоны зарчим [2] тусгагдсан бөгөөд тухайн үеийн шударга ёсыг тогтоох нэгэн арга байв. Энэхүү зарчим нь зөвхөн Хаммурапийн хуулиар хязгаарлагдахгүй, Хуучин гэрээ (Exodus 21:23-25) [3] , Исламын Шариатын хууль, Ромын эрх зүй зэрэг шашны болон эрх зүйн бусад тогтолцоонд ч ажиглагддаг. Гэхдээ энэ зарчим нь язгууртан, энгийн иргэн , боолын хувьд харилцан адилгүй хэрэгждэг байжээ. Тухайлбал, язгууртан хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ижил хариу авдаг бол боолын хувьд зөвхөн торгууль төлөх байдлаар шийдвэрлэдэг байв. МЭӨ III зуунд Хятадад Күнзийн сургаал өргөн дэлгэрч, засаглал шударга байх ёстой, хүмүүнлэг байх нь нийгмийн зохистой байдлын үндэс гэсэн зарчмуудыг дэвшүүлжээ. Харин МЭӨ 500 онд Буддын сургаалаар дамжуулан хүн бүр адил үнэ цэнтэй, энэрэнгүй байх ёстой гэсэн ойлголт төлөвшсөн байна. Грек, Ромын философи нь МЭӨ VI-IV зуунд хөгжлийн оргил үедээ хүрч, Сократ [4] , Платон [5] , Аристотель [6] зэрэг софистууд хууль ба ёс суртахуун хэрхэн уялдах ёстой талаар онолдож эхэлжээ. Стоицизмын [7] үзэл санааг хөгжүүлсэн Сенека [8] , Цицерон [9] нар байгалийн хууль оршин байдаг бөгөөд хүн бүр түүнтэй нийцсэн төрөлх эрхтэй гэж үзсэн байдаг. Тэд хүний эрхийг байгалийн хуулийн хүрээнд тайлбарлаж, хүн төрөх, амьдрах, үхэх нь байгалийн жам тул эдгээртэй холбоотой эрх зайлшгүй оршин байдаг хэмээн онол дэвшүүлжээ. МЭӨ 450 онд Ромд Бүгд найрамдах засаглалтай холбоотойгоор иргэдийн эрхийг тодорхойлсон анхны бичмэл хууль болох Арван хоёр хүснэгтийн хууль (Lex Duodecim Tabularum) батлагджээ. Энэ хууль нь Ромын эрх зүйн суурийг тавьж, бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг тодорхойлсон ч язгууртан болон харц ардын эрхийн ялгаа хадгалагдсан байв. МЭ 212 онд Ромын эзэнт гүрний хаан Каракалла (Caracalla) [10] Антонины зарлигаар (Constitutio Antoniniana) бүх чөлөөт иргэдэд Ромын иргэншил олгосноор тэд хууль ёсны эрх эдлэх боломжтой болсон. Энэ нь иргэншил ба эрх зүйн харилцааг өргөжүүлж, хүний эрхийн ойлголт хуульчлагдсан томоохон түүхэн үйл явдал байжээ. Дундад зууны үед хүний эрхийн хөгжилд Христийн шашин болон Исламын Шариатын хууль чухал нөлөө үзүүлсэн байдаг. Их Британид 1215 онд батлагдсан Магна Харти (Magna Carta Libertatum) нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, язгууртнуудын (барон) эрхийг хамгаалсан анхны баримт бичгийн нэг байв. Энэ нь шүүх эрх мэдлийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, шударгаар шүүлгэх эрх зэрэг үзэл санааг агуулсан бөгөөд хожим үндсэн хуульт засаглалын эхлэл болжээ. Исламын ертөнцөд 622 онд Мединагийн гэрээ (Constitution of Medina) батлагдаж, Исламын Шариатын хуулийн үндэс суурийг тавьсан. Энэхүү гэрээ нь “Бүх хүн Аллахын өмнө эрх тэгш байх ёстой” гэсэн үзэл санааг агуулсан төдийгүй, шашин хоорондын нийцлийг хангасан эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн. Улмаар Исламын хуульд (Шариат) шударга ёс, нийгмийн хамгааллын тухай зарчмууд хөгжсөн байна. Шинэ үеийн хүний эрхийн хувьсгал XVII-XVIII зуунд өрнөж, хүний эрхийг хуулиар баталгаажуулах, төрийн дэглэмийг хязгаарлах шинэ үзэл санаанууд хөгжсөн байна. 1689 онд Англид батлагдсан Эрхийн тунхаг (Bill of Rights) нь хааны эрх мэдлийг хязгаарлаж, парламентын бүрэн эрхийг дээдэлсэн анхны хууль зүйн баримт бичгүүдийн нэг байв. Энэхүү тунхаг нь иргэдийн үг хэлэх, сонгох эрхийг хамгаалах суурь баримт бичиг болсон бөгөөд орчин үеийн үндсэн хуульт хаант засаглалын үндсийг тавьсан билээ. 1776 онд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал (Declaration of Independence) батлагдаж, “Бүх хүн төрөлхтөн тэгш эрхтэй төрсөн” гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Томас Жефферсоны [11] удирдан боловсруулсан уг тунхаг нь Жон Локкийн [12] жам ёсны эрхийн онолын нөлөөг шингээж, хүн бүр амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргал эрэлхийлэх төрөлх эрхтэй гэж тунхагласан. 1789 онд Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen) батлагдаж, эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн (Liberté, Égalité, Fraternité) зарчмуудыг тодорхойлсон. Францын хувьсгалын нөлөөгөөр боловсруулагдсан энэхүү тунхаг нь улс төрийн болон иргэний эрхийг хуульчлан баталгаажуулсан бөгөөд хүний эрхийн орчин үеийн концепцийн үндэс болжээ. XIX-XX зууны үед боолчлолын эсрэг хөдөлгөөн эрчимжиж, АНУ-д иргэний дайн (1861-1865) өрнөсөн. 1863 онд Ерөнхийлөгч Абрахам Линкольн [13] боолчлолыг эцэслэх “Боол чөлөөлөх тунхаглал” (Emancipation Proclamation) гаргасан нь хүний эрхийн түүхэнд томоохон дэвшил болжээ [14] . Улмаар 1865 онд АНУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар нэмэлт өөрчлөлт (13th Amendment) батлагдаж, боолчлолыг бүхэлд нь халсан байдаг. Үүнтэй зэрэгцэн олон улсын хэмжээнд хүний эрхийг хамгаалах анхны томоохон алхмууд хийгдсэн. 1864 онд Женевийн конвенцын анхны хувилбар буюу “Дайны үед шархадсан цэргүүдийн эрхийг хамгаалах тухай анхны Женевийн конвенц” батлагдсан. Энэхүү конвенц нь олзлогдсон дайчид болон шархадсан цэргүүдийг хамгаалах, улаан загалмайн хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх анхны олон улсын баримт бичиг болсон. Харин “Олзлогдсон дайчдын эрхийг хамгаалах тухай Гуравдугаар Женевийн конвенц” 1929 онд батлагдсан бөгөөд 1949 онд шинэчлэгдэн хүчин төгөлдөр болжээ. XX зуунд хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллагууд байгуулагдсан байдаг. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (International Labour Organization, ILO) 1919 онд үүсгэн байгуулагдаж, хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрхийг хамгаалах олон улсын стандарт тогтоож эхэлсэн байна. Дэлхийн II дайны үеэр гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийг хүний эрхийг хамгаалах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Үүний үр дүнд 1945 онд НҮБ байгуулагдсан бөгөөд хүний эрхийг хамгаалах үндсэн зорилтыг тодорхойлсон юм. Үүний дараагаар, 1948 онд НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (Universal Declaration of Human Rights) батлагдсан нь анх удаа бүх хүний заяагдмал, салшгүй эрхийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн баримт бичиг болсон билээ. Энэхүү тунхаглал нь эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг биш боловч улс орнуудын үндсэн хуулийн хөгжил, хүний эрхийг хамгаалах олон улсын механизмын үндэс болсон юм. Тунхаглалын дараа 1966 онд хүний эрхийг олон улсын хэмжээнд эрх зүйн үүрэг бүхий баримт бичгүүдээр баталгаажуулах зорилгоор олон улсын гэрээнүүд батлагдсан. “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” (International Covenant on Civil and Political Rights, ICCPR) - Хувь хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой. Үүнд: Үг хэлэх эрх Хэвлэн нийтлэх эрх чөлөө Сонгох, сонгогдох эрх Шударга шүүхээр шүүлгэх эрх гэх мэт орно. “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт” ( International Covenant on Economic, Social and Cultural Rights, ICESCR) - Хувь хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах зорилготой. Үүнд: Ажил эрхлэх Боловсрол эзэмших Эрүүл мэндийн үйлчилгээ авах Нийгмийн хамгаалалт зэрэг багтана. Эдгээр баримт бичиг нь улс орнуудыг хүний эрхийн олон улсын стандарт мөрдөх хууль зүйн үүрэг хүлээхэд чиглэсэн бөгөөд улс орнууд нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжоо олон улсын стандарттай нийцүүлэх шаардлагатай болсон. Орчин үед хүний эрхийг олон улсын хэмжээнд хамгаалах тогтолцоо бүрэлдэн хөгжиж, дэлхий даяар тэгш байдлыг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. 2002 оноос эхлэн Олон улсын эрүүгийн шүүх (International Criminal Court, ICC) үйл ажиллагаагаа явуулж, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргүүдийг шийдвэрлэх болсон. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдэд олон улсын хэмжээнд хариуцлага хүлээлгэх боломж бүрдүүлсэн ч зарим улс орон уг шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Мөн цахим хувьсгал өрнөхийн хэрээр хувийн нууц, мэдээлэл хамгаалах нь хүний эрхийн тулгамдсан асуудал болж, улмаар цахим эрх чөлөө (digital freedom) гэх ойлголт бий болжээ. Өнөөдөр олон улс хувийн мэдээлэл хамгаалах бодлого боловсруулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байна. Үүнээс гадна, хүйсийн тэгш байдал олон улсын анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд жендерийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, бодлогын шинэчлэлүүд улс орнуудад өрнөж байна. НҮБ-аас баталсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW, 1979) болон бусад гэрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэгджээ. Мөн орчин үед уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал нь хүний эрхтэй салшгүй холбоотой гэж үзэж, байгаль орчны эрх (environmental rights) гэх ойлголт өргөн дэлгэрч байна. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс эрүүл, тогтвортой хүрээлэн буй орчинд амьдрах эрхийг хүний суурь эрх гэж хүлээн зөвшөөрсөн нь энэ чиглэлийн хөгжлийг шинэ шатанд гаргасан байна. Хүний эрхийн хөгжил олон зуун жилийн туршид өрнөж, философи, шашин, хууль зүй, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хөгжиж ирсэн байна. Эртний шашны сургаал, философийн онолуудаас эхлэн Магна Харти, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал, Францын Хүний ба иргэний эрхийн тунхаг, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын түүхэн баримт бичиг нь орчин үеийн хүний эрхийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр баримт бичгийн нөлөөгөөр улс орнууд хүний эрхийг хуульчлан баталгаажуулах, олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах механизмыг хөгжүүлэх чиглэлд томоохон ахиц гаргасан. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах асуудал нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хүний эрхийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаатай нягт уялдан хөгжиж байна. Хүний эрхийн үүслийн онол, үзэл баримтлал Хүний эрхийн үзэл баримтлал нь хүний төрөлх эрх, эрх чөлөөг хэрхэн ойлгож, хамгаалах ёстойг тайлбарладаг философи, улс төр, хууль зүйн онолуудын нэгдэл юм. Хүний эрхийн үүслийг тайлбарлах олон төрлийн онол хөгжиж ирсэн бөгөөд тэдгээр нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хэрэгжилтийн талаар өөр өөр байр суурь илэрхийлсэн байдаг. Эдгээр үзэл баримтлал нь хүний эрхийн мөн чанар, үүсэл, хэрэгжилт, хязгаарлалт, хамгааллын механизмуудыг тодорхойлох үндэс суурь болдог. Хүний эрхийн талаарх онолууд “Хүний эрхийг ямар үндэслэлтэйгээр тогтоож, хамгаалах ёстой вэ?” гэсэн асуултад өөр өөр байр сууринаас хариулдаг. Үндсэн үзэл баримтлалуудыг жам ёсны эрхийн онол, либерализм, позитивизм, марксизм, социал демократ үзэл, орчин үеийн олон улсын хүний эрхийн онол гэх зэргээр ангилж болно. Эдгээр онол нь хүний эрхийн мөн чанар, гарал үүсэл, хязгаар, түүнчлэн төр ба нийгмийн харилцаанд хэрхэн хэрэгжих ёстой талаар өөр өөр байр суурьтай байдаг. Гэсэн хэдий ч бүгд хүний үндсэн эрх , эрх чөлөөг хамгаалах нийтлэг зорилготой ба хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах, хуульчлах, хэрэгжүүлэх гэсэн суурь зарчимд тулгуурладаг байна. Жам ёсны эрхийн онол (Natural Rights Theory) Жам ёсны эрхийн онол нь хүний эрх төрөөс үл хамааран, байгалиас заяагдсан төрөлхийн гэж үздэг. Энэ онолын дагуу хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх үндсэн эрхтэй бөгөөд төр эдгээр эрхийг олгодог бус, зөвхөн хамгаалах үүрэгтэй гэж тайлбарладаг. Жон Локк жам ёсны эрхийн онолыг хөгжүүлж, амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрх нь хүн бүрийн салшгүй төрөлхийн эрх бөгөөд төр нь зөвхөн эдгээр эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзжээ. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглалын үндэс болж, хүний төрөлхийн эрхийг төрөөс дээгүүр тавих онолын суурийг тавьсан. Жам ёсны эрхийн үзэл санаа нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал (1776), Францын Хүний болон иргэний эрхийн тунхаглал (1789) зэрэг түүхэн баримт бичигт тусгагдаж, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалын нэг болсон. Энэ онол нь хүний эрх, хууль дээдлэх ёс, төрийн хязгаартай эрх мэдэл , хувь хүний эрх чөлөө зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бүрдүүлсэн юм. Энгийнээр хэлбэл, жам ёсны эрхийн онол нь хүний төрөлх эрхийг төрөөс ангид авч үзэж, төрийн гол үүрэг бол иргэдийн эрхийг хамгаалах явдал гэдгийг онцолдог. Түүхэн хөгжлийн явцад энэ онол нь ардчилал, хүний эрхийн олон улсын тогтолцооны үндэс болж хөгжжээ. Позитивизм (Legal Positivism) Позитивизм нь хүний эрх бол төрийн тогтоосон хууль ёсны эрх бөгөөд зөвхөн хуульчилсан тохиолдолд хүчин төгөлдөр оршин байдаг гэсэн үзэл баримтлалтай. Энэ онол нь жам ёсны эрхийн онолыг үгүйсгэж, эрх нь зөвхөн төрийн баталгаажуулсан хуулиас үүдэлтэй гэж үздэг. Жереми Бентам , Жон Остин зэрэг хуульч энэхүү онолыг хөгжүүлжээ. Жереми Бентам [15] жам ёсны эрхийн онолыг эрс шүүмжилж, жам ёсны эрх гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй, хийсвэр ойлголт бөгөөд хүний эрх зөвхөн хууль тогтоомжоор баталгаажсан тохиолдолд л бодитой гэж үзсэн. Тэрээр хууль бол төрийн тогтоосон эрх зүйн тогтолцооны нэг хэсэг бөгөөд түүнийг л хүлээн зөвшөөрөх ёстой гэж онолджээ. Жон Остин [16] энэхүү үзлийг улам хөгжүүлж, хууль бол төрийн шийдвэр бөгөөд төргүйгээр эрх зүй оршин тогтнох боломжгүй гэж тайлбарласан. Түүний үзлээр, хууль бол эрх зүйн хүчин төгөлдөр байдал бүхий команд бөгөөд төрийн тогтоосон хуулиас гадна өөр ямар нэг байгалийн эсвэл ёс зүйн эрх зүй байх боломжгүй аж. Позитивизм нь эрх зүйн реализм [17] , шүүхийн практик болон орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Гэвч зарим тохиолдолд буюу тэр дундаа авторитар дэглэм бүхий улс оронд хүний эрхийг төрийн хуулиар хязгаарлаж буйгаа зөвтгөхөд энэхүү онолыг ашигласан байдаг. XX зуунд фашист, коммунист дэглэм хуулийг төрийн дээд эрх мэдлийн хэрэгсэл болгон ашиглаж, төрийн тогтоосон хуулийн дагуу хүний эрхийг хязгаарлах боломжтой гэсэн үзлийг түгээмэл баримталсан. Энэ нь зарим улсад төрийн баталгаагүй ямар ч эрх оршин тогтнох боломжгүй гэсэн байр суурийг бий болгожээ. Позитивизм нь эрх зүйг төрийн хуульд тулгуурлан тайлбарлах чухал онол хэдий ч, зөвхөн хуульчлагдсан эрхийг хүлээн зөвшөөрөх нь зарим тохиолдолд хүний эрхийг зөрчих эрсдэл дагуулдаг байна. Тиймээс орчин үеийн эрх зүйн онол позитивизмын үзэл санааг хүний эрхийн олон улсын стандарттай хослуулан авч үзэх чиглэлд хөгжиж байна. Өнөөдөр улс орнууд үндэсний хууль тогтоомжоо олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд нийцүүлэн хэрэгжүүлэх хандлагатай болжээ. Марксист онол (Marxist Theory) Марксист онол буюу марксизм нь хүний эрхийг нийгмийн анги хоорондын тэмцэл, өмчийн харилцаатай салшгүй холбоотой гэж үздэг. Уг онол нь капиталист системийг халж, социализмд шилжсэнээр, зөвхөн ангигүй нийгэмд л жинхэнэ хүний эрх бодитоор хэрэгжинэ гэсэн санаанд тулгуурладаг. Карл Маркс [18] хүний эрхийн асуудлыг капиталист нийгмийн бүтэцтэй холбон тайлбарлаж, эрх чөлөө, шударга ёс гэх ойлголт нь үнэн хэрэгтээ өмчийн харилцаанд тулгуурласан гэж үзсэн. Түүний үзлээр, капиталист нийгэмд хүний эрх нь баячуудын ноёрхлыг хадгалах, хувийн өмчийг хамгаалах хэрэгсэл болдог тул ажилчин анги (пролетари) жинхэнэ эрх чөлөөг эдлэх боломжгүй гэж тайлбарлажээ. XX зууны социалист орнуудад хүний эрхийг энэхүү үзэл баримтлалын дагуу тайлбарлаж, хувь хүний эрхийг бус нийгмийн нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байжээ. Социалист нийгэмд хувийн өмчийг халж, нийтийн өмч, эдийн засгийн тэгш байдлыг бий болгох нь эрх чөлөөний үндэс гэж үздэг. Хүний эрхийг “нийгмийн хамтын эрх” , хувь хүний эрх чөлөөнөөс илүүтэйгээр нийгмийн нийтлэг ашиг сонирхолд нийцэх ёстой гэж тайлбарлаж, төрийн хяналтыг чухалчилдаг. Монгол Улс социалист дэглэмтэй байх үед хүний улс төрийн хийгээд иргэний эрхийг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хязгаарлан тодорхойлж, төрийн хяналтын хүрээнд авч үздэг байв. Тийм ч учраас төрийн удирдлага хүний эрхийн зохицуулалтын гол тоглогч болж, хувийн өмч гэсэн ойлголт байхгүй зөвхөн нийгмийн өмч давамгайлж байжээ. Нийгмийн гэрээний онол (Social Contract Theory) Нийгмийн гэрээний онол нь хүмүүс байгалийн төлөв байдалд эрх чөлөөтэй байсан ч аюулгүй байдлаа хангах, эрхээ хамгаалуулахын тулд төртэй гэрээ байгуулсан гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Энэхүү онолын дагуу хүмүүс тодорхой эрхээ төрд шилжүүлж, үүнийхээ хариуд төрөөс хамгаалалт авдаг гэж үздэг. Гол төлөөлөгчид болох Томас Хоббс, Жон Локк, Жан-Жак Руссо нар энэхүү онолыг өөр өөр өнцгөөс тайлбарлажээ. Томас Хоббс [19] байгалийн байдалд хүмүүс хүчирхийлэлтэй, эмх замбараагүй, амь дүйсэн амьдардаг гэж үзэж, аюулгүй байдлаа тогтвортой хангахын тулд нэгдсэн удирдлага буюу төрийг бий болгосон гэж тайлбарласан. Тэрээр хүмүүс өөрсдийн эрх чөлөөний тодорхой хэсгийг төрд шилжүүлж, хүчтэй, төвлөрсөн төрийн удирдлага (абсолют засаглал) бий болсноор л нийгэмд дэг журам тогтох боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь авторитар төрийн үзэл баримтлалын үндэс болжээ. Жон Локк, Томас Хоббсын үзлийг няцааж, төрийн гол үүрэг нь иргэдийн эрхийг хамгаалах явдал гэж үзсэн. Хэрэв төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол ард түмэн төрийг солих эрхтэй гэж тайлбарласан. Түүний үзэл санаа нь ардчилсан засаглал, эрх мэдлийн хуваарилалт, хувь хүний эрхийг хамгаалах онолын үндэс болсон юм. Жан-Жак Руссо [20] хүний эрхийг байгалийн жамаар оршин байдаг гэж үзсэн ч, нийгмийн гэрээний онолтой уялдуулан тайлбарласан. Тэрээр хүмүүс байгалийн төлөв байдалдаа эрх чөлөөтэй байсан ч, нийгэмд зохион байгуулалттай амьдрахын тулд хүмүүс төртэй гэрээ байгуулж, өөрсдийн зарим эрхээ төрд шилжүүлдэг гэж үзжээ. Энэ нь төрийг ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн санааг агуулдаг. Хэрэв төр гэрээгээ зөрчвөл ард түмэн төрийг өөрчлөх бүрэн эрхтэй гэж онолдсон. Түүний энэхүү үзэл баримтлал нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг болж хөгжжээ. Энгийнээр хэлбэл, Томас Хоббс хүчтэй төрийг дэмжсэн, Жон Локк төрийг иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзсэн, харин Жан-Жак Руссо төр бол ард түмний нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэж онолджээ. Либерализмын үзэл баримтлал (Liberalism) Либерализмын үзэл баримтлал нь хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн зорилго байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Энэ үзлийн дагуу эрх чөлөө, өмчийн эрх, хууль дээдлэх ёс нь хүний эрхийн суурь үндэс гэж үздэг. Либерализмын гол төлөөлөгчдийн нэг Жон Локк төрийн эрх мэдэл хязгаартай байх ёстой гэж үзэж, төрийн үүрэг бол иргэдийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрхийг хамгаалах явдал гэж онолдсон. Тэрээр нийгмийн гэрээний онолын нэг хувилбарыг дэвшүүлж, төр иргэдийн эрхийг хамгаалахгүй бол түүнийг солих эрхтэй гэж үзсэн нь ардчиллын суурь зарчим болсон. Харин Жон Стюарт Милл [21] хувь хүний эрх чөлөөг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг төдийгүй нийгмийн хандлагын асуудал гэж үзсэн. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчиллын үндэс суурь бөгөөд төр болон олонхын дарамтаас хамгаалагдах ёстой гэж тайлбарлажээ. Либерализмын эдгээр үзэл санаа нь өрнөдийн ардчилсан улс орнуудын үндсэн хуулийн суурь болж, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Либерализм нь цаашид сонгодог либерализм, нийгмийн либерализм зэрэг урсгалд хуваагдаж, төрийн үүрэг, эдийн засгийн бодлогын талаар олон чиглэлээр салбарлан хөгжжээ. Социал демократ үзэл баримтлал (Social Democratic Approach) Социал демократ үзэл баримтлал нь хүний эрхийг зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлахгүй, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг чухалчлах ёстой гэж үздэг. Энэхүү үзэл нь шударга нийгэм, эрх тэгш байдал, төрийн нийгмийн үүрэг гэх зарчимд тулгуурладаг байна. Социал демократ онолын гол төлөөлөгчдийн нэг Жон Ролз [22] шударга нийгэмд хүн бүр тэгш боломжтой байх ёстой бөгөөд төр нь нийгмийн баялгийг шударга хуваарилж, иргэдийн сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй гэж үзсэн. Тэрээр “Шударга ёсны онол” ( A Theory of Justice, 1971) бүтээлд, шударга нийгэм нь зөвхөн хуулийн өмнө тэгш байх төдий бус, эдийн засгийн болон нийгмийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлажээ. Энэхүү үзэл баримтлалын дагуу хүний эрх нь зөвхөн улс төр, иргэний эрхээр хязгаарлагдахгүй, харин төрөөс бүх иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн боломжийг тэгш олгох үүргийг хүлээх ёстой гэж үздэг. Социал демократ үзэл нь Европын олон оронд хүний эрхийн бодлогын үндэс болж, Норвеги, Швед, Дани, Герман зэрэг улсад халамжийн төрийн (welfare state) тогтолцоог хөгжүүлэхэд нөлөөлсөн. Энэ нь капитализмын зах зээлийн механизм болон төрийн зохицуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоог хослуулсан загвар бөгөөд хүний эрхийг эдийн засаг, нийгмийн эрхтэй хамт хамгаалах хэрэгцээг онцолдог. Энэхүү үзэл баримтлал нь либерализмын хувь хүний эрх чөлөөг хамгаалах үзэл ба марксизмын эдийн засгийн тэгш эрхийг эрхэмлэх үзлийн дунд байр суурь эзэлж, хүний эрхийн практикт өргөн хэрэгжиж байна. Орчин үеийн хүний эрхийн онол, үзэл баримтлал (Modern International Human Rights Theory and Doctrine) Орчин үеийн хүний эрхийн онол нь хүний эрхийг бүх нийтийн бөгөөд улс орнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээгээр хамгаалах үүрэгтэй гэж үздэг. Улс орнууд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг олон улсын эрх зүйн хүрээнд баталгаажуулжээ. Хүний эрхийг хамгаалах олон улсын механизм Өнөөдөр хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц НҮБ, бүс нутгийн байгууллагууд, олон улсын шүүхүүд, трибуналуудын оролцоотойгоор хэрэгжиж байна. Эдгээр нь хүний эрхийг хамгаалах олон улсын механизм болдог. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл (UNHRC) ➠ Улс орнуудад хүний эрхийн зөрчлийг хянаж, зөвлөмж гаргадаг. Хүний эрхийн хороо ( Human Rights Committee) ➠Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хянадаг. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо (CESCR) ➠ Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийг хянадаг. Олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн шүүхүүд Олон улсын эрүүгийн шүүх (ICC) ➠ Геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэргийг шийдвэрлэдэг. Европын хүний эрхийн шүүх (ECtHR) ➠ Европын хүний эрхийн конвенцын хэрэгжилтийг хянадаг. Америкийн хүний эрхийн шүүх (IACtHR) ➠ Латин Америк дахь хүний эрхийн зөрчилтэй хэргүүдийг шийдвэрлэдэг. Африкийн хүний эрхийн шүүх (ACtHPR) ➠ Африкийн хүний болон ард түмний эрхийн асуудлыг хянадаг. Орчин үеийн хүний эрхийн онолын бусад онолоос ялгарах онцлог Хүний эрхийн орчин үеийн онол нь өмнөх онолуудын хувь хүний эрхийг төрийн дотоод хэрэг гэж үздэг ойлголтоос хальж, олон улсын хэмжээнд баталгаажуулах асуудлыг илүү онцолдог болжээ. Онол Гол санаа Жам ёсны эрхийн онол Хүний эрх нь төрөөс ангид, төрөлхийн байдаг. Позитивизм Хүний эрх нь зөвхөн хуульчлагдсан үед хүчин төгөлдөр. Нийгмийн гэрээний онол Хүний эрх төр, нийгмийн гэрээний үр дүнд оршин байдаг. Марксизм Хүний эрх ангийн тэмцэл, өмчийн харилцаатай холбоотой. Орчин үеийн хүний эрхийн онол Хүний эрх бүх нийтийн бөгөөд олон улсын эрх зүйгээр баталгаажсан байх ёстой. Хүний эрхийн үзэл баримтлал нь олон зуун жилийн турш хөгжиж, философи, шашин, хууль, улс төрийн өөрчлөлтүүдтэй уялдан хувьссаар ирсэн. Жам ёсны эрхийн онол хүний төрөлхийн, төрөөс ангид эрхийг онцолдог бол, позитивизм зөвхөн хуульчлагдсан эрхийг чухалчилдаг. Либерализм хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаардаг бол, марксизм ангийн тэмцэл, өмчийн харилцаатай холбоотой эрхийг голлон авч үздэг. Социал демократ үзэл баримтлал нийгмийн тэгш байдлыг хангахын тулд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай гэж үздэг байна. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо бүрэлдэн тогтож, улс орнууд хууль тогтоомждоо хүний эрхийн үзэл санааг тусган хэрэгжүүлж байна. 1948 оны “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” болон 1966 оны олон улсын пактууд нь хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалах суурь баримт бичгүүд болсон. Хүний эрхийн ойлголт улс төр, иргэний эрхээс гадна эдийн засаг, нийгэм, соёлын болон хөгжлийн эрх, хүрээлэн буй орчны эрх зэрэг өргөн хүрээнд хамрагдах болжээ. Гэсэн хэдий ч хүний эрхийн зөрчил байсаар байгаа бөгөөд улс орнууд шинэ сорилтуудтай тулгарч, хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйл явц тасралтгүй үргэлжилсээр байна. Ж.Танан Зүүлт тэмдэглэл [1] Хаммурапийн хуулиас жишээ: § 196: Хэрэв хүн бусдын нүдийг сохолбол түүний нүдийг мөн адил сохолж шийтгэнэ. § 200: Хэрэв хүн өөр хүний шүдийг хугалбал түүний шүдийг мөн адил хугална. [2] Талеоны системийн (Талуны зарчим) (Lex Talionis) дагуу хуучин овгийн цусан өшөө авах, хорсох занах ёсонд үндэслэсэн уламжлал баримтлан амийг амиар, цусыг цусаар төлүүлдэг байжээ. [3] Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, түлэгдсэнийг түлэгдсэнээр, шархыг шархаар, хөхрөлтийг хөхрөлтөөр төлөөс болгоно. [4] Сократ (Socrates, МЭӨ 470-399) нь эртний Грекийн философич бөгөөд ёс суртахуун, логик сэтгэлгээ, диалектик аргыг хөгжүүлж, “Өөрийгөө тань” гэсэн философийн сургаалаараа алдаршсан. [5] Платон (Plato, МЭӨ 427-347 ) нь эртний Грекийн философич бөгөөд Сократын шавь, “Улс төр”, “Идеализм” онолыг хөгжүүлж, анхны философийн сургууль болох Академийг үндэслэсэн. [6] Аристотель (Aristotle, МЭӨ 384-322) нь эртний Грекийн философич бөгөөд логик, ёс зүй, улс төр, шинжлэх ухаан, метафизик зэрэг олон салбарт онол боловсруулж, өрнөдийн философийн үндэс суурийг тавьсан. [7] Стоицизм нь сэтгэлийн хяналт, хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх, ёс суртахуунтай амьдрах зарчмууд дээр тулгуурласан эртний Грекийн философийн сургаал юм. [8] Сенека (Seneca, МЭӨ 4-МЭ 65) нь Ромын философич, улс төрч, зохиолч бөгөөд стоицизмын гол төлөөлөгчдийн нэг, хүний сэтгэлийн хяналт, амьдралын утга учир, шударга ёсны тухай сургаалуудаараа алдартай. [9] Цицерон (Cicero, МЭӨ 106-43) нь эртний Ромын улс төрч, философич, илтгэгч бөгөөд Бүгд найрамдах засаглал, хууль дээдлэх ёс, байгалийн хууль, хүний эрхийн үзэл санааг хөгжүүлсэн. [10] Каракалла (Caracalla, 188-217) нь Ромын эзэн хаан , цэргийн хатуу бодлого, харгис зан чанар, татварын шинэчлэлүүдээрээ алдаршиж түүхэнд бичигдсэн. [11] Томас Жефферсон (Thomas Jefferson, 1743-1826) нь АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч, 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалын гол зохиогч, ардчилал, хүний эрхийн үзэл санааг түгээгч улс төрч, философич байсан. [12] Жон Локк ( John Locke, 1632-1704) нь жам ёсны эрхийн онолыг хөгжүүлж, ардчилал, эрх чөлөө, хувь хүний эрхийг хамгаалах үзлийг дэвшүүлсэн Английн философич, “Либерализмын эцэг”. [13] Абрахам Линкольн (Abraham Lincoln, 1809-1865) нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Иргэний дайны үед улсыг нэгтгэн, ардчиллыг хамгаалсан удирдагч байв. [14] 1863 оны Боол чөлөөлөх тунхаглал нь бүх боолыг шууд чөлөөлөөгүй, зөвхөн Өмнөдийн босогч мужуудад хамаарч байжээ. [15] Жереми Бентам (Jeremy Bentham, 1748-1832) нь утилитаризмын онолыг хөгжүүлж, хууль зүйн реформ, нийгмийн ашиг тусыг дээдлэх зарчмыг чухалчилсан Английн философич, хуульч байв. [16] Жон Остин (John Austin, 1790-1859) нь хууль ёсны позитивизмын онолыг хөгжүүлж, хуулийг ёс суртахуунаас ангид, төрийн тогтоосон зайлшгүй дагаж мөрдөх команд гэж тайлбарласан Английн хуульч, философич байв. [17] Эрх зүйн реализм ( Legal Realism ) нь хуулийг зөвхөн бичмэл дүрэм, хууль тогтоомж биш, харин шүүхийн шийдвэр, практик хэрэглээ, бодит нөхцөл байдлаар тодорхойлогддог гэж үздэг эрх зүйн онолын чиглэл юм. Энэ үзлийн дагуу шүүгчид хууль хэрэглэж буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тухайн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн тайлбарлах ёстой гэж үздэг. [18] Карл Маркс (Karl Marx, 1818-1883) нь марксизмыг үндэслэж, ангийн тэмцэл, капитализмын шүүмжлэл, коммунист нийгмийн тухай сургаалыг хөгжүүлсэн Германы философич, эдийн засагч, улс төр судлаач байв. [19] Томас Хоббс (Thomas Hobbes, 1588-1679) нь Левиафан бүтээлдээ хүмүүс байгалийн байдалдаа хэрцгий, эмх замбараагүй амьдардаг тул хүчтэй, төвлөрсөн төрийн удирдлага хэрэгтэй гэж үзсэн Английн философич байв. [20] Жан-Жак Руссо (Jean-Jacques Rousseau, 1712-1778) нь нийгмийн гэрээний онолыг хөгжүүлж, ардчиллын үндэс суурийг тавьсан, хувь хүний эрх чөлөө, иргэний тэгш эрхийг хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлсэн Франц-Швейцар философич байв. [21] Жон Стюарт Милл (John Stuart Mill, 1806-1873) нь либерализмын гол төлөөлөгчдийн нэг бөгөөд хувь хүний эрх чөлөө, үг хэлэх эрх, жендерийн тэгш эрхийг хамгаалахыг дэмжиж, утилитаризмын онолыг хөгжүүлсэн Английн философич, эдийн засагч байв. [22] Жон Ролз (John Rawls, 1921-2002) нь шударга ёсны онолыг хөгжүүлж, нийгмийн тэгш байдал, шударга хуваарилалтын зарчмуудыг дэвшүүлсэн Америкийн улс төр, философийн сэтгэгч байв. #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ХүнийЭрх #ХүнийЭрхийнҮүслийнТухайОнол #ХүнийЭрхийнҮзэлБаримтлал #ХүнийЭрхийнТүүхэнХөгжил #МагнаХарти #ХүнийЭрхийнТүгээмэлТунхаглал #ЖамЁсныЭрхийнОнол #Позитивизм #Марксизм #Либерализм #СоциалДемократҮзэлБаримтлал #НийгмийнГэрээнийОнол #ЖонЛокк #АНУынТусгаарТогтнолынТунхаглал #ФранцынХүнийБолонИргэнийЭрхийнТунхаглал #РомынЭрхЗүй #БуддынСургаал #КүнзийнСургаал #ШариатынХууль #ХристийнИтгэл #ВавилоныХууль #ХаммурапийнХууль #ТалеоныЗарчим #ЭрхЗүйнТогтолцоо #АрванХоёрХүснэгтийнХууль #Сократ #Аристотель #Платон
- Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэг "Гэмт хэрэгт хамтран оролцох"
Гэмт хэрэгт хамтран оролцох тухай ойлголт (англ. Participation in Crime , лат. Participatio criminis ) Эрүүгийн эрх зүйд аливаа гэмт хэргийг ганц хүн үйлддэггүй, ихэнх тохиолдолд хамтран үйлдэх, санаатайгаар бүлэглэх, эсвэл төлөвлөн зохион байгуулах хэлбэрээр илэрдэг. Ийм хамтын ажиллагааг гэмт хэрэгт хамтран оролцох (Participatio criminis) гэнэ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт энэ ойлголтыг нарийвчлан зохицуулсан байдаг. Энэ нь зөвхөн гэмт хэргийг гүйцэтгэсэн хүнд хариуцлага хүлээлгэх бус, түүнд дэмжлэг үзүүлсэн бүх оролцогчийг ялгах, хариуцлага оногдуулах үндэс болдог. 📽 Кино жишээ – Татар ажиллагаа (2010) Уг кинонд банкны ажилтан Тайвнаа шударга ёсыг хамгаалан байгууллагынхаа хууль бус үйлдлийг илчилснийхээ төлөө ажлаасаа халагддаг. Хүнд өвчтэй охиныхоо эмчилгээний зардлыг олж чадахгүйд хүрсэн тэрээр гурван найзын хамт банкны хууль бус мөнгийг хулгайлах “Татар ажиллагаа”-г төлөвлөн хэрэгжүүлдэг. Тайвнаа бол санаачлагч бөгөөд зохион байгуулагч (Organizer / Ordinator) ; Тулгаа нь хуучин цагдаагийн алба хаагч, хүч хэрэглэгчийн үүрэгтэй гүйцэтгэгч (Principal offender / Auctor principalis) ; Коля бол жолооч, зугтах ажиллагааг хариуцсан хамжигч (Accomplice / Socius criminis) ; Гялбаа нь мэдээлэл, дохиоллын системийг нэвтрэн орох хакер, техникийн хамжигч. Тэдний гэмт хэргийн оролцоо, үүргийн хуваарилалт нь хамтран оролцох бүрэлдэхүүнийг бүхэлд нь харуулсан Монголын кино бүтээл юм. Гэмт хэргийг санаатайгаар, эрсдэл хүлээн байж, хамтран гүйцэтгэж буй энэхүү дүрслэл нь Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан зохион байгуулалттай гэмт хэргийн кино жишээ болно. Гэмт хэрэгт хамтран оролцохын үндсэн нөхцөл Хоёр буюу түүнээс олон хүн санаатайгаар нэгдэж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзнэ. Энэ нь урьдчилан үгсэн тохиролцсон байж болно, эсвэл үйлдэл дундуур санаа нийлэх хэлбэрээр ч явагдаж болно. Хамтран оролцогчдын ангилал Эрүүгийн хуульд хамтран оролцогчдыг дараах байдлаар ангилдаг. Үүнд: Гүйцэтгэгч (англ. Principal offender , лат. Auctor principalis ) Гэмт хэргийг биечлэн үйлдсэн этгээд бөгөөд ганцаараа, эсвэл бусадтай хамт бүлэглэн гүйцэтгэж болно. Мөн бусдыг ашиглан (насанд хүрээгүй хүн, мал, хэрэг хариуцах чадваргүй этгээд) үйлдүүлсэн тохиолдолд ч гүйцэтгэгчид тооцно. 📸 Бодит жишээ – Жеффри Дамер (Jeffrey Dahmer) АНУ-ын түүхэн дэх хамгийн харгис цуврал алуурчин Жеффри Дамер нь 1978–1991 оны хооронд 17 залуу, өсвөр насны эрэгтэй хүнийг хүчиндэж, амь насыг нь хороосон гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг бүрээ бие даан гүйцэтгэсэн, хохирогчдыг урьдчилан төлөвлөж сонгон, гэртээ аваачин хэрэг үйлддэг байсан нь гэмт хэрэгт гүйцэтгэгчийн сонгодог жишээ болж байна. Энэхүү хэргийн онцлог нь ямар нэгэн хамжигч, зохион байгуулагч байгаагүй, бүх ажиллагаа Дамерийн санаачилга, төлөвлөлт, үйлдлээр хэрэгжсэнд оршино. Түүний эсрэг хэрэгт эрүүгийн хариуцлага оногдож, бүх насаар нь хорих ял оноосон нь эрүүгийн эрх зүйн хувьд бие даан үйлдсэн гүйцэтгэгчийн хариуцлагыг илэрхийлдэг. Зохион байгуулагч (англ. Organizer , лат. Ordinator ) Гэмт хэргийг төлөвлөж, удирдаж, хэрэгжүүлэхэд чиглэл өгдөг, үүргийг хуваарилдаг этгээд. Тэднийг мөн гүйцэтгэгчид тооцдог. 📽 Кино жишээ – Fast & Furious цуврал Доминик Торетто болон түүний баг олон улсын хууль бус авто уралдаан, хулгай, хакер ажиллагаанд оролцдог. Дом нь багийн толгойлогч, төлөвлөгч, үүрэг хуваарилагч, техник-тактикийн шийдвэр гаргагч байдлаар оролцдог. Энэ нь түүнийг эрүүгийн эрх зүйн үүднээс зохион байгуулагч гэж үзэхэд бүрэн нийцнэ. Жишээлбэл, Fast Five (2011) ангид Дом багийн гишүүдээ Риогийн цагдаагийн байрыг тонон дээрэмдэх ажиллагаанд татан оролцуулж, үүрэг хариуцлага хуваарилж, бүх ажиллагааг ахлан удирддаг. Хэдийгээр тэр өөрөө зарим үед шууд оролцохгүй ч багийн гишүүдийн үйлдэл бүр түүний зохион байгуулалт, удирдлага дор явагдаж байгаа нь эрүүгийн хуульд заасан зохион байгуулагчийн хэлбэрт бүрэн хамаарна. Хатгагч (англ. Instigator , лат. Instigator ) Бусдыг гэмт хэрэг үйлдэхийг санаатайгаар өдөөсөн, уруу татсан, урамшуулсан хүнийг хэлнэ. Хөлсөөр бусдыг гэмт хэрэгт татсан ч хамрах ба хатгалтаар үйлдсэн бол хатгагч нь бараг ижил ял хүлээнэ. 📽 Цувралын жишээ – Penthouse (2020–2021) Penthouse цувралд Чу Дан Тэ хэмээх дүр нь өөрийн ашиг сонирхол, эрх мэдлээ хамгаалахын тулд бусдыг хуурч, дарамталж, уруу татан гэмт хэрэг үйлдүүлэх олон тохиолдол гардаг. Тэрээр өөрийн гараар хэрэг гүйцэтгэдэггүй боловч бусдыг хатгаж, сэдэл өгч, үр дүнг нь өөртөө ашигтайгаар зохион байгуулдаг. Жишээлбэл, тэрээр охиноо хамгаална хэмээн эхнэрээ амиа хорлоход хүргэх, хөрөнгөтэй хөршийн эсрэг гүтгэлэг тараах, сөрөг этгээдийг баримтаар шахах зэргээр биечлэн оролцоогүй ч бусдыг гэмт хэрэгт хутгасан үйлдлүүд нь эрүүгийн эрх зүйд хатгагчийн хэлбэрт хамаардаг. Ийм нөхцөлд хатгагч нь гүйцэтгэгчтэй адил хариуцлага хүлээдэг бөгөөд үйлдэл хийхийг санаатайгаар өдөөсөн, дэмжсэн нь нотлогдох л юм бол ял оногдуулах үндэслэл болно. Хамжигч (англ. Accomplice , лат. Socius criminis ) Бусдын үйлдлийг дэмжсэн, хэрэгт оролцох нөхцөлийг бүрдүүлсэн этгээдийг хэлнэ. Хамжигч гэдэг нь гэмт хэрэгт оролцсон ч гүйцэтгээгүй, тусалсан үйлдлээр оролцсон этгээдийг илэрхийлнэ. 📽 Кино жишээ – The Town (2010) Жим гэгч нь банкны дээрэмд оролцохдоо галт зэвсэг, машин зохион байгуулах үүргийг хүлээдэг. Энэ нь хамжигчийн үйлдэл болж байна. Бүлэглэн гүйцэтгэх ба зохион байгуулалттай гэмт бүлэг (англ. Organized crime group , лат. Societas criminis ) Хэрэв гэмт хэргийг урьдчилан тохиролцсон, тогтвортой бүтэцтэй, гурваас дээш хүн хамтарч үйлдсэн бол зохион байгуулалттай гэмт бүлэгт тооцно. 📽 Кино жишээ – Now You See Me (2013) Илбэчдийн баг олон улсын хуулийн байгууллагыг хуурч, банк дээрэмддэг. Тэдний тогтвортой бүтэц, үүрэг бүхий хамтрал нь зохион байгуулалттай бүлгийн сонгодог жишээ юм. Зөрж гүйцэтгэх ойлголт (англ. Excess by perpetrator , лат. Excesso criminis ) Гүйцэтгэгч хамсаатнуудын төлөвлөөгүй, тохироогүй өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бусад оролцогчид хариуцлага хүлээхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт нь зөвхөн нэг этгээдийн буруугийн тухай асуудал бус, хамтран ажилласан оролцогч бүрийн үүрэг, оролцооны зэргээс хамааран ялгаатай хариуцлага хүлээлгэх чухал суурь ойлголт юм. Энэ нь эрүүгийн бодлогын хувьд урьдчилан сэргийлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хууль зүйн нарийн зохицуулалт мөн. Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэг "Гэмт хэрэгт хамтран оролцох" #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #Зүйлчлэл #ГэмтХэрэгтХамтранОролцох #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмтХэргийнГүйцэтгэгч #ХуулийнЭтгээд #ГэмтХэргийнЗохионБайгуулагч #ГэмтХэргийнХатгагч #ГэмтХэргийнХамжигч #ЗөржГүйцэтгэх #БүлэглэнГүйцэтгэх #ЗохионБайгуулалттайГэмтБүлэг #ГэмтХэрэг #АшигОлохЗорилго #УрьдчиланНэгдэх #Үйлдэл #ЭсҮйлдэхүй #Ял #ҮүрэгОролцоо #ЯлаасЧөлөөлөх #ГэмтХэргийгУдирдах #Сумсумци #ЯлХөнгөрүүлэх #ГэмтХэргийгИлрүүлэхэдТуслалцааҮзүүлэх #ГэмтХэргийнТалаарМэдээлэлӨгөх #ЭрхБүхийБайгууллагатайХамтранАжиллах #СанаатайНэгдэжГэмтХэрэгҮйлдэх #ЗохионБайгуулалттайГэмтБүлгийнГишүүн
- Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэг "Гэмт хэрэг"
Гэмт хэргийн тухай ойлголт (англ. Concept of Crime , лат. Conceptum criminis ) Эрүүгийн эрх зүй (англ. Criminal law , лат. Ius criminale ) нь хүний эрх, нийгмийн дэг журмыг хамгаалах зорилготой хууль зүйн салбар бөгөөд энэхүү салбарын үндсэн ухагдахуун бол яах аргагүй гэмт хэрэг (англ. Crime , лат. Crimen ) юм. Гэмт хэрэг нь аливаа хүн, байгууллага, эсвэл нийгмийн эсрэг чиглэсэн, хуульд зөрчигдсөн, гэм буруутай, нийгэмд аюултай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг хангасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн тодорхойлсон нь энэ ойлголтын хууль зүйн суурийг илэрхийлж байна. Үүн дээр үндэслэн гэмт хэрэг нь хэд хэдэн үндсэн шинжээр тодорхойлогдоно. Үүнд: Нийгмийн аюултай шинж (англ. Social danger , лат. Periculum socialis ) Гэмт хэрэг нь тухайн үйлдэл буюу эс үйлдэхүй нь хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, төрийн аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хор хохирол учруулах эсвэл бодит аюул дагуулах эрсдэлийг агуулсан байдлыг хэлнэ. Энэ нь гэмт хэргийн объектив шинж бөгөөд нийгмийн дэг журамд нөлөөлөх байдал нь хамгийн гол шалгуур болдог. Гэм буруу (англ. Guilt , лат. Culpa / Mens rea ) Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохын тулд тухайн үйлдлийг хийсэн этгээд нь гэм буруутай байх шаардлагатай. Гэм бурууг дараах хэлбэрээр ангилна. Үүнд: Санаатай гэм буруу (Intentional guilt / Dolus) : тухайн хүн үйлдлийн хууль бус байдлыг ухамсарлаж, зориудаар хэрэгжүүлсэн тохиолдол. Болгоомжгүй гэм буруу (Negligent guilt / Negligentia) : хор уршгийг урьдчилан тооцох боломжтой байсан ч мэдэлгүйгээр үйлдэл хийсэн тохиолдол. Холимог хэлбэр (Mixed form of guilt) : санаатай үйлдлээс болгоомжгүй хор уршиг үүссэн тохиолдол. Эдгээр нь гэм буруугийн зарчимтай (Presumption of innocence / Praesumptio innocentiae) уялдаж, зөвхөн буруутай этгээд л эрүүгийн хариуцлагад татагдах ёстойг баталгаажуулдаг. Хууль зүйн үндэслэл (англ. Legality , лат. Principium legalitatis ) Гэмт хэрэгт тооцогдох аливаа үйлдэл нь зөвхөн Эрүүгийн хуульд урьдчилан тодорхой заагдсан байх ёстой. Хуульгүйгээр гэмт хэрэг, ял гэж үгүй буюу “Nullum crimen, nulla poena sine lege” гэсэн зарчим нь эрүүгийн эрх зүйд зайлшгүй мөрдөгдөх хэм хэмжээ юм. Энэ нь хууль зүйн тодорхой байдал, иргэний эрх хамгааллын чухал баталгаа болдог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх (англ. Criminal liability , лат. Responsabilitas criminalis ) Гэмт хэрэгт тооцогдох аливаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл (англ. Punishment , лат. Poena ) оногдуулах нөхцөлийг хангасан байх ёстой. Шүүх байгууллага нь энэ үндэслэл дээр тулгуурлан шийдвэр гаргах бөгөөд энэ нь хууль ёсны тогтолцооны үндэс суурийг бүрдүүлдэг. Гэмт хэргийн бүтэц ба төрөл Гэмт үйлдэл, эс үйлдэхүй (англ. Act or omission , лат. Actus reus ) Гэмт хэрэг нь зөвхөн хийгдсэн үйлдэл (commission) бус, хийх ёстой байсан үүргээс татгалзсан эс үйлдэхүй (omission) ч байж болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хуульд нийцэж буй эсэхээр үнэлэгддэг. Хэрэв олон удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байвал ү ргэлжилсэн гэмт хэрэг ; нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинж илэрч байвал нийлмэл гэмт хэрэг гэж үзнэ. Хохирол, хор уршиг (англ. Harm and consequence , лат. Damnum et effectus ) Гэмт хэргийн үр дагавар нь бодит хохирол болон нийгэмд учруулсан хор уршгаар илэрнэ. Монгол Улсын Эрүүгийн хуульд хохирлын хэмжээг мөнгөн нэгжээр тодорхойлсон бөгөөд “бага”, “их”, “үлэмж” гэх ангиллыг шүүх үнэлгээний үндэслэл болгодог. Гэмт хэргийн ангилал (англ. Classification of crimes ) Гэмт хэргийг ял шийтгэлийн шинж чанараар хоёр ангилна. Үүнд: Хөнгөн гэмт хэрэг (Minor crime) : хорих ялын дээд хэмжээ 5 жилээс доош, эсхүл хорих ял заагаагүй. Хүнд гэмт хэрэг (Serious crime) : хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш. Гэмт хэрэгт бэлтгэх, завдах, татгалзах Бэлтгэх (Preparation) : хэрэг үйлдэх зорилгоор зэвсэг бэлтгэх, зохион байгуулалт хийх зэрэг үйлдэл. Завдах (Attempt / Conatus) : гэмт хэрэг үйлдэхээр санаатай эхэлсэн ч гүйцэтгээгүй тохиолдол. Татгалзах (Voluntary refusal) : этгээд сайн дураар гэмт хэргийг төгсгөхөөс татгалзсан бол хариуцлагаас чөлөөлөгдөж болно. Гэмт хэрэг гэдэг нь хууль зүйн үүднээс тодорхой шинж чанартай, нийгэмд хор хохиролтой, буруутай үйлдэл бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татагддаг. Түүний бүтэц, нөхцөл, үр дагаврыг оновчтой ойлгох нь эрүүгийн бодлого боловсруулах, хүний эрхийг хамгаалах, шударга шүүхийн тогтолцоог хэрэгжүүлэх суурь болдог. Иймд гэмт хэргийн тухай ойлголт нь зөвхөн хууль зүйн ухагдахуун бус, нийгмийн шударга ёс, итгэлцлийн чухал илэрхийлэл юм. Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэг "Гэмт хэрэг" #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #ГэмтХэрэг #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ГэмБуруу #ГэмтХэргийнТухайОйлголт #ГэмтҮйлдэл #ГэмтЭсҮйлдэхүй #ГэмБуруу #ГэмБуруугийнХолимогХэлбэр #ГэмтХэргийнХохирол #ГэмтХэргийнХорУршиг #ГэмтХэргийнАнгилал #ГэмтХэрэгҮйлдэхээрЗавдах #ГэмтХэрэгҮйлдэхээсТатгалзах #НийгэмдАюултайГэмБуруутайҮйлдэл #НийгэмдАюултайГэмБуруутайЭсҮйлдэхүй #Хохирол #ХорУршиг #ЭрүүгийнХуулийнЕрөнхийАнги #ЭрүүгийнХуулийнТусгайАнги #БолгоомжгүйҮйлдэл #БолгоомжгүйЭсҮйлдэхүй #ҮргэлжилсэнГэмтХэрэг #ХэдХэдэнГэмтХэрэг #СанаатайГэмБуруу #БолгоомжгүйГэмБуруу #ХохироХорУршигтЗориудХүргэх #БолгоомжгүйГэмтХэрэг #ГэмтХэргийнШинж #ЯлынТөрөл #ЯлынХэмжээ #НоцтойХохиролХорУршиг #ИхХэмжээнийХохирол #ҮлэмжХэмжээнийХохирол #БагаХэмжээнийХохирол #ХохирлыгНөхөнТөлүүлэх #ХорУршгийгАрилгах #НөхөнТөлөхТөлбөрийнМөнгөнДүн #Шүүх #ЭрүүгийнШүүх #ХүндГэмтХэрэг #ХөнгөнГэмтХэрэг #ЯлынДээдХэмжээ #ХорихЯл #ЯлынДоодХэмжээ #ГэмтХэрэгҮйлдэхэдБэлтгэх #ГэмтХэргийгТөгсгөжЧадаагүйНөхцөлБайдал #ГэмтХэрэгҮйлдэхээрЗавдах #ГэмтХэргийгТуйлдНьХүргэх #ЭрүүгийнХариуцлага
- Эрүүгийн хууль 1 дүгээр бүлэг "Нийтлэг үндэслэл"
Эрүүгийн эрх зүйн зорилго, чиг үүрэг Эрүүгийн эрх зүй нь хүн төрөлхтөн олон зуун жилийн турш бий болгож ирсэн хамгийн үнэ цэнтэй нийгмийн үнэт зүйлс болох хүний амь, эрх чөлөө , нэр төр , нийтийн аюулгүй байдал зэрэг эрх ашигт халдсан гэмт үйлдэлд хариу өгөх, нийгмийг хамгаалах зорилготой эрх зүйн салбар билээ. Эрүүгийн эрх зүй нь зөвхөн гэмт хэргийн эсрэг тэмцэх төдийгүй, хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, нийгмийн дэг журам, шударга ёсны зарчим, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах томоохон үүргийг хүлээдэг. Эрүүгийн эрх зүйн зорилго Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь эрүүгийн хууль тогтоомжийн үндсэн зорилго юм. Тодруулбал, хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, хувийн өмчөө хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах, нийгмийн шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх зэрэг эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх замаар нийгмийн тогтвортой байдлыг хангах нь энэхүү зорилгоор тодорхойлогдоно. Эрүүгийн эрх зүйн чиг үүрэг Эрүүгийн эрх зүйн чиг үүргийг дараах байдлаар томьёолж болно: Хамгаалах чиг үүрэг : Хүний эрх, хувь хүний болон нийтийн аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалж, тэдгээрт учирч болох хохирлыг бууруулах; Урьдчилан сэргийлэх чиг үүрэг : Гэмт хэрэг гарахаас сэргийлэх бодлого боловсруулах, гэмт үйлдэл хийхийг үл зөвшөөрөх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх; Хариуцлагын чиг үүрэг : Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх, түүний хор уршгийг засах; Нийгмийн ашиг сонирхлыг хангах : Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах; Гэм буруутай этгээдийг ялгах : Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлох замаар хууль ёсны хариуцлага хүлээлгэх. Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчимтай уялдсан чиг хандлага Эрүүгийн хууль нь “гэмт хэрэг үйлдсэн хүн бүрд зайлшгүй хариуцлага хүлээлгэх”, “хууль зөрчсөн этгээдийг зөв ялган шийтгэх”, “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг зарчмыг хэрэгжүүлдэг. Ингэснээр гэмт хэргийн эсрэг үр дүнтэй тэмцэл явуулахын зэрэгцээ, гэм буруугүй хүнийг хамгаалж, эрүүгийн хариуцлагыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр, заасан журмын дагуу оногдуулна. Эрүүгийн эрх зүй нь зөвхөн шийтгэл оногдуулах хэрэгсэл бус, харин хүний эрх, нийгмийн ашиг сонирхол, төрийн аюулгүй байдал, шударга ёсны баталгаа юм. Тиймээс эрүүгийн эрх зүйн зорилго, чиг үүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимтай нягт уялдаатай бөгөөд ардчилсан төр, эрх зүйт нийгмийн суурь үндсийн нэг болж байна. "Эрүүгийн эрх зүйн зорилго, чиг үүрэг" сэдвийн хүрээний нэр томьёо, ойлголт, тайлбар Нэр томьёо, ойлголт Тайлбар Англи / Латин нэр Эрүүгийн эрх зүй Гэмт хэрэг болон түүнд оноох ялын тухай, хүний эрх, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах талаар судалдаг салбар эрх зүй. Criminal law (Ius criminale) Эрүүгийн хариуцлага Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял оногдуулах хуулийн үр дагавар. Criminal liability (Criminal responsibility) Зорилго Эрүүгийн эрх зүйн эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалт юунд чиглэж байгаа тухай ерөнхий чиглэл. Purpose / Aim Чиг үүрэг Эрүүгийн эрх зүйг хэрэгжүүлэх, хамгаалах, хяналт тавих бодит үүргүүд. Function / Role Гэмт хэрэг Эрүүгийн хуульд хориглосон, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл эсвэл эс үйлдэхүй. Crime (Crimen) Урьдчилан сэргийлэх Гэмт хэрэг гарахаас сэргийлэх, дахин үйлдэгдэх эрсдэлийг бууруулах зорилготой арга хэмжээ. Prevention (Crime prevention) Гэм буруутай этгээдийг ялгах Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хууль зүйн үндэслэлээр бусдаас ялган тогтоох. Identification of the offender / Distinction of criminal liability Нийтийн ашиг сонирхол Улс, нийгэм, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг хандлага. Public interest Хүний эрх Хүн бүрд төрөлхөөс заяасан эрх, эрх чөлөө. Human rights (Iura humana / Human rights) Эрүүгийн хууль Гэмт хэрэг болон ялын төрөл, хэмжээ, хариуцлагын тухай хууль. Criminal code (Codex criminalis) Гэмт хэрэгт хариу үйлдэл үзүүлэх Гэмт үйлдэлд эрүүгийн арга хэмжээгээр хариу өгөх, шийтгэх үйл явц. Criminal response / Reaction to crime Ял Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэл. Punishment (Poena) Шударга ёс Эрүүгийн эрх зүйн үндсэн үнэт зүйл, хууль ёсны хариуцлагыг зөв хэрэглэх зарчим. Justice (Iustitia) Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Гэмт хэрэг шалгах, прокурорт шилжүүлэх, шүүхээр хэлэлцэх зэрэг процесс. Criminal procedure Нотлох баримт Хэрэгт хамааралтай үнэн зөв мэдээлэл, баримт бичиг, гэрчийн мэдүүлэг гэх мэт. Evidence (Probatio) Эрүүгийн хууль 1 дүгээр бүлэг "Нийтлэг үндэслэл" Эрүүгийн хууль #ЭрүүгийнХууль #MongolianCriminalLaw #MongolianCriminalCode #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрүүгийнЭрхЗүй #ЭрүүгийнХуулийнЗорилго #ЭрүүгийнХуулийнЗарчим #ШударгаЁсныЗарчим #ГэмБуруугийнЗарчим #ЭрүүгийнХуулийнҮйлчлэхНутагДэвсгэр #ЭрүүгийнХуулийнҮйлчлэхХугацаа #ЭрүүгийнХуулийгБуцаанХэрэглэх Эрүүгийн эрх зүйн зарчим Хууль ёсны зарчим (англ. Principle of Legality , лат. Principium legalitatis ) нь аливаа хүнийг гэмт хэрэгт тооцох, шийтгэх үндэс нь зөвхөн өмнө нь хуульд тодорхой заасан, хэрэглэх боломжтой, тодорхой, нэг утгатай хэм хэмжээнд үндэслэсэн байх ёстой гэсэн эрх зүйн суурь зарчим юм. Өөрөөр хэлбэл, “хуульд заагаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, хуульд заагаагүй ялыг оногдуулахгүй” гэсэн зарчмыг илэрхийлдэг. Энэ нь хүний эрхийг дээдэлсэн, шударга, урьдчилан тодорхойлогдсон эрх зүйн орчныг бүрдүүлэх чухал үүрэгтэй. Түүхэн талаасаа уг зарчим нь XVIII зууны Европын эрх зүйн шинэчлэлийн үеэс эхтэй бөгөөд Францын 1789 оны Хүний болон иргэний эрхийн тунхаглалд “Ял нь зөвхөн хуулиар тогтоогдсон тохиолдолд оногдоно” хэмээн тусгагдсан байдаг. Мөн Германы эрх зүйд “хуульгүйгээр гэмт хэрэг, ял гэж үгүй” буюу “nullum crimen, nulla poena sine lege” гэсэн латин зарчмыг баталгаажуулсан нь орчин үеийн эрүүгийн хууль тогтоомжийн үндэс болсон. Энэ зарчим нь хожим нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын эрүүгийн эрх зүйн гэрээ хэлэлцээрүүдэд ч тусгагдсан байдаг. Монгол Улсын хувьд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар баталгаажсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөвхөн хуульд тулгуурлах ёстой гэж заасан. Иймд хууль ёсны зарчмыг хэрэгжүүлнэ гэдэг нь хүнийг хуульд заагаагүй үндэслэлээр яллахгүй байх, хууль хэрэглэхдээ гэнэтийн байдлаар хэн нэгэнд хохирол учруулахгүй байх, эрх зүйн тодорхой байдал, итгэлцлийг хангах суурь нөхцөл болно. Энэ нь эрх зүйт төр, хүний эрхийн хамгааллын үндсэн баталгаа юм. Шударга ёсны зарчим (англ. Principle of Justice , лат. Iustitia ) нь эрх зүйн тогтолцооны хамгийн үндсэн тулгуур ойлголтын нэг бөгөөд хүн бүрд тэгш боломж, шударга шийдвэр, хуулийн өмнө ижил байдал олгох зарчмыг илэрхийлдэг. Уг зарчмын гол агуулга нь нийгэмд шударга байдал тогтоох, зөв бурууг ялгах, шударга хариуцлага оногдуулах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэнэ. Энэ нь хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр гаргах бүхий л түвшинд мөрдөгдөх ёстой үндсэн үнэт зүйл юм. Түүхэн талаасаа шударга ёсны ойлголт эртний Грекийн философич Аристотелийн "Байгаа зүйлд нь тохирсон зүйлийг өг" гэсэн сургаалаас эхтэй. Ромын эрх зүйд шударга ёс буюу Iustitia нь иргэн, төрийн хоорондын харилцаанд эн тэнцүү хандлагыг илэрхийлдэг байсан бол хожим нь Христ итгэлийн шашны ёс суртахууны ойлголттой уялдан гүнзгийрсэн. Орчин үеийн эрх зүйд шударга ёс нь хууль дээдлэх зарчим, хүний эрхийн хамгаалалт, нийгмийн шударга хуваарилалт зэрэг үзэл баримтлалтай салшгүй холбоотойгоор хэрэглэгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд шударга ёсыг төрийн үйл ажиллагааны зарчим гэж тодорхойлсон бөгөөд бүх шатны хууль тогтоох, шүүхийн байгууллага шударга ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь зөвхөн эрүү, иргэн, захиргааны хэрэг шийдвэрлэхэд хамаарахгүй, мөн хууль тогтоомж боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын түвшинд ч баримтлагдах ёстой зарчим юм. Шударга ёсны зарчим нь хууль ёсны шийдвэрт иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, эрх зүйн тогтолцоог тогтвортой байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэм буруугийн зарчим (англ. Presumption of innocence , лат. Praesumptio innocentiae ) нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим бөгөөд тухайн этгээдийг гэм буруутайг нь нотолж шүүхийн эцсийн шийдвэр гаргаагүй цагт гэм буруугүйд тооцох ёстой гэсэн агуулгатай. Энэ зарчим нь Ромын эрх зүйн уламжлалаас гаралтай бөгөөд орчин цагийн эрх зүйд хүний эрхийн суурь ойлголт болон хөгжсөн. Түүхэн үүднээс авч үзвэл, энэ зарчим нь Европын хууль зүйн уламжлалд хүчтэй суурьшсан бөгөөд 1789 оны Францын хүний болон иргэний эрхийн тунхаглал, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг олон улсын баримт бичигт баталгаажсан байдаг. Монгол Улсын хувьд гэм буруугийн зарчим нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” хэмээн тодорхой тусгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ зарчмыг мөрдөх ёстой бөгөөд прокурор, мөрдөгч, шүүгч зэрэг бүх этгээд тухайн хүний гэм бурууг нотлох үүрэгтэй байдаг. Харин сэжигтэн, яллагдагч нь өөрийгөө буруугүй гэдгээ нотлох үүрэг хүлээдэггүй нь гэм буруугийн зарчмын гол утга юм. Энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хамгаалах төдийгүй хууль ёсны процессын шударга байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Хэрэв гэм буруугүй хүнийг ялласан бол энэ нь шударга ёсонд нийцэхгүй, эрх зүйн тогтолцоонд итгэх итгэлийг алдагдуулдаг. Тиймээс гэм буруугүйн зарчим буюу Praesumptio innocentiae нь ардчилсан, эрх зүйт төрийн гол тулгуур бөгөөд шүүх эрх мэдэл, хуулийн засаглалын үндсэн баталгаа юм.
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим
Энэхүү нийтлэлийг бичиж эхлэхдээ манай улсад 90 гаруй жил ноёрхсон төрийн дэглэмийн талаар эргэцүүлэв. ЗХУ-н нөлөөгөөр тогтсон байсан тоталитар дэглэм нь захиргаадалтад суурилсан, дарангуйлал бүхий тогтолцоо билээ. Энэ талаар зохиолч Жорж Оруэлл “Амьтны ферм” номдоо хошигносон өнгө аясаар, амьтдаар төлөөлүүлэн тухайн үеийн эрх баригчдыг болон тогтолцоог тод томруун өгүүлэн шүүмжилсэн байдаг (Оруэлл) . Фермерийн амьтад, эзэн дарангуйлагчийн эсрэг бослого өдөөж, эрх тэгш, шударга ёсны зарчимд тулгуурласан засгийг байгуулдаг ч, тун удалгүй хяналтыг авсан гахайнууд “Бүх амьтад тэгш эрхтэй” хэмээсэн зарчмыг “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим амьтад бусдаасаа илүү эрхтэй” болгон өөрчилдөг. Манай улсад өнгөрсөн үеийн тогтсон сэтгэлгээ ул мөрөө үлдээсэн гэж хэлбэл буруутахгүй байх. “Амьтны ферм” номд гардаг шиг өнөөг хүртэл төрийн эрх барьж буй этгээдүүд дур зоргоороо, хэн нэгэнд, эсвэл бүлэгт давуу байдал олгох шийдвэр гаргадаг явдал гардаг. Үүнээс үүдэлтэйгээр, Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломж боогдож, алдагдаж байна. Эрх зүйн тогтолцоо , тэр дундаа хууль тогтоомж дүрэм журам практикт хөрсөн дээр буусан байхыг тулд эрх зүйт төрийн зарчмууд, зүй зохистой соёл, нийтийн сэтгэлгээний өөрчлөлт чухал билээ. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо нь нүүдэлчдийн ёс заншил, социализмын үе, орчин цагийн ардчилсан засаглал зэрэг янз бүрийн эх сурвалжийн нөлөөгөөр түүхийн туршид томоохон өөрчлөлтийг туулж ирсэн. Өнөөгийн манай улсын засаглалын ноён нуруу нь төрийн бодлого, зохицуулалтын шударга, үр дүнтэй хэрэгжилтийг хангадаг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм. Шударга ёс, ил тод, хариуцлагатай байх зарчимд үндэслэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүний эрхийг хамгаалж, хууль дээдлэх зарчмыг баримталдаг. Энэхүү ажлыг бичихдээ, хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмууд, тэдгээрийг англи, латин хэл дээр илэрхийлсэн дүйцэх хийгээд нийцэх зарчмуудтай зэрэгцүүлэн, орчин цагийн хууль зүйн гол агуулгын тайлбарыг судалсан болно. Түүнчлэн, жишээ сэлтээр баяжуулан өөрийн дүгнэлт үзэл бодлоо илэрхийлэн буулгав. Хуулийн зарчмуудын үүсэл гарал, онолын үндэслэл Хуулийн зарчмуудын үүсэл гарлыг судалж үзвэл, хуулийн аливаа зарчим нь хэм хэмжээний адил олон зуун жилийн түүхтэй ба эртний эрх зүйн уламжлал, философийн үзэл баримтлалаас улбаатай. Тухайлбал, Месопотами, Эртний Египет, Грек, Ром зэрэг соёл иргэншилд хуулийн дагуу бүх хүнд адил тэгш хандах зорилготой, шударга ёсны тухай ойлголтуудыг агуулсан эрх зүйн анхан шатны тогтолцоог боловсруулжээ. Ромын эрх зүй , ялангуяа иргэний эрх зүй “ius civile” хэмээх ойлголт нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын зарим үндэс суурийг тавьсан (Х.Сэлэнгэ) (Д.Баярсайхан) . Ромын эрх зүйн сэтгэлгээ нь эрх зүйн байдал, хөрөнгө чинээнээс үл хамааран бүх иргэнд тэгш үйлчлэх ёстой гэсэн санааг гаргасан байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн үндэс суурь баримт бичгийн нэг болох Магна Харти 1215 нь хаан хуульд захирагддаг, хааныг оролцуулаад хүн бүр хуулийн дагуу адил тэгш, шударга ёсыг эдлэх эрхтэй гэсэн зарчмыг баталсан [1] (Ж.Цэцэгмаа) . Сэргэн мандалтын үеийн Жон Локк, Жан-Жак Руссо, Монтескье зэрэг сэтгэгч хууль дээдлэх, хуулийн өмнө эрх тэгш байх тухай үзэл санааг улам хөгжүүлсэн. Тэд нийгмийн байдал болон бусад хүчин зүйлээр ялгаварлан гадуурхахгүйгээр хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж үзжээ. Улс төрийн философийг үндэслэгчдийн нэг Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваарилах зарчмыг тодорхойлсон нь иргэний эрх чөлөө, төр хоорондын харилцааг зохицуулах хамгийн оновчтой шийдэл төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх явдлаас сэргийлдэг гэжээ (Монтескье) . Хуулийн зарчмуудыг төлөвшүүлэхэд философийн онолууд бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Платон, Аристотель, Цицерон зэрэг сэтгэгч шударга ёс, байгалийн хууль, төрийн үүргийн тухай ойлголтуудыг судалж, эрх зүйн зарчмуудыг хөгжүүлэхэд нөлөөлжээ (Платон) (Аристотель) . Үүний сацуу, эрт дээр үеэс нийгмийн ёс суртахууны зан байдал, шударга ёс, хувь хүмүүсийн эрх, үүргийн талаар сургаалууд хүн төрөлхтний шашны болон ёс суртахууны үнэт зүйлс болж, шударга, үнэнч байдал, хүний нэр төрийг хүндэтгэх зэрэг эрх зүйн зарчим, хэм хэмжээг төлөвшүүлсэн байдаг. Эрх зүйн янз бүрийн уламжлал, тогтолцоо нь түүх, соёл, институтийн нөхцөл байдалд тулгуурлан өөр өөрийн гэсэн зарчмуудыг боловсруулсан байдаг. Английн эрх зүйн уламжлалаас үндэслэсэн эрх зүйн тогтолцоо нь шүүхийн жишигт тулгуурлан цаг хугацааны явцад эрх зүйн зарчмуудыг хөгжүүлсэн бол, Европын олон оронд дэлгэрсэн, Ромын эрх зүйн нөлөөнд автсан эрх зүйн тогтолцоо нь хууль, дүрэмд эрх зүйн зарчмуудыг нэгтгэжээ. Исламын хууль, зан заншлын эрх зүй зэрэг бусад эрх зүйн тогтолцоо ч өвөрмөц зарчим, дүрэмтэй байдаг (Д.Баярсайхан) . Олон улсын эрх зүй, хүний эрхийн зарчмуудын хөгжил нь дэлхийн хэмжээнд эрх зүйн тогтолцоонд чухал нөлөө үзүүлжээ. Олон улсын гэрээ, конвенц, тунхаглал нь хүний эрхийг хамгаалах, улс хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх, дэлхийн хамтын ажиллагааг дэмжих хэм хэмжээ, стандартыг тогтоосон байдаг (НҮБ-ын Ерөнхий Ассамблей) . Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдсан тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг зарчим нь дотоодын эрх зүйн тогтолцоонд нөлөөлдөг. Хуулийн зарчмуудын гарал үүсэл нь хүн төрөлхтний түүх, философи, шашин шүтлэг, итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл, эрх зүйн эх сурвалжаас үндэслэсэн олон талт шинж чанартай ба нийгэм, соёл, улс төрийн нөхцөл байдлын улмаас хувьсан, цаг хугацааны явцад өөрчлөгдөж, дасан зохицож, нийгмийн үнэт зүйл, шударга ёсны талаарх ойлголтыг бүрэлдүүлжээ. Онолын хувьд зарчим нь нэг талаас нийтээр хүлээн зөвшөөрсөн, хуваагдах боломжгүй, тодорхой, ойлгомжтой, хоорондын зөрчилгүй, цогц тогтолцоог дэмжсэн байхыг зорьдог (Д.Сүнжид) . Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нь захиргааны эрх зүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёс, сайн засаглалын зарчмаас эхтэй. Хуулийн зарчмууд нь төрийн үйл ажиллагаа нээлттэй, шударга, хуулийн дагуу, хариуцлагатай, олон нийтийн оролцоог ханган явагдах ёстой гэсэн үндсэн ойлголтыг тусгадаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хөгжүүлэхэд Австри, Америкийн хуульч, философич, эрх зүйн позитивизмын онолын төлөөлөгч Ханс Кельзен онолын томоохон хувь нэмэр оруулсан. Тэрээр өргөн хүрээтэй эрх зүйн онолуудыг тусгаж, хуулийн тогтолцооны хүрээнд захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээ, эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хяналт, формализм ба эрх зүйн позитивизм, шүүхийн хараат бус байдал, эрх зүйн тодорхой байдлын үүргийг тодорхойлсон билээ (Кельзен) . Хууль дээдлэх ёс, ардчилсан засаглал, хүний эрх зэрэг нь хуулийн зарчмуудын онолын үндэслэл болж, процессын шударга байдал, хариуцлага, хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгддэг. Хуулийн зарчмуудыг баримталснаар захиргааны байгууллагууд тогтолцоог хууль ёсны, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулж, төр олон нийтэд итгэлийг төрүүлдэг. Эрх зүйн зарчмуудын гарал үүсэл, онолын үндэслэлийн талаар эсрэг тэсрэг үзэл бодол, шүүмжлэл байдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Хуулийн зарчмууд онолын хувьд үнэ цэнтэй хэдий ч соёл, нийгэм, улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж практикт хэрэглэхэд бэрхшээлтэй тулгардаг гэж зарим судлаачид үздэг. Түүнчлэн, хуулийн зарчмуудыг тууштай бус тайлбарлаж, хэрэглэх нь ялгааг бий болгож болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хууль зүйн зарчмуудыг прагматик асуудал, нийгмийн үнэт зүйлс зэрэг бусад хүчин зүйлээс хэдий хэмжээнд чухалчлан авч үзэх талаар эрдэмтэд өөр өөр байр суурьтай байдаг. Эдгээр ялгаатай үзэл бодол нь хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ эрх зүйн тогтолцоо, засаглалыг төлөвшүүлэхэд эрх зүйн зарчмуудын гүйцэтгэх үүргийг улам бүр тодорхой болгодог билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмууд, хууль зүйн гол агуулга Хуулийн зарчмуудыг орчин үеийн эрх зүйн тогтолцоонд Үндсэн хууль болон хуулийн заалтуудаар дамжуулан улам боловсронгуй болгож, кодчилсон байдаг. Олон улс оронд, Монгол улсад ч мөн хууль дээдлэх зарчим, төрийн эрх бүхий байгууллага түүний ажиллах хүрээ, хүлээх үүрэг, хуулийн зарчмуудыг тодорхой заасан байдаг. Зарчмуудыг Үндсэн хуульд заасан нь захиргааны эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тогтоосон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан (Монгол Улсын Үндсэн хууль) . Захиргааны ажиллагаа нь хуулиар зөвшөөрөгдсөн, эрх зүйн хэм хэмжээ, журамд нийцсэн байх ёстой гэсэн зарчмыг энэ заалтад тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” , 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.” , 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус зохицуулсан (Монгол Улсын Үндсэн хууль) Тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмуудыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичигт тусгаж өгсөн байдаг. Эдгээр хуульд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны шийдвэр гаргах үйл явцын тогтолцоог бүрдүүлж, шударга ёс, хариуцлага, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхийг заажээ. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий, үр нөлөөтэй байх ёстой аж. Үүнээс гадна, захиргааны байгууллага нь захиргааны шийдвэрээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хүмүүст мэдэгдэж, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгоно. Цаашилбал, хувь хүн өөрийн ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзах эрхтэй бөгөөд захиргааны эрх бүхий байгууллага бүх үйл явцын туршид хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй (Захиргааны ерөнхий хууль) . Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх шүүгч хараат бус байх, мэтгэлцэх зарчмыг заажээ (Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль) . Тухайлбал, латинаар “Principium iuris et aequitatis” буюу хууль ба тэгш байдлын зарчим нь шүүх шийдвэр гаргахад эрх зүйн хэм хэмжээ, шударга ёсны аль аль нь чухал. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хуулийн заалтаас гадна шударга, тэгш байдлын зарчмуудыг анхаарч үзэх ёстой зарчимтай зүй ёсоор нийцэлтэй билээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим нь захиргааны бүх үйлдлийг хуулиар зөвшөөрсөн байх ёстой хуульд үндэслэх зарчим юм. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх баригчид эрх мэдлээ дур зоргоороо буюу дарангуйлан хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах, тэдний үйлдлийг хууль ёсны, урьдчилан таамаглаж болохуйц, хууль журамд үндэслэсэн хяналтад байлгахыг баталгаажуулдаг. Энгийнээр хэлбэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэр хүрээнд захиргааны шийдвэр нь Үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байх ёстой ба захиргааны байгууллагаас хуулиас давсан хэм хэмжээ тогтоох ёсгүй. Хуульд үндэслэх зарчим нь төрийн эрх мэдлийг тогтоосон хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлэхийг баталгаажуулж, хууль дээдлэх үндсэн амлалтыг илэрхийлдэг. Бусад улс орны нэгэн адил Монгол Улсад энэ зарчмыг баримтлах нь хувь хүний эрхийг хамгаалах, хариуцлагыг дэмжих, засаг захиргааны тогтолцоог хууль ёсны болгоход зайлшгүй шаардлагатай, үүнд энэ зарчмын ач холбогдол оршино. Шуурхай тасралтгүй байх зарчим нь захиргааны эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд шуурхай тасралтгүй байх гэдэг нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шатнаас нөгөө шатанд шаардлагагүй саатал, тасалдалгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэхийг хэлнэ. Захиргааны үйл явц үр дүнтэй өрнөж, цаг тухайд нь шийдвэр гаргах, холбогдох хүмүүсийн эрхийг хамгаалах боломжийг олгодог. Шуурхай тасралтгүй байх зарчмын дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр ашиг, шударга байдал, эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг. Энэхүү зарчмын ач холбогдол нь шүүхийн анхаарлыг нэг хэрэгт төвлөрүүлж, шүүгчийн дотоод итгэл бүрдэхэд нөлөөлөх бүх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино (А.Эрдэнэцогт) . Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ардчиллын үзэл санаа, сайн засаглалын зарчим, ил тод, нээлттэй байх нь засгийн газар , байгууллага, олон нийт хоорондын итгэлцлийг бий болгоход чухал үүрэгтэй. Захиргааны үйл ажиллагаа хуульд заасан нууцаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх зарчим нь мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, оролцогч талуудад хариуцлагатай, ойлгомжтой байдлаар үйл ажиллагаа явуулах засаглалын суурь ойлголт юм. Энэхүү зарчим нь шийдвэр гаргах үйл явцыг ил тод явуулж, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлдэг ардчилсан нийгмийн язгуур билээ. Ил тод байдал нь иргэд захиргааны үйл ажиллагааг нягтлан шалгах, төрийн албан тушаалтнуудад хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага тооцох боломжийг олгодог ач холбогдолтой. Харин хуульд заасан нууц гэдэг нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хуулийн хүрээгээр хязгаарлагдахыг ойлгоно (Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль) . Захиргааны үйл ажиллагаа нь цомхон атлаа үр дүн өндөртэй байхыг нийгмийн зүгээс шаарддаг тул үр нөлөөтэй байх зарчмыг хуульд тусгасан байдаг. Захиргаа нь төсвөөс санхүүждэг байгууллагын хувьд үйл ажиллагаагаа эдийн засгийн хэмнэлтэй байдлаар зохион байгуулах нь зардал мөнгө хэмнэх гэсэн утгаараа бус, хөрөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн агуулгатай. Үүнээс гадна, хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах үр нөлөөг давхар тооцохыг ойлгоно. Зарчмын дагуу хамгийн сайн боломжит хувилбарыг сонгох үүргийг захиргааны байгууллага хүлээнэ (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал) . Ингэхдээ “Salus populi suprema lex esto” буюу ард түмний сайн сайхны төлөөх дээд хууль байх ёстой гэсэн нийтийн эрх ашиг, нийгмийн сайн сайхныг хувь хүний эрх ашгаас дээгүүрт тавих зарчмыг урьтал болгож буй нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийн бодлоготой холбоотой шийдвэр, захиргааны байгууллагаас нийтийн ашиг тусын тулд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дэмждэг байх ёстойд тулгуурлаж байна. Захиргааны үйл ажиллагаандаа баримтлах, олон чухал шалгуурыг багтаасан тусгай зарчмын нэг нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим юм. Зорилгодоо нийцсэн байх зарчим нь “Summum jus, summa injuria” буюу хэт шударга ёс бол туйлын шударга бус явдал юм гэсэн латинаар илэрхийлсэн зарчимтай дүйнэ. Энэ нь хууль бус үр дагаварт хүргэх хатуу, хэт туйлширсан тайлбарыг хэрэглэхээс сэрэмжлүүлдэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид шударга ёсыг хангах, тэнцвэргүй, хатуу үр дагавраас зайлсхийхийн тулд эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ шударга байхыг эрхэмлэдэг. Шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим нь хууль ёсны шийдвэр, захиргааны үйл ажиллагаа нь нотлох баримт, хууль, тогтоосон журамд үндэслэсэн байх ёстой гэсэн санааг илэрхийлдэг “Ex nihilo nihil fit” буюу юу ч байхгүйгээс үүсдэггүй гэсэн утгатай зарчимтай нийцнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг гаргаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулснаа нотлохыг, мэдээлэл өгөхийг шаарддаг. Товчхондоо, эрх зүйт төрийн зарчмыг захиргаанаас үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах хэмжүүр болгодог. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хуулийн албан бус тайлбарт тодорхойлсноос үзвэл: (i) захиргаанаас тухайн шийдвэрийг зөвхөн шаардлагатай үед л гаргах ёстой, (ii) зорилгод тохирсон буюу тухайн арга зам шийдвэрийн хувилбар нь хүрэхээр зорьж буй зорилгыг дэмжсэн байх, (iii) бодит нөхцөл байдалд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх гэсэн агуулгаар тайлбарлажээ (Д.Ренчиндорж) (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал) . Энэ зарчим нь бусад материаллаг хуульд туссан тусгай зарчмуудаас шүүхийн хяналтын хэмжүүр болдог, шүүхээс энэ зарчим, хуулийн заалтыг баримтлан хэрэг, маргааны шийдвэрлэдгээрээ онцлогтой аж. Латинаар “Dura lex, sed lex” буюу хууль хатуу, гэхдээ хууль гэх зарчим байдаг ба эрх зүйн дүрэм, шийдвэр нь заримдаа хатуу ширүүн, эсвэл таагүй үр дагаварт хүргэж болзошгүйг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг дагаж мөрдөх ёстойг сануулдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой гэдгийг талууд болон шүүгчдэд анхааруулдаг. Түүнчлэн хамгийн чухал нь “Principle of Proportionality” буюу тэнцвэрт байдлыг харгалзах, дэнслэх гэж дүйцүүлэн ойлгож болох зарчим үйлчилнэ. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим нь өнөө үед процессын эрх зүйн гол зарчим болон тогтсон “Audi alteram partem” буюу нөгөө талыг нь сонс гэсэн эртний Ромын үеэс эхтэй мэдэгдэх ба сонсгох гэсэн утгатай зарчим юм. Энэ зарчмын дагуу эрх зүйн маргаанд оролцогч бүх талуудад үг хэлэх боломжийг олгодог. Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдлыг хангаж, захиргааны шийдвэрт оролцож буй хувь хүн, аж ахуйн нэгжид өөрсдийн нэхэмжлэлийг танилцуулах, тэдний эсрэг гаргасан маргаанд хариу өгөх боломжийг олгодог. Зарчим үйлчилж байдгийн бодит жишээ болгон хүүхдийн тоглоомын талбай байсан газарт барилга барих болсон талаар гаргасан төрийн шийдвэрийн эсрэг хэсэг иргэдийн гаргасан өргөдлийн талаар авч үзье. Энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ, эрх нь хөндөгдөж болзошгүй байрны бусад иргэдэд зохих мэдээллийг өгч, мэдэгдэж, тэдний оролцоог хангах үүрэг хүлээнэ. Зөвхөн иргэдийн талын санаачилгаар бүх асуудлыг шийдвэрлэх бус, зөвшөөрлийн дагуу барилга барих гэж буй хуулийн этгээдийн саналыг сонсох үүрэгтэй учраас, хуулийн этгээдийн төлөөллийг шүүх ажиллагаанд оролцуулж, тэдний зүгээс нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралд үг хэлэх боломжоор хангана. Ингэснээр, шүүх аливаа ашиг сонирхлын зөрчлийг хянан шийдвэрлэж, бүх талуудын эрх, ашиг сонирхлыг процессын туршид хамгаална. Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчим нь шүүх шийдвэр гаргахад шударга, хараат бус байх шаардлагатайг онцолсон “Nemo judex in causa sua” буюу хэн ч өөрийнхөө хэрэг дээр шүүгч байх ёсгүй зарчмаас гаралтай. Энгийнээр тайлбарлавал, захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч, шийдвэр гүйцэтгэгчид хувийн ашиг сонирхол, нэг талыг барьсан хэргийг хянан шийдвэрлэхийг хориглоно. Энэ зарчим нь хувийн ашиг сонирхол болон албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн ил тод, итгэл даах байдлыг хангах онцгой ач холбогдол бүхий зарчим юм (Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал) . Энэхүү асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулжээ (Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль) . Тайлбарлавал, нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх бол, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөлийг ашиг сонирхлын зөрчил гэнэ. Улсын бүртгэлийн газрын шийдвэрийн дагуу компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн хэргээр хуралдах байсан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн гэр бүлийн хүн тус компанид ажилладаг байсан тул шүүгч тус хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах зарчим бодит амьдрал дээр хэрэгжсэн жишээ болно. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдол үүсвэл, захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч, уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй хэмээн хуульд тайлбар оруулсан байдаг. Энгийнээр хэлбэл, иргэн хууль эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр хуулийн дагуу хийж буй үйлдэл нь дагаж өөрчлөгдөхгүй гэсэн итгэлтэй байх, харин хууль өөрчлөгдөж сөрөг үр дагавар үүсэх бол захиргааны байгууллага буцаан хэрэглэж болдоггүй байна. Өөрт тохиолдсон бодит жишээг татъя. 1’072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр 256’000 төгрөгийн ногдол ашиг хүртэхээр болсон боловч банкны дансаа хаасан байсан тул авч чадаагүй би, нөхөж авахаар хүсэлт гаргаж авсан явдал нь итгэл хамгаалах зарчим үйлчилсэн жишээ юм. Ер нь бол энэ зарчим нь “Ubi jus, ibi remedium” буюу эрх хаана байна тэнд түүнийг засаж залруулах зүйл байна гэсэн утгатай ойролцоо юм. Хууль бусаар хохирсон, эсвэл хууль ёсны хохирол амссан хүмүүс гомдлоо барагдуулах, нөхөн төлүүлэх арга замыг эрэлхийлэх эрхтэй гэдгийг баталдаг ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгодог. Дүгнэлт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударга, хариуцлагатай, хууль дээдлэх ёсыг хангахад шуурхай тасралтгүй, ил тод, үр дүнтэй, үндэслэлтэй, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим нэн чухал юм. Хуулийн зарчмуудыг тус тусад нь авч үзэх бус хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөтэйгөө уялдсан цогц байдлаар харах хэрэгтэй. Нэг талаас, зарчмуудыг хуульд тусгаж өгснөөр тунхаглал төдий зүйл байхаа больж, шүүхийн хэрэглэдэг хуулийн хэм хэмжээ болдог байна. Энгийнээр хэлбэл, хуульд заасан зарчмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх үр дагавартай. Нөгөө талаас, захиргааны хэргийн шүүхүүд бэрхшээл, төвөгтэй асуудлыг даван туулахад удирдлага болговол, зохих үзэл баримтлал буюу хуулийн зарчмуудыг баримталснаар захиргааны тогтолцооны шударга байдал, хууль ёсны байдалд хувь нэмэр оруулж, төрийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг бий болгоно. Хуулийн зарчмуудыг баримтлах нь хувь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, захиргааны шийдвэр шударга, хуулийн дагуу гарахад тусалдаг. Гэхдээ “Lex specialis derogat legi generali” буюу салбар хуулийн зарчим ерөнхий хуулийн зарчмыг давах ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн тодорхой заалтууд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Үндсэн хуулийн заалтыг дээгүүрт тооцох буюу захиргааны хэргийн шүүх хуралдаанд шүүгч захиргааны тусгай хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэглэхэд эрх зүйн ерөнхий зарчмуудыг илүүд үзэх ёстой. Монгол Улсад захиргааны байгууллагууд олон нийтийн оролцоо, ил тод, хариуцлагатай байх боломжийг бүрдүүлж өгснөөр ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчмыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эцэст нь “Fiat justitia, ruat caelum” буюу тэнгэр нэргэсэн ч шударга ёс тогтох ёстой зарчмын дагуу ноцтой үр дагаварт хүргэж байсан ч шударга ёсыг хангах нь нэн чухал билээ. Б.Минжин Ашигласан эх сурвалж Монтескье, Б. д. (2009). Хуулийн амин сүнс . (Т.Төмөрхүлэг, орч.) Улаанбаатар, Монгол: Монсудар хэвлэлийн газар. УИХ. (1992, 01 13). Монгол Улсын Үндсэн хууль . Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/367 Д.Баярсайхан. (2000). Ромын эрх зүй (2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: МУИС - Адмон. Х.Сэлэнгэ. (2002). Ромын эрх зүй (2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: МУИС. Хууль зүйн сургууль - Нью-Майн. Ж.Цэцэгмаа. (2007). Гадаад орнуудын төр эрх зүйн түүх . Улаанбаатар: Сэлэнгэ Пресс ХХК. Платон. (2005). Төр улс . Улаанбаатар. Аристотель. (2006). Улс төр (2 дахь хэвлэл). Улаанбаатар, Монгол: Интерпресс. Д.Баярсайхан. (1996). Эрх зүйн онол . (Т.Мөнхжаргал, ред.) Улаанбаатар, Монгол: Уриа компани. НҮБ-ын Ерөнхий Ассамблей. (1948, 12 10). Монгол Улсын Олон улсын гэрээ: Хүний эрхийн түгээмэл тунхаглал . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/1271 Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал. (2016, 05). Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим . Jusline & Эрх зүйн мэдээлэл (003). УИХ. (2016, 02 04). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль . Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11703 Д.Ренчиндорж. (2018, 06 11). Захиргааны ерөнхий хуулийн "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг шүүхийн практикт хэрэглэсэн байдал . Legal data. Ц.Сарантуяа, А.Энхтуяа, Б.Батзул, & С.Мөнхжаргал. (2016, 01). Захиргааны хэргийн үйл ажиллагааны тусгай зарчим . Jusline & Эрх зүйн мэдээлэл (002). А.Эрдэнэцогт. (2013). Захиргааны процессын эрх зүй. Гарын авлага . Улаанбаатар, Монгол: Хууль зүйн яам; "Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төсөл. https://nli.gov.mn/gariinavlaga/Zahirgaanii%20progress.pdf Оруэлл, Ж. (2021). Амьтны ферм . (О.Тогоохүү, орч.) Улаанбаатар, Монгол: Монсудар. УИХ. (2012, 01 19). Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль . Эрх зүйн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/397 Д.Сүнжид. (2018, 04 12). Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн хяналтын үзэл баримтлал . Legal data. https://legaldata.mn/b/728# УИХ. (2011, 06 16). Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390263044601 Кельзен, Х. (2013). Хэм хэмжээний тухай ерөнхий онол . (М.Хатанбаатар, орч.) Улаанбаатар, Монгол: Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судлалын төв; Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судлалын төв. УИХ. (2015, 06 19). Захиргааны ерөнхий хууль . Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11259 Зүүлт тэмдэглэл [1] 1215 оны Эрх чөлөөний Их Харти нь хүний эрх, эрх чөлөөний институтийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан феодал ангийн баримт бичиг юм. Зарим судлаачид Магна Хартиг хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн байдаг учраас Үндсэн хуулийн дайтай эрх зүйн баримт бичиг гэдэг бол бусад нь хааны бууж өгөх тухай гэрээ ч гэж үзэх нь бий. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүй #ЖоржОруэлл #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхАжиллагааныЗарчим #ХуульдҮндэслэхЗарчим #ЭртнийРом #ШуурхайТасралтгүйБайхЗарчим #МагнаХарти #ИлТодНээлттэйБайхЗарчим #ХуулийнАминСүнс #ҮрНөлөөтэйБайхЗарчим #ЖанЖакРуссо #ЗорилгодооНийцсэнБодитНөхцөлдТохирсонШийдвэрНьҮндэслэлБүхийБайхЗарчим #ЖонЛокк #УрьдчиланМэдэгдэхОролцоогНьХангахЗарчим #АшигСонирхлынЗөрчилтэйЗахиргааныҮйлАжиллагаанаасТатгалзанГарахТатгалзанГаргахБоломжийгХангахЗарчим #Аристотель #Цицерон #Грек #ХансКельзен #ХуульЁсныИтгэлийгХамгаалахЗарчим #PrincipiumIurisEtAequitatis #ҮндсэнХууль #Платон #SalusPopuliSupremaLexEsto #SummumJusSummaInjuria #ExNihiloNihilFit #DuraLexSedLex #Монтескье #PrincipleOfProportionality #AudiAlteramPartem #NemoJudexInCausaSua #UbiJusIbiRemedium #АмьтныФерм #LexSpecialisDerogatLegiGenerali #FiatJustitiaRuatCaelum #Месопотами #ЭртнийЕгипет
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга
Захиргааны хэргийн шүүхийн хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангийн цуврал нийтлэлтэй танилцаарай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Дадлагажиж хийж гүйцэтгэсэн ажил - Шүүхийн албан хаагчдын ажлын чиг үүрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дадлагажиж хийж гүйцэтгэсэн зарим ажил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Системд эрх зүйн акт байршуулах, мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх ажил #LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #НдЗХАШШ #МэргэжлийнДадлага #Шүүх #Дадлага #Тайлан #Танилцуулга #ЗахиргааныЭрхЗүй #ЗахиргааныПроцессынЭрхЗүй #ХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ШүүхийнСтатистик #СтатистикДүнШинжилгээ #БэрхшээлБаШийдэл #АжиглалтБаСанал #ЭрхЗүйнМэдээллийнЭхСурвалж #ШүүхийнАлбанХаагчийнАжлынЧигҮүрэг #ШүүхХуралдаандАжиглагчаарОролцох